Болд.Л 2018.06.15 | Vip76.mn

Л.Болд: Хувьчлах гэж буй компаниуд бүгд Монголын ирээдүйг шийдэх чухал ач холбогдолтой

Өнөөдөр /2018.06.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд энэ хувьчлалуудыг яагаад заавал хийх хэрэгтэй байгааг тодруулсан юм.

Эдийн засгийн байнгын хороо дээр энэ асуудлыг олон талаас нь ярьсан. Өмч хувьчлалын тухай чухал асуудлыг иргэд үздэггүй цайны цагаар, тэнхим бараг хоосон байхад ярьж байгаа нь маш буруу.

Ардчилсан намын бүлэг өмч хувьчлалын талаарх асуудлыг маш хариуцлагатай ярьсан.  Салбар салбараар нь нэг бүрчлэн, гишүүддээ асуулт асууж хэлэлцэх цаг гаргаж ярьсан. Байнгын хороо дээр маш хариуцлагагүй яригдсан. 28 том компани, 10 гаруй салбарын асуудлыг нухацтай авч хэлэлцэж чадаагүй.

Төрийн өмчийн газрын дарга энэ хурал дээр “зарим талаар доголддог, алдаа гардаг” гэдгийг тогтмол сануулж байна.

Өнөөдрийг хүртэл өмч хувьчлалын талаар 3 дахь том давлагааг ярьж байна. Эхний удаа 100 хувь төрийн өмч байхад бид нийт ард иргэддээ тасалбараар хүртээх замаар анхны хувьчлалаа хийсэн. Энэ бол яах аргагүй гарааны нөхцөл байсан. Дараа нь уг хувьчлалын зам нь үр ашиггүй юм байна, алдаа их гардаг юм байна гэж үзээд мөнгөөр нь хувьчилъя гэдэг шийдвэрт хүрсэн.

Одоогийн буюу гурав дахь үе шат нь аль алинд нь хамаарч болохгүй. Яагаад гэвэл энд бол дандаа стратегийн салбарууд байгаа. Гэтэл цайны цагаар бүгдийг нь нэг дор овоолоод коноп дараад гарах гэж байна. Энэ дотор юу, юу багтаж байгааг хар л даа Монголын иргэний агаарын тээвэр, Монголын хөрөнгийн бирж, Төрийн банк, Харилцаа холбоо мэдээлэл, Монгол шуудан, бүх Зам засварын сүлжээ, Хөдөө аж ахуйн бирж гэх мэт.

Эдгээрийн аль дээр нь ч алдаа гарсан “яахав, яахав” гэж хэлж болохгүй. Эдгээр компаниуд бүгд Монголын ирээдүйг шийдэх чухал ач холбогдолтой. Жишээ нь зөвхөн МИАТ-ыг хувьчлана гэдэг бол МИАТ гэдэг компанийг хувьчлах гээд байгаа юм биш. Харин Монголын Аялал жуулчлал, Тусгаар тогтнолын аюулгүй байдал, Монголын ирээдүйн хөгжил гэх зэрэг том асуудлууд багтаж байгаа. Яг үүн шиг бүх салбар компаниуд адилхан.

Өнөөдөр ийм байдлаар ярьж шийдэхгүй бол, 7 хэмжиж 1 огтлохгүй бол маш том хуулийн, бодлогын зөрчил рүү аваачина. Та бүхэн гадаад орнуудын туршлагыг санаж байгаа зах зээл нь 20, 30 жил болсон  Монгол шиг улс оронд бидэн шиг Бөөндсөн, Компаничилсан хувьчлал ярьдаггүй. Үүний үр дүнд том алдаа гарвал яах юм? Японд гэхэд л Японы шуудан компанийн хувьчлалын асуудлаар хэдэн жил маргалдаж, маргалдаж парламентын санал хураахад дэмжихгүй гэдэг хариу гарсан. Гэтэл маргааш нь засгийн газар нь “Энэ асуудлаар дэмжлэг авч чадаагүй” гээд өөрсдөө өргөдлөө өгөөд сонгуулиар ард түмнээрээ шийдүүлж байсан. Сонгуулийн дараа ард түмэн тэр засгийн газрыг ахин сонгоод тэр асуудлыг шийдэж байсныг та бүхэн мэднэ.

 

Өмч хувьчлалын асуудал гэдэг бол бидний нийгмийн хөгжлийн бодлого. Аль нэг өмчийг хэн нэг эзэнтэй болгох гэсэн бодлого биш. Герман улс дайнд нэрвэгдээд ард түмэн нь ажилгүй ядуу аймшигтай нөхцөлд байсан. Байгалийн баялаггүй тэр улс тухайн байдлаас өмч хувьчлалаар боссон. Өөрсдийн гэсэн банк, биржийг бий болгоод ард түмэндээ давуу эрхээр хувьцаа олгоод дундаж давхарагыг нэг өдрийн дотор бий болгож байсан. Уг үйл явцын үр дүнд өнөөдөр дэлхий дахинаа хөгжлөөрөө гайхагдаж байна. Өмч хувьчлал бол ийм л том, чухал асуудал. Түүнээс биш хэдэн компанийг хувааж авах, эзэнтэй болгох талаар биш. Энэ үзэл дээрээ хатуу зогсоно.