Д.Мурат 2018.06.22 | Vip76.mn

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, Д.Муратыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүллээ

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, Д.Муратыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүллээ

Өнөөдөр /2018.06.22/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Их Хурлын 2018 оны 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. 

Ерөнхийлөгчийн хоригийн талаар түүний зөвлөх Р.Булгамаа гишүүдэд танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан хоригтоо “Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн байж болох нөхцөл байдал нь тогтоогдож,  яллагдагчаар татагдсан Д.Гантулга, Д.Мурат нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх тухай Прокурорын байгууллагын саналыг Улсын Их Хурал хүлээж аваагүй нь шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилго тээсэн Монголын ард түмний хүсэл зоригт нийцээгүй, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүнд, үнэлэмжийг улам бүр үгүй хийсэн, иргэдээ үл тоон басамжилсан, хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр болсон байна.

Хууль зөрчсөн үйлдэл, гэмт хэрэг, зөрчлийн цаана улс орны тусгаар тогтнол, үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдал хөндөгдөн, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, гэмт үйлдэлд аливаа хэлбэрээр холбогдсон иргэн хохирч байдгийг мартах ёсгүй. Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах нь төрийн үүрэг юм.

     Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхэд бүрэн эрх нь саад учруулна гэж үзэж байгаа Прокурорын байгууллагын саналыг Улсын Их Хурал дахин хэлэлцэж, Үндсэн хуульд нийцүүлэн, хариуцлагатайгаар шийдвэрлэх шаардлагатай.

     Прокурорын байгууллагыг Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах чиг үүрэг бүхий, хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага хэмээн хуулиар тодорхойлсон байдаг. Тиймээс Улсын Их Хурал эрх мэдлийн хуваарилалт, зарчмыг хүндэтгэн баримталж, Улсын Их Хурлын гишүүдийн холбогдоод байгаа гэмт хэргийн шинжтэй асуудлуудыг нэг мөр шалган, гэм буруугийн асуудлыг нь эцэслэн шийдвэрлэх боломжийг хуулийн байгууллагуудад олгох нь зүй ёсны хэрэг юм” хэмээн дурджээ.

Ерөнхийлөгчийн хоригийг Төрийн байгуулалтын байнгын хороо хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн бол Хууль зүйн байнгын хороо хүлээж авахгүй гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүд байгаагүй бөгөөд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 89.6 хувь нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. 

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn