2018.05.24

Ц.Даваасүрэн: Цэцийн гишүүд өөрсдөө хууль зөрчиж болохгүй

Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар  Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчдийн талаар хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гаргаж Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчдийг санал болгосон бөгөөд энэ саналаа тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-д хүргүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 65.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-ыг тус тус үндэслэн тус захирамжийг гаргажээ. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн байна. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

Хууль дагахгүй байна гэсэн өргөн хүрээтэй шүүмж гарч байгаа. Зарим цэцийн гишүүд хугацаан дуусчхаад байхад яагаад байгаад байгаа юм бэ? Цэц хууль зөрчөөд байж болохгүй. Энэ асуудал яагаад удсан бэ? Бусдад буруу үлгэр дууриалал болно. Шинээр сонгогдсон хүмүүс анхаарах хэрэгтэй. Шударга бус зүйлээс бид татгалзах ёстой. Шинээр нэр дэвшиж байгаа хүмүүсийг дэмжиж байна. Гэхдээ одоо л өөрсдийгөө харуулах цаг. Хуулийнхаа хүрээнд ажиллаарай. Дээрээсээ эхлээд хууль дагахгүй бол болохгүй.

Ажлын хэсэг: Хуучин Ерөнхийлөгч хүн дэвшүүлээгүй. Шинэ Ерөнхийлөгч Хүн дэвшүүлсэн ч байнгын хороон дээр дэмжигдээгүй буцаасан. Цэцийн гишүүний нэрийг дэвшүүлээд хугацаан дуусдаг. Энэ зарчмаар явсан.