Л.Энхболд 2018.06.27 | News.mn

Л.Энхболд: Би УУЛ УУРХАЙН эсрэг УУЛАА тахьсан

Л.Энхболд: Би УУЛ УУРХАЙН эсрэг УУЛАА тахьсан

Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолд Монгол Улсын Төрийн тэргүүн оролцох ёстой. Гэвч, зардал мөнгөний асуудлаас шалтгаалан Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохгүй, элч төлөөлөгчөө өмнөөсөө явуулах болсон. Хэрэвзээ Төрийн тэргүүн өөрийн биеэр оролцохгүй тохиолдолд тахилгын зан үйлийг хийх элч төлөөлөгчид заавал хүндэтгэлийн сэнтийд суух ёстой юу гэсэн нэг асуулт тавигдаж байна.  Ерөнхийлөгчийн элч төлөөлөгчөөр томилогдож, хүндэтгэлийн сэнтийд сууж байгаа  УИХ-ын гишүүн Л.Энхболдын зураг сошиалд багагүй шүүмжлэл дагуулаад байна. Эндээс тахилгын ёслолд Ерөнхийлөгч оролцохгүй тохиолдолд уг тахилгын ёслолыг заавал үйлдэх нь зөв үү гэдэг асуудал ч хөндөгдөж буй. Ингээд УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцсанаа хүргэе.


-Сошиалд явж байгаа зургаа та олж харсан биз дээ.  Ерөнхийлөгчийн суух ёстой сэнтийд сууснаараа та багагүй баалуулж байна. Яагаад  та тийм зураг авхуулсан юм бэ?

-Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэтгэх шалтгааны улмаас оролцохгүй тохиолдолд төрийн элч, төлөөлөгчдийн тэргүүн, төлөөлөгчдийн тэргүүн бүрэлдэхүүнийг томилох журамтай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 85 дугаар зарлигаар батлагдсан “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ын 2.2 дахь  хэсгийн тус тус үндэслэн захирамж гаргаж, 2018 оны зургадугаар сарын 22-нд  Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт орших Их тахилгат хайрханы тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд оролцох төрийн элч төлөөлөгчдийн тэргүүнээр миний биеийг томилсон.

Бүрэлдэхүүнд нь  аймгийн удирдлагууд, мөн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Даваа, Төрийн ёслолын хэлтсийн дарга Х.Жанцан, Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц нарыг томилсон захирамж гаргасан.

Энэ захирамжийн дагуу  би Ерөнхийлөгчийг төлөөлж нутгийнхаа Говь гурван сайхан уулын төрийн тахилгат хайрхны  тэнгэрийг тайх ёслолд оролцоод ирсэн юм. Төрийн тахилгын хууль, журам, номоор бол Монгол төрийн тэргүүн эсвэл түүнийг төлөөлөх төрийн түшээ заавал  хүндэтгэлийн сэнтийд заларч тодорхой зан үйлийг хийх ёстой юм байна л даа.

Хэн нэгэн хүн дур зоргоороо ч суучихдаг суудал биш.

Хэн нэгэн хүн дур зоргоороо ч суучихдаг суудал биш. Говь гурван сайхан уулын  төрийн  тахилгат хайрханыг  таван жилд нэг удаа тахилга үйлдэх ёстой. Одоогоос таван жилийн өмнө буюу 2013 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа Говь гурван сайхан уулын  төрийн тахилгат хайрханы  тэнгэрийг тайх ёслолд оролцож байсан.

-Ингэхэд Төрийн тахилгын ёслолд оролцох төрийн элч төлөөлөгч юу хийх ёстой вэ. Төрийн тэргүүний суух ёстой хүндэтгэлийн суудалд заавал суух ёстой юм уу?

-Ерөнхийлөгчийн хийх ёстой зан үйл бүрийг тухайн төлөөлж буй элч гүйцэтгэх учиртай юм байна. Энэ дагуу л  төрийн тахилгат хайрханы  тэнгэрийг тайх ёслолд  оролцож зан үйлийг гүйцэтгэж,  хүндэтгэлийн сэнтийд нь  заларсан. Төрийн элч  төлөөлөгч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн  айлтгал бичиг, торго, хүж, сум болон төрөөс  илгээх  бусад эд зүйлсийг ёслолын ажиллагаанд  төрийн нэрийн өмнөөс  өргөн  барих  үүрэг  гүйцэтгэдэг.

Тухайлбал, тахилгын ёслолд  оролцогсод, нутгийн  зон олонд хандаж  үг хэлэх, төрийн Тэргүүний илгээлтийг  сонордуулах ёстой.  Мөн нум, сум харвадаг учиртай юм билээ. Би өөрөө нум сум харваагүй ээ.  Монгол Улсын мэргэн харваачаар нум сумаа харвуулсан.

Мөн Ерөнхийлөгчийн айлтгалыг  Өмнөговь аймгийн музейд хадгалуулах ёслол үйлдсэн. Өнгөрсөн жил Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн элч төлөөлөгчдийн тэргүүнээр Б.Чойжилсүрэн гишүүнийг томилж байсан.  Мөн л надтай адилхан  тахилгын ёслол үйлдсэн. Удахгүй Ховд аймагт тахилга болно. Б.Пүрэвдорж гишүүн Ерөнхийлөгчийн  өмнөөс  элч төлөөлөгчөөр очно гэж би сонссон. Адилхан над шиг шүүмжлэлд өртөх  үгүйг нь харж л сууя даа.

-Төрийн ёслолын албанаас тахилгыг зохион байгуулсан гэж ойлголоо, зөв үү?

-Тахилгын ёслолын журмын дагуу тахилгын ёслолын дэс дараалал, дэг журмыг тухайн аймгийн Засаг даргын боловсруулсан тусгай хөтөлбөрөөр зохион байгуулдаг.  Ёслолын ажиллагааг Төрийн ёслолын алба зохион байгуулах комисстой хамтран гүйцэтгэсэн.

-Энэ зун говьд ган болж байна гэсэн мэдээлэл  байгаа. Уул усаа тахиад ирэхээр бороо хур ордог гэж хөгшчүүл ярьдаг.  Говьд зуншлага хэр байна вэ. Тахилгаас хойш бороо хур орсон уу?

-Монгол Улсын эдийн засгийн томоохон хөшүүрэг болсон Өмнөговь аймгийн хувьд уул уурхайн хөгжсөн бүс нутаг. Монголын ард түмнийг хоолтой, ундтай болгож байгаа газар нутаг маань уурхайчдын уршгаар сүйдэж, усны хомстол,  цаг уурын эрс өөрчлөлт, цөлжилт,  ган гачиг болж байна.

Сүүлийн жилүүдэд бороо хур бага орсноос үүдэж ган гачиг болж малчдын амьдрал хүнд байгаа. Нутаг орон маань ийм нөхцөл байдалд хүрсэн учраас ард түмний төлөөлөл болж сонгогдсон миний бие  төрийн тахилгат хайрханы  тэнгэрийг тайх ёслолыг Ерөнхийлөгчийн захирамжийн дагуу үйлдэж, зохих зан үйлийг  хийсэн. 

Тахилга нь зүгээр нэг байгальд хүндэтгэл үзүүлсэн ёслол төдий зүйл бус. Энэ нь уул, усныхаа амин чанар болох лус савдгийг аргадаж, тэдэнтэй оюун санааныхаа хүчин чадлаар холбогдон харилцаж, хүн,байгалийн хүйн холбоо хэлхээг бататган дээдэлсэн оюуны соёлын нандин өв гэж би ойлгодог.  Энэ ёс заншлын дагуу би нутгийн түмэнтэйгээ  газар тэнгэртээ сүслэн мөргөж  төрийн тахилгын ёслолыг үйлдсэн.  Яг үнэндээ уул уурхайн уршгаар л энэхүү тахилгыг үйлдсэн гэж хэлж болно.  Миний зургийг сошиалд тараасан явдлыг байгалийн баялгийг сүйтгэсэн хүмүүсийн зүгээс зохион байгуулалттайгаар  гүтгэн доромжилсон үйлдэл  гэж би харж байгаа.

-Таныг зургийг зорилготойгоор тараасан гэж үү?

-Тийм. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийг ухан сэндийлэн байгаль дэлхийг хилэгнүүлсэн хүмүүсийн эсрэг  би тухайн зан үйлийг хийсэн. Нэг талаар шашнаар дамжуулж байгаль дэлхийгээ аргадсан. 

Нөгөө талаар газар нутгийг сүйтгэсэн нөхдүүдтэй хатуу хариуцлага тооцож улмаар шаардлага тавиад ирэхээр тэдний бухимдал олон нийтийн сүлжээгээр ил гарч эхэлсэн. Уул уурхайн компаниудад хариуцлага тооцъё, шударга ёсыг бий болгоё, нүүрcтэй холбоотой хууль бус үйлдлүүдийг  ил гаргасан  зэрэг миний явуулж ирсэн акцуудад  уур бухимдал  нь төрсөн хэсэг бүлэг хүмүүс  байдаг юм байлгүй дээ.

Бусдаар намайг муулж, доромжилж мөлжих гээд өө сэв олдохгүй болохоор  аргаа барж байна л даа. 

-Та нүүр номоороо дамжуулж тайлбар хийсэн байсан л даа. Гэхдээ мэдээж, Төрийн тэргүүний захирамжаас болоод  ийм хэл аманд өртөнө гэж тухайн үед бодоогүй л байлгүй?

-Би шүүмжлэлд өртөх нь сонин биш. Үр дүн нь хамгийн чухал. Байгаль дэлхий ивээлдээ багтааж, хур бороогоо хайрлаж нутгийн хүн, мал зон олныг маань баясгах нь л чухал. Байгаль орчныг минь сүйтгэж байгаа шуналтуудын гайгаар малчин  ард түмний аж амьдрал сүйрч байна. Тиймээс малчин ард түмнээ  сайн сайхан яваасай гэж сэтгэлээ гаргасан үйлдэл.

-Нутгийнхаа уяачдад  өөрийн зурагтай жааз бэлэглэснээс болж мэдрэмжгүй гэсэн шүүмжлэл сонсч байсан. Яагаад өөрийнхөө зургийг жаазанд хийж бэлэглэсэн юм бэ. Үнэнийг хэлэхэд олон хүн  таны тэр үйлдэлд гайхсан шүү?

-Би  худлаа хэлж, хулгай хийж шүүмжлэлд өртдөг гэж бодохгүй байна. Жаазны тухайд бол хурдан удмын 15 даагатай  авахуулсан өөрийн зургаа жаазанд хийж 15 уяачдад бэлэглэсэн ийм л зүйл болсон.

Тэр ч бүү хэл зарим хүн өөрийнхөө зураг хөрөгтэй аяга таваг  бэлэглэдэг тохиолдол байдаг шүү дээ. Сүүлийн үед цахим орчинд УИХ-ын гишүүдийг харлуулах зорилготой  бүлэглэл бий болсон бололтой. 

-Тэр хэсэг бүлэг нөхөд нь хэн юм?

-Ширээ, сандал зэрэг өчүүхэн зүйлээр хүний нэр хүндийг унагаах гэсэн жижигхэн операц явуулдаг хэсэг бүлэг нөхөд.

-УИХ-ын хаврын чуулган Баасан гаригт хаалтаа хийнэ. Энэ удаагийн чуулганы үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Хаврын чуулган зургадугаар сарын 29-нд хаалтаа хийхээр товлосон байгаа ч магадгүй наана нь горимын саналаар хугацааг нь сунгах асуудал яригдаж магадгүй. УИХ өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө ажилласан ч чухал чухал хуулиуд хэлэлцэж амжилгүй үлдэх нь.

Тухайлбал, Татварын багц хуулийг баталж амжсангүй. Том том төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг олон  чухал асуудал намар хүртэл хүлээгдэхээр болж байна. Уг нь эдгээр асуудлаа хэлэлцэж шийдвэрлэчхээд хаврын чуулган завсарламаар байгаа юм.  Татварын багц хууль батлагдчихвал ирэх жилийн төсөвтэй уялдуулж хэлэлцэх зэрэг хоорондоо уялдаа хамааралтай хуулийн төслүүд байна.

ААН-үүдийн хувьд ч  ААНОАТ-ын тухай хуулийг батлагдаасай гэж хүсэн хүлээж байгаа. Хувь гишүүнийхээ хувьд Монгол Улсын эдийн засгийг солонгоруулахад аялал жуулчлал их чухал гэж үздэг.  Аялал жуулчлалыг хөгжүүлэх Казиногийн тухай хуулийг батлахгүй хойшлуулсаар л байна.

-Засгийн газраас Тавантолгой ордыг эргэлтэд  оруулах хувилбараа УИХ-д өргөн барьсан. Та кноп дарахдаа энэ төслийг дэмжих үү, эсвэл унагаах уу?

-Тавантолгой төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудалд хоёр гараа өргөөд дэмжиж байгаа. Гэхдээ эргэлтэд оруулахад садаа болж буй хүчин зүйл нь дэд бүтэц. Гурван уурхайн  машинууд нь ганц замаар түгжрэл үүсгэсэн ийм л нөхцөл байдалтай байгаа. Тодорхой хөрөнгө санхүү босгож байж эрчим хүч, дэд бүтцээ шийднэ.

Цаашлаад нэмүү өртгийг шингээх  баяжмалын үйлдвэр барих зэрэг олон асуудал байна. Миний хүлээн зөвшөөрөхгүй байгаа ганц зүйл бол Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт баригдах нүүрс угаах үйлдвэрийн усан хангамжийг Балгасын улаан нуураас авч болохгүй гэдэгт хатуу байр суурьтай байгаа. Тус үйлдвэрийн усны хэрэглээг өөр эх үүсвэрээс буюу хангайн бүсээс татах зэрэг гаргалгаа эрэлхийлэх хэрэгтэй.

-Та Өмнөговиос сонгогдсон гишүүн. Танай аймагт олон уул уурхай бий. Тэдний нэг  нь Оюутолгой. Оюунтолгойн гэрээг эргэн харахаар болсон. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-аас ажлын хэсэг гарсан учраас бодит, үр дүнтэй, олон талаас нь асуудалд хандсан, магадгүй хууль зөрчсөн үйлдэл гарсан бол түүнийг  нь ил тод гаргаж хариуцлага тооцсон  бодит дүгнэлт гараасай гэж  хүсч  байна. Гэхдээ мэдээж 100 хувь бодит дүгнэлт гарна гэж байхгүй.

-Яагаад вэ?

-Өнөөгийн байдлаар 150 сая ам.долларын эрчим хүчийг гаднаас авч байна. Өмнөговь аймагт бүтээн байгуулалт, суурин хот алга. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний  дөрөвдүгээр зүйлд “Өмнийн бүсийн хөгжлийн зөвлөл” байгуулж үүнийг дагасан эрчим хүч, дэд бүтэц хөгжүүлнэ гэж заасан байдаг ч энэ  заалт нь  одоогоор биеллээ олоогүй байна.

Мөн  Дубайн гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээг засаж сайжруулах асуудал яригдаж байна. Миний бие Ч.Улаан гишүүний ахалсан  Оюутолгой төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх лобби бүлэгт орсон. Лобби бүлгийн нийт 15 гишүүн Оюутолгойн ордыг ашиглах  төслийн хөрөнгө оруулалтын болон хувь нийлэгчдийн гэрээг сайжруулах, төслийн эдийн засгийн үр ашиг, өгөөжийг Монгол Улсад ашигтайгаар нэмэгдүүлэхийн төлөө анхаарч ажиллаж байна.

-Чуулган завсарлахаар гишүүд найр, наадам, аялал зугаалга гээд алга болчихдог гэсэн шүүмжлэл дагуулдаг. Та чуулганы завсарлагаанаар юу хийхээр төлөвлөж байна?

-Тойргийн сонгогчидтойгоо уулзана. Мөн гурван хуулийн төслийг намрын чуулганаар өргөн барихаар бэлтгэж байна.

Сэтгүүлч Ш. АДЬЯАМАА  

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn