Б.Дэлгэрсайхан: Тавантолгойг ЯВУУЛАХ цаг нь болсон
2018.06.27

Б.Дэлгэрсайхан: Тавантолгойг ЯВУУЛАХ цаг нь болсон

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Байнгын хорооны хуралдаанд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон ажлын хэсэгт багтсан холбогдох албаны хүмүүс оролцож байна. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд үг хэлж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Тавантолгой бол манай улсын стратегийн ордуудаас үлдсэн ганц үнэ цэнэтэй орд нь. Энэ ордоо бид хувьчлахдаа зөв хувьчлах ёстой. Үнэ цэнэ хүргэж хувьчлах нөхцөл боломж нь бүрдсэн гэж үзэж байна уу. Оруулж ирсэн мэдээллээс харахад, 30 хувьд нь IPO гаргана гэж байна. Үүгээр босгох мөнгөн дүн нь тун бага байна. Хоёрдугаарт,  газрын доорх баялгаа гаднын улс орнууд үнэлдэг. Манайд харамсалтай нь ийм үнэлэмж байхгүй. Тавантолгойн газрын доорхи баялгыг үнэлэх үү. Бид төслөө хөдөлгөхдөө аль болох үнэ цэнэд хүргэж улсдаа ашиг өгөөж өгөх бодлого шийдвэрийг гаргах ёстой. Бүлэг ордоо бүхэлд 30 хувь гэж үзэх юм уу эсвэл тусгайлсан орд дээр 30 хувь IPO гаргаж байгаа юм уу.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:

-Тавантолгой ордыг  өмчлөх биш, олон улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө босгох тухай асуудал юм. Манайхан томъёоллоо зөв ойлгох хэрэгтэй. Төслийг хөдөлгөх цаг хугацаа нь болсон. Улс төрийн шийдвэрийн хувьд МАН-ын бүлгийн гишүүдийн 90 гаруй хувь дэмжсэн.  АН-ын бүлэгт ч гэсэн танилцуулсан. Бүлгийн шийдвэр эерэг гарна гэж бодож байна.  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ч зөвлөмж нь гарсан. Улс төрийн нөхцөл байдал таатай байгаа гэж ойлгож болно. Олон улсын хөрөнгийн зах зээлд ашигт малтмалын үнийн өсөлт  өндөр байгаа.  2012-2016 онд нүүрсний зах  зээл ямар хүнд байдалтай байсныг бид мэдэж байгаа. Нөгөө талаас нийгмийн хүлээлт, дэмжлэг  байна.  Олон улсын зах зээлд компаниа гаргаж, засаглалаа сайжруулж, ил тод байдлаа хангах суурь нь тавигдах юм. Олон улсад Монголын нэр хүнд өснө. Бид аль болох өндөр үнээр гаргах  боломж бололцоог эрэлхийлж байна.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:  

-Тавантолгойг шийдэх цаг нь болсон. Бид хэдэн жил л ярилаа шүү дээ.  Хоорондоо булаацалдаад ч байгаа юм шиг, МАН Тавантолгой төслийг хөдөлгөчихвөл  илүү оноо авах гээд байгаа мэт улстөрийн акц хийх гэдэг далд санаагаа болимоор байна. Үнэд хүргэх цаг нь ч  ирсэн. Эдийн засгийн циклээрээ үнэ буурсан хойно нь IPO яриад нэмэргүй. Хувьцаа гаргана гэдэг нь нүүрс  зарж байгаа асуудал биш. Ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Нүүрс өнөөдөр үнэтэй байх  тусам хувьцааны  үнэ дагаад өснө. Ажлын хэсгийн оруулж ирж байгаа үнийн санал нь альтернатив байдлаар орж ирж байгаа нь хувьцааны үнийг дээш, доошоо хөдөлнө гэдгийг тооцоолж оруулж ирсэн гэж ойлгож байгаа. Түүнээс биш тоо мэдэхгүйдээ ингэж тавьж байгаа асуудал биш.  Тавантолгойн төслийн 30 хувийг хөрөнгийн зах зээлд гаргах асуудлыг УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө шийдэх хэрэгтэй. Үгүй бол энэ зун ажил явахгүй. Тавантолгойг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргана гэдэг дохиог өгчихвөл үүнийг дагасан  дэд бүтцүүдийг сонирхох сонирхол нь улам нэмэгдэнэ. Хятадын тал нүүрс авъя гэдэг саналаа хэлсэн дээр нь бид борлуулалт, дэд бүтцээ сайжруулж хөрөнгийн бирж дээр гаргах юм бол  илүү их  мөнгө босгох боломжтой.

УИХ-ын гишгүүн Т.Аюурсайхан:

-Тавантолгойг төслийг дагасан дэд бүтцийн болон бусад хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг олон хүн хүлээж байгаа. Дагалдах дэд бүтцийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөрөнгө босгох, санхүүжүүлэх бүх эрх Засгийн газарт байхад тогтоолд нэмж тусгах шаардлагагүй. Энэ тогтоолд төрийн өмчийн тодорхой хувийг гадаадын зах зээлд борлуулахтай л холбоотой зүйлийг тусгах ёстой

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:

 -Уул уурхайн салбар бол ойрын 20-30 жилд Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл байна. Тиймээс бид олон улсын стандартын дагуу явах цаг болсон. ОХУ-ын төрийн өмчийн 55 компани олон улсын хөрөнгийн бирж дээр, БНХАУ-ын 23 компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр компаниуд Үндэсний баялгийн санг бий болгож, ард түмэнд хувь хүртээж, ажлын байрыг нэмэгдүүлж байна. Бид үүнийг хийхийн төлөө ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

 -2007 онд Тавантолгойн ордыг стратегийн ордоор бүртгэж, 2010 “Эрдэнэс MGL” компанийн охин компани болгосон. Улмаар тухайн үеийн Засгийн газрын тэргүүн Шадар сайдад гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр тодорхой хувийг борлуулах үүрэг өгсөн байдаг. Үүнээс хойш Тавантолгой төсөлтэй холбоотой УИХ, Засгийн газраас 130 гаруй тогтоол, шийдвэр гаргасан ч тодорхой шийдэлд хүрээгүй. Энэ удаад IPO гаргах бэлтгэж ажлаа бүрэн хангаж, 2018 оны төгсгөлд УИХ-д дахин танилцуулах хэрэгтэй. Үүний дараа бид тодорхой шийдвэр гаргах нь чухал.

Ингээд тус тогтоолын төсөлд зарчмын зөрүүтэй санал авч, УИХ-ын  нэгдсэн чуулганаар танилцуулах боллоо.