ТҮЦ эрхлэгчдийн ажлын байрыг булааж авч буй бусармаг үйлдлээ таслан зогсоо гэв
2018.05.18

ТҮЦ эрхлэгчдийн ажлын байрыг булааж авч буй бусармаг үйлдлээ таслан зогсоо гэв

Өнөөдөр “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо”-ноос мэдээлэл хийлээ. Тэд Нийслэлийн засаг дарга С.Батболд болон НИТХ-ын дарга С.Амарсайхан нарт найман шаардлага хүргүүлж байгаа аж. Шаардлагын хугацаа долоо хоног юм байна. Шаардлагыг эс биелүүлбээс тэмцлийн хурц хэлбэр сонгон тэмцэнэ гэдгээ илэрхийлээд байна.

Мөн тэд “Бидний шаардлагыг хүлээж авдаггүй, дандаа няцаах хариултыг өгч ирсэн. Хүний хувийн эзэмшлийн жижигхэн дөрвөлжнийг ачихын төлөө прокуророос зөвшөөрөл өгч ОБЕГ, МХЕГ зэрэг байгууллагууд ажиллаж байна. Ямар их цаг завтай байгууллагууд вэ. Төр засгийн удирдлагууд өөрсдөө олон газрыг зөвшөөрөлгүй авч худалдаж байгаа хэрнээ алга дарам газрыг ард түмнээсээ харамлаж байгаадаа ичих хэрэгтэй” гэв.

түргэн үйлчилгээний цэг ажиллуулан амьдрал, ахуйгаа залгуулдаг иргэд дараах шаардлага хүргүүлжээ.

1.Биднийг хүлээн авч уулзахыг шаардаж байна

2.Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жилийн төлөвлөгөөгөө бидэнд танилцуулахыг шаардаж байна

3.ТҮЦ эрхлэх зөвшөөрлийг олгохгүй, сунгахгүй байж ТҮЦ-үүдийг маань ачиж, эвдэж, хохироож буй хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж байна

4.ТҮЦ эрхлэх үйл ажиллагааг улс төржүүлэн, өөрсдийнхөө бизнес, ашиг хонжооны хэрэгсэл болгохыг таслан зогсоохыг хатуу шаардаж байна.

5.Олон жил тодорхой зөвшөөрлийн үндсэн дээр ТҮЦ эрхэлж ирсэн иргэдийнхээ амжиргааны эх үүсвэрийг баталгаажуулж ажлын байраа хадгалах, Улаанбаатар хотын аз жаргалтай иргэн байх баталгааг хангаж өгөхийг шаардаж байна.

6.Төрийн албан хаагчид, газрын албаны ажилчид, цагдаагийн байгууллагын албан хаагчид өөрсдөө болон бусадтай хуйвалдан дур зоргоороо, хүссэн газраа эмх замбараагүй ТҮЦ байрлуулан бусдад түрээслэн ашиг хонжоо буй үйл ажиллагааг таслан зогсоохыг шаардаж байна.

7.Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахыг шаардаж байна

8.Одоогийн хэвийн ажиллаж буй ТҮЦ-нүүдийн үйл ажиллагааг зогсоож БНСУ-ын аж ахуйн нэгжийн карт цэнэглэх төв нэртэйгээр байрлуулах гэж буй ТҮЦ эрхлэгчдийн ажлын байрыг булааж авч буй бусармаг үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна гэжээ.

П.УРНАА