Улаан.Ч 2018.04.17 | Сайт: Vip76.mn

Ч.Улаан: Зураг төсөв батлагдсан бол бид заавал дагаж мөрдөх ёстой

Төсвийн байнгын хорооны /2018.04.17/ хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

Хуучин Төлөвлөгөөний комисс гэж байхад Норм, нормативийн хэлтсийн даргаар 5 жил ажилласан. ШУ-ны үндсэн суурь байгаа. Төсвийн төлөвлөлтийг сайжруулна гэж байгаа санаа бол зөв.  Агуулга, зорилт нь чухал төсөл. Харин Засгийн газраас өгсөн саналыг дагуулаад хийсэн өөрчлөлт нь энэ хуулийнхаа агуулгатай нийцэхгүй болж байгаа юм биш үү, эргэж хараарай. Стандартыг тохирохгүй нь гээд  мөрдөхгүй байж болдог,  ийм хууль баталж өгч болох уу? Стандартыг заавал мөрдөх ёстой. Зураг, төсөв батлагдсан бол яг л мөрдөх ёстой. Төлөвлөлтийн нормативыг энд ярьж байх шиг байна. Яг энэ зүйл дээр анхаарч ажиллавал илүү үр дүнтэй болно.

УИХ-ын гишүүн, Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

Норм, норматив, стандарт жишиг зураг төсөв үнэхээр доголдож дутагдаж байгаа. Одоо эрүүл мэнд, боловсролын салбарын төсөв аймаг хоорондоо ялгаатай байгаа. Хөөцөлдөж, ярьж чадсан нь сайн, хөөцөлдөж чадаагүй нь муу төсөв авдаг. Аймаг дээр төсөв хуваарилагдахдаа  сум сумаар ялгаатай хуваарилагдана. Дээр нь барилгын асуудал. Шинээр баригдаж байгаа сургуулиудын төсөв харилцан адилгүй байх жишээтэй. Энэ хуулийн төслийг зөв гэж харж байгаа.

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

Төсвийн шууд захирагч нар нэгжийн норм, нормативыг мөрдөнө. Төсвийн ерөнхийлөн захирагч нар томсгосон төлөвлөлтийн норматив мөрддөг. Ингээд төлөвлөлтийн төвшнөөр ялгаатай болно. Хөрөнгө оруулалт дээр анхаарах нь зөв. Гэхдээ төлөвлөлт үр дүнг бий болгохын тулд төсвийн норм норматив зөв батлах ёстой гэсэн саналыг хэллээ.