Цогзолмаа.Ц 2018.06.28 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Залуу эрдэмтэд БСШУС-ын сайдын нэрэмжит тэтгэлэг хүртлээ

Залуу эрдэмтэд БСШУС-ын сайдын нэрэмжит тэтгэлэг хүртлээ

БСШУС-ын сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг хүртсэн залуу эрдэмтэд өнөөдөр батламжаа гардан авлаа. Эрдмийн зэрэг хамгаалсан залуу докторуудын цаашдын судалгааны ажлыг чанаржуулах, тэднийг богино хугацаанд дадлагажуулахад чиглэсэн туршилт, зохион бүтээх үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2010 оноос эхлэн докторын дараах судалгаанд БСШУС-ын сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгож эхэлсэн юм. Одоогоор энэхүү тэтгэлгийг 86 залуу доктор хүртээд байна.

Энэ жил БСШУС-ын сайдын нэрэмжит тэтгэлэгт ирүүлсэн 47 төслөөс журмын дагуу сонгон шалгаруулалт хийж эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж, инновацийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох 10 төслийг шалгарууллаа. Тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан 10 залуу докторт тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгох юм.

Инновацийн тэтгэлэг авах болзол хангасан залуу эрдэмтдэд батламжийг нь гардуулах үеэрээ БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Дээд боловсролын чанарыг дээшлүүлж, ахисан түвшний мэргэжилтэн бэлтгэх нь нэн чухал болоод байна. Улс орны хөгжлийг шинжлэх ухааны судалгаагүйгээр төсөөлөх аргагүй. Тэтгэлэг авч байгаа залуу эрдэмтэд маань олон улсын түвшинд хүрсэн судалгааны үр дүнг гаргахын төлөө ажиллаарай” хэмээн залуу эрдэмтдэд онцлон захилаа.

Залуу эрдэмтдийг төлөөлж үг хэлсэн ШУА-ийн Хими, хиимийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Нарандалай “Шинжлэх ухааны шинэ ололт амжилтыг байнга дэмждэг БСШУСЯ-ны удирдлага, хамт олонд баярлалаа. Сайдын нэрэмжит энэхүү тэтгэлэг залуу судлаачид бидний урам зоригийг сэргээж, дараа дараагийн судалгааны ажилд маш том дэмжлэг болдог” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.   

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn