Ё.Баатарбилэг 2018.06.06 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Соёлын өвийн асуудлаар ажлын хэсгийн гишүүд Ханги-Мандал боомтод ажиллав

Соёлын өвийн асуудлаар ажлын хэсгийн гишүүд Ханги-Мандал боомтод ажиллав

Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, нөхцөл байдалтай газар дээр нь танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, НББСШУ-ы байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, А.Ундраа нар Ханги-Мандал боомтын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох хүмүүсээс мэдээлэл авав. 

Боомт дээрх гааль, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллага, орон нутгийн удирдлагын төлөөлөл оролцсон уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг байгалийн дурсгалт болон хүний гараар бүтээгдсэн өв соёлын зүйлс тоногдон алдагдаж, улмаар хил гаалиар нэвтрэх зөрчил цөөнгүй байдгийг дурдаад тус боомтын хувьд энэ төрлийн зөрчил, оролдлого хэр байдгийг тодруулав.

Дорноговь аймаг дахь Гаалийн газрын дарга Ц.Отгонжаргал Ханги дахь гаалийн салбарт гаалийн хяналт, шалгалтын явцад түүх соёлын дурсгалт эд зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан томоохон зөрчлийг таслан зогсоосон. Нийт 121.1 сая төгрөгийн үнэ бүхий 1786 ширхэг бурхан шашин, эд өлгийн зүйлс хураагдсанаас 195 ширхэг түүх соёлын дурсгалт зүйлсийг харьяаллын дагуу холбогдох шүүхийн байгууллагад хүргүүлж, үлдэгдэл 1591 ширхэг нийт эд зүйлсийг 2017 оны зургадугаар сарын 20-ны өдөр ГЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст улсын орлого болгон хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш энэ төрлийн өөр зөрчил гараагүй. Гол төлөв малын мах, дайвар бүтээгдэхүүн хил нэвтрүүлэх оролдлого хийгддэг гэв.
Аливаа зөрчлийг илрүүлэх тоног төхөөрөмжийн хүчин чадал хэр байдгийг УИХ-ын гишүүд тодруулахад Ханги-Мандалын боомт нь орон нутгийн иргэдийн ахуй амьдралыг дэмжих зорилгоор улирлын чанартай түр боомтоор анх 2002 онд нээгдсэн. Хожим 2015 оны 12 сараас байнгын ажиллагаатай болсон. Тиймээс бусад томоохон боомттой харьцуулах хэмжээнд бэхжээгүй байна. Байцаагчдын ажил, мэргэжлийн ур чадвараар л илрүүлдэг. Дохиолол-хяналт-хамгаалалтын нэгдсэн системээр тоноглохоор ажиллаж байна гэсэн юм.
Ханги-Мандалын боомт дахь гаалийн бүрдүүлэлтийн 2 хувийг импорт, 98 хувийг экспортын буюу уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг байна. Уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтээс үүдэлтэй замын нөхцөл байдал, тоосжилт, ундны ус, малын бэлчээрийн доройтол, хомсдол Дорноговь аймгийн Хатанбулаг сумын тулгамдсан асуудлуудын нэг болжээ. Энэ талаар тус сумын Засаг дарга С.Эрдэнэболдоос тодруулахад манай сумын нутгаар хоёр уурхайгаас нүүрс, нэг уурхайгаас төмрийн хүдэр тээвэрлэгддэг. Салаалсан олон зам, түүний эвдрэл, тоосжилт, зам дагуух хог хаягдлын асуудлаар компаниуд болон малчид, орон нутгийн удирдлага оролцсон гурван талт уулзалтыг өнөөдөр (2018.06.06-нд) зохион байгуулж, нөхцөл байдлыг сайжруулахаар ажиллаж байна гэлээ.
Ажлын хэсгийг Дорноговь аймагт ажиллах үед тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилгаар хойд бүсийн найман суманд “Их соёл-Эх үндэс” хөтөлбөрийн хүрээнд малчдын зөвлөгөөн, “Малчны мянган ухаан-Бүтээлч малчин” уралдааны шалгаруулалт явагдаж тохиов. Малчдын зөвлөгөөнд оролцогчид ч говь нутгийн байгаль экологи болон нүүдлийн ахуй, соёлын доройтол, уул уурхайн олборлолт тээвэрлэлтийн үр дагаврын талаар санаа зовниж байлаа гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.