Улаан.Ч 2008.01.01 | Сонин: Улстөрийн тойм сонин

Ч.Улаан: ”УИХ-ын сонгууль хойшлогдох вий” гэсэн болгоомжлол байна

Ч.Улаан: ”УИХ-ын сонгууль хойшлогдох вий” гэсэн болгоомжлол байна
УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.

УИХ-ын гишүүн Ч. Улааныг"Ярилцах танхим "-дааурилаа. Ирэх сараасэхлэн өндөр настан болонхөгжлийн бэрхшээлтэй иргэдэднэг сая төгрөг бэлнээролгохоор болсон талаарболон төсөв, сонгуультайхолбоотой асуудлаартүүнтэй ярилцсанаа хүргэжбайна.

-Эх орончдын баярын өдөр өнөөдөр тохиож байна. Ардын нам болон МАХН-ынхан сүүлийн нэг жилд энэ өдрийг өмчлөх гэж өрсөлддөг жишиг тогтчихлоо. Та үүнийг юу гэж харж байгаа вэ?

-Эх орончдын баярын өдөр гэдэг бол миний бодлоор эх орон, ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй хүн бүрийн баярын өдөр.Тиймээс энэ өдрийг хэн нэгэн өмчлөх гэж оролдох хэрэггүй. Харин улс орон даяараа энэ баярын өдрийг тэмдэглэн эх орноороо бахархаж, улс төрийн хүчнүүд нь ард түмнийхээ төлөө хийж бүтээх бодлого, зорилгоо ярилцаж байгаасай. Ер нь энэ өдөр монгол хүн бүрийн баяр байх ёстой болохоос "Миний баяр, чиний баяр" гэж булаацалдах нь утгагүй асуудал юм.

-УИХ-ын намрын чуулган завсарлангуут ээлжит бус чуулганыг хуралдуулах саналыг Ардчилсан намынхан гаргасан. Уг нь тэдний саналаар ээлжит бус чуулганыг хуралдуулсан бол их зүйл амжуулах байсан юм шиг ээ. Та юу гэж бодож байна вэ?

-Би хувьдаа ээлжит бус чуулганыг завсар гаргахгүйгээр хийсэн нь зөв гэж бодож байсан л даа. Ажил төрлийнхөө эрх ашгийг бодсон ч тэр. Нөгөөтэйгүүр ажил явуулах наад захын технологи гэж байна шүү дээ. Чуулган завсарласнаас хойш монголчуудын уламжлалт баяр ёслол болсон. Удахгүй ээлжит бус чуулган болох гэж байна. Энэ хооронд ихэнх гишүүн уяагаа тойроод эргэлдсэн ботго шиг л болчихоод байна. Тиймээс ээлжит бус чуулганыг аль болох шуурхай хуралдуулсан нь дээр байсан юм. УИХ-ын гишүүд орон нутагтаа очиж сонгогчидтойгоо ажиллах цаггүй болсноос болоод сонгогчид биднийг "УИХ-ын гишүүд тойрогтоо ирдэггүй. УИХ-д сонгогдоод л биднийг мартдаг" гэсэн шүүмжлэлийг байнга дагуулж байгаа. Гэтэл бид аравдугаар сараас эхлээд хуралдсаар байгаад л өнөөдрийг хүрч байгаа биз дээ.

-"100 мянган айлын орон сууцхөтөлбөр"хэрэгжих болсонтойхолбогдоод жилийн зургаан хувийн хүүтэйгээр орон сууцны зээл авах боломж иргэдэд нээгдэж байгаа. Харин санхүүгийн эх үүсвэрийг эхний ээлжинд арилжааны банкуудаас гаргаад Хөгжлийн банкаар дамжуулж буцааж олгох тухай яриа гараад байгаа. Энэ боломжтой юу?

-Арилжааны банкуудтай санал нэгдсэний үндсэн дээр л ийм асуудал ярьж байгаа байх. Түүнээс биш аль ч улсын Засгийн газар арилжааны банкинд байгаа санхүүгийн эх үүсвэрийг захиран зарцуулах эрх байхгүй шүү дээ. Хэрэв санал нэгдээд боломжтой гэсэн албан ёсны шийдвэр гарсан бол талууд тохиролцож гэрээ хэлэлцээр хийх учиртай. Нөгөөтэйгүүр Засгийн газар өөрөө санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлж чадаагүй бол Монголбанктай хамтарч ажиллан хуулийн дагуу Монголбанкнаас санхүүгийн эх үүсвэр татах бололцоо бий. Тиймээс тэдний яриад байгаа зүйл хуулийн дагуу явж байгаа байх гэж найдаж байна.

-Сангийн сайдаар таныгбиш Д.Хаянхярвааг томилсон. Сайд нарын томилгооноос болоод танай намын гишүүд нэлээд гомдолтой үлдсэн байхаа?

-Миний хувьд сайдын суудалд суух нь гол биш байсан юм. Сангийн сайд болох нэг хэрэг, байсан нь өөр хэрэг. Энэ удаад сайдын суудалд суух хугацаа богино, шийдэх асуудал их, бидний эсрэг санхүүгийн гадаад, дотоод байдал хүндхэн байсан учир намаас надад итгээд даалгавар өгвөл энэ ачааны хүндийг үүрэлцэхэд бэлэн гэдгээ л илэрхийлсэн юм. Зүгээр нэг Сангийн сайд байхын төлөөх асуудал яриагүй юм гэдгийг ойлгох хэрэгтэй байх аа. Намын гишүүдийн олонхын саналаар энэ асуудлыг шийдсэн. Ингээд л болсон.

-Сүүлийн үед Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярын хийж буй үйлдлүүд нэлээд асуудал дагуулаад байна. Үүнээс нь болоод Ардчилсан намынхан түүнийг огцруулах тухай хүсэлтийг ч гаргасан. Та Ж.Энхбаяр сайдтай нам нэгт нөхрийн хувьд энэ асуудалд ямар байр сууринаас хандаж байгаа вэ?

-Надад энэ талаар бүрэн дүүрэн мэдээлэл байхгүй учир урьдчилсан дүгнэлт   өгөх   боломжгүй.   Гэхдээ мэдээж нэг намд хамтран зүтгэж байгаа нөхрийн маань талаар таагүй мэдээлэл гарч байгаа нь тийм ч таатай санагдахгүй байна. Яриулж байгаа нь тэр, ярьж байгаа нь тэр хаана, хаанаа асуудалд хариуцлагатай хандаасай гэж хүсч байгаа. Хэрэв Батлан хамгаалахын сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцвэл үнэн зөвийг нь олж учрыг нь тунгаасан шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.

-Ирэх сарын 1-ээс эхлэн өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг бэлнээр олгох боломжтой гэдэг мэдээллийг УИХ дахь Төсвийн байнгын хорооноос хийсэн. Төсөвт ийм бололцоо байгаа болов уу?

-"Боломжтой боллоо" гэдэг бол маш хариуцлагатай үг. Төсөвт санхүүгийн эх үүсвэрийг тодорхой суулгаагүй. Харин эх үүсвэрийг бий болгож бүрдүүлэх учиртай. Тиймээс орлогоо бүрдүүлэх тал дээр хариуцлагатай ажиллах учиртай. Түүнээс биш бэлнээр тараах мөнгө өнөөдөр хаана ч байхгүй. Тиймээс энэ асуудал дээр "Боломжтой" гэж ярих учиргүй гэж бодож байна. Бэлэн мөнгө олгох асуудлыг шийдэж, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд яаж ажилласан бэ гэдгээ л ярих ёстой. Харин боломж нь бий болчихсон байхад мөнгийг өгөхгүй удаад байсан асуудал байхгүй юм шүү дээ.

-УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж олон улсын Хөрөнгийн биржид арилжаалахаар тогтсон байсан "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны 30 хувийг 20 хувь болгож бууруулсан. Харин иргэдэд олгохоор тогтсон 10 хувийн хувьцаан дээр нэмж 10 хувийг олгохоор болсон. Энэ зөв шийдвэр мөн үү?

-Би хувьдаа ингэж өөрчилсөн нь зөв гэж оодож байгаа. Тиймээс ч дэмжиж саналаа өгсөн. Байгалийн баялгаас ард иргэддээ хүртээх хувь, хувьцааг нь аль болох бүрэн олгохыг дэмждэг хүн. Тавантолгойн орд бүхэлдээ ард түмний өмч байх ёстой. Тэгэхээр Тавантолгойн ордын зөвхөн нэг хэсгээс ард иргэддээ хувь эзэмшүүлнэ гэж хязгаарлахгүйгээр үүсээд буй нөхцөл байдлыг бүхэлд нь авч үзсэн байр сууринаас асуудалд хандаасай гэсэн хүсэлтэй байгаа.

-УИХ-ын гишүүн" Я.Батсуурь "Иргэдэд хувьцаа болон бэлэн мөнгийг хамт олгох ёстой" гэсэн байр сууринаас УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсан. Гэтэл УИХ-аас хувьцаа эсвэл бэлэн мөнгө гэсэн сонголтыг иргэдэд тулгасан шийдвэр гаргасан. Энэ асуудалд иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Хувьцаа, мөнгийг хамт олгох боломж байгаагүй юм уу?

-Ер нь байгалийн баялгийг ард иргэдэд хүртээхийн тулд хувьцаа хэлбэрээр олгодог. Энэ нь ирээдүйд өсөн үржиж тухайн хүнд өгөөжөө өгөх нэг хэлбэр. Эсвэл бэлэн мөнгө хэлбэрээр олгодог. Энэ нь баруун, зүүнээрээ шууд солилцох маягаар тухайн иргэн байгалийн баялгаас хувь хүртэнэ гэсэн үг. Одоогоор энэ бүхнээс өөр сонгодог хэлбэр хараахан гараагүй байна. Тэгэхээр энэ бол нэг асуудлын хоёр тал юм л даа. Тиймээс энэ бүхнийг хооронд нь сөргөлдүүлээд байх хэрэггүй байгаа юм. Хувь хүний хувьд байгалийн баялгаа өнөөдөр бэлэн мөнгө хэлбэрээр хүртэх нь ашигтай юу. Аль эсвэл ирээдүйд өсөн нэмэгдэж байх ашиг хэлбэрээр авах нь ашигтай юу гэдгийг л сонгох юм. Тиймээс ийм сонголтыг ард иргэдэд өгч байгаа нь зөв гэж бодож байгаа.

-Гэтэл бодит байдал дээр өнөөдөр иргэд бэлэн мөнгийг л сонгох нөхцөл бүрдчихээд байна шүү дээ. Тэгэхээр бэлэн мөнгө сонгосон иргэдэд оногдох ёстой байсан хувьцааг хэрхэн зохицуулах ёстой юм бэ?

-Иргэдийн хэдэн хувь нь хувьцаа, хэдэн хувь нь бэлэн мөнгө авахыг хүсэж байгааг тодорхойлсон судалгааг хийгээгүй биш хийсэн. Судалгааны дүнд ард иргэдийн 50-аас илүү хувь нь мөнгөө бэлнээр авч, 50 орчим хувь нь хувьцаа хэлбэрээр авах хүсэлтэй байгаа тооцоо гарсан. Тэгэхээр аль, аль талынх нь хүсэлтийг харгалзаж шийдвэр гаргасан ч гэж болох юм. Иргэдэд олгохоор болсон хувьцааг зах зээл дээр борлогддоггүй хувьцаа байгаасай гэж хүсч байгаа. Учир нь өнөөдөр амьдрал хүнд байна. Тиймээс зарим хүн хувьцаагаа аваад хэн нэгэнд худалдчихвал цөөн хэдэн хүний гарт энэ хувьцаа төвлөрөөд тодорхой хугацааны дараа Тавантолгойн орд хэдхэн хүний хувийн өмч болчихсон байж болзошгүй эрсдэл байгаа юм. Тиймээс иргэдэд олгох гэж байгаа хувьцаа алтан хувьцааны зарчмаар зах зээлд борлогдохгүй байх ёстой нь хамгийн зөв алхам юм.

-Ардчилсан намынхан танай намынхныг "УИХ-ын 2012 оны сонгуульд ялагдахаа мэдээд орон нутагт нэр дэвшихийн тулд УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг тусад нь явуулах гээд байгаа" гэсэн яриа гаргасан. Танай намынхан үнэхээр тийм төлөвлөгөөтэй байгаа юм биш биз дээ?

-Сүүлийн үед ямар нэгэн асуудал үүсэхээр л заавал дуулиан шуугиан болгож, нэг л их харддаг бичигдээгүй хуультай болсон юм шиг ээ. Асуудлыг тэр талаас нь авч үзэж болохгүй л дээ. Би бол үүссэн асуудалд аль болох бодитой хандахыг хичээдэг хүмүүсийн нэг. Хэрэв техникийн болоод зохион байгуулалтынх нь нөхцөл хангагдаж, боломж нь бүрдсэн бол хоёр сонгуулийг зэрэг явуулах нь зөв, зүйтэй алхам. Гэтэл өнөөдөр тийм нөхцөл боломж байна уу. Санал өгөхөд хэрэглэх иргэний ухаалаг үнэмлэх бэлэн болсон уу, саналын хуудсыг автоматаар тоолох техник төхөөрөмж нь байгаа билүү. Хэр хугацаанд энэ бүхнийг ямар ч асуудалгүй бэлэн болгож чадах билээ гэдгийг тооцоолж үзэх ёстой. УИХ-ын болон орон нутгийн хурлын сонгуулийг зэрэг явуулахаар боллоо гэж үзэхэд тэр их саналын хуудсыг богино хугацаанд боловсруулах чадавх  байгаа юу гээд тоочоод байвал асуудал олон байна. Ийм чадавхгүй нөхцөлд сонгуулийг зэрэг явуулах нь харин ч холион бантан болох юм. Энэ үүднээс л асуудлыг харах ёстой. Онолын хувьд хоёр сонгуулийг зэрэг явуулах нь зөв. Цаашид дээрх боломжууд бүрдээд ирэх цагт зэрэг явуулах ёстой. Гэтэл өнөөдөр тийм боломж надад лав харагдахгүй байна. Тэр ч бүү хэл УИХ-ын сонгуулийг орон нутгийн хурлын сонгуулиас тусад нь ирэх зургаадугаар сард явуулахаар болсон ч зохион байгуулалт будилаангүй болно гэх итгэл үнэмшил алдарч эхэлж байна. Иргэний ухаалаг үнэмлэх, саналыг автоматаар тоолох техник, төхөөрөмж нь одоо болтол сураггүй. Ний нуугүй хэлэхэд энэ байдлаараа УИХ-ын сонгуулийг хуучин хэлбэрээр нь зохион байгуулах вий. Цаашилбал сонгууль хойшлогдох юм биш биз гэсэн болгоомжлол ч байгаа.

-Ардчилсан намынхан байр сууринаасаа ухрахгүй байгаа. Танай нам ч мөн адил. Тэгэхээр Орон нутгийн хурлын сонгуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гацаанд орж магадгүй болоод байгаа. Энэ маргааныг таслахын тулд УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Хоёр сонгуулийг туршилтаар зэрэг явуулж үзье" гэсэн санал гаргасан. Энэ боломжтой санал юм биш үү?

-Ц.Нямдорж сайд юу яриад байгааг би ойлгохгүй байгаа. Дэлхий дахинд иргэний ухаалаг үнэмлэх, автоматаар санал тоолох машиныг сонгуульдаа ашиглаад хэвшчихсэн байхад үүнийг туршаад байх шаардлагагүй гэж бодож байгаа. Хамгийн гол нь тэр бүхнийг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх нь л чухал байгаа юм. Түүнээс биш цоо шинээр зохион бүтээсэн зүйлийг хэрэглэх гээд байгаа юм шиг туршилтын сонгууль хийнэ гэж юу байсан юм бэ. Сонгууль гэдэг бол "Гамшиг тохиолдвол яах вэ" гээд л туршаад байдаг иргэний хамгаалалтын сургуулилт биш шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.