“Шинэ зуун – Дэвшилтэт бодлого” удирдах ажилтны сургалт зохион байгуулагдлаа
МАН-ын 30 дугаар Их хурлын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх, социал демократ үзэл баримтлалыг таниулах, хүний эрхийн орчинг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлогыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Шинэ зуун – Дэвшилтэт бодлого” удирдах ажилтны сургалт зохион байгуулагдлаа.
Энэхүү сургалтад УИХ-ын гишүүн У.Мөнхцэцэг “Социал демократ үзэл баримтлалыг эх орны хөрснөө буулгавал...” илтгэлээ тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Тэрээр “МАН 30 дахь Их хурлаараа социал демократ үзэл баримтлал бүхий нам байна хэмээн тунхагласан. Өөрөөр хэлбэл, хүн төвтэй хөгжлийн бодлогыг баримтлах юм. Орчин цагийн залуус социал демократ ба либерал үзлийн ялгааг өндөр түвшинд ойлгож ялгадаг болсон. Хүн бүр авъяас чадвараа хөгжүүлэх, нийгэм болон улс төрд хариуцлагатайгаар оролцох боломжоор хангагдсан байх ёстой. Мөн ахмадууд залуу хойч үеэ тэднээс муу амьдрахаас аргагүй байдалд хүргэх хэмжээнд нөөцийг цөлмөдөг хэв маягаар амьдрахын эсрэг байх ёстой.
Тухайлбал, бид байгаль орчноо сүйтгэж, гадаад өрөө нэмэх замаар чинээлэг амьдарч болохгүй. Ингэхгүйн тулд бид урт хугацааны ирээдүйн төлөвлөлтийг хийх ёстой. Бидэнд чанартай боловсролын байгууллагууд, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиуд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид нийтийн боловсролоо дэмжих ёстой. Төр татвар, боловсролын бодлогоор дамжуулан тэгш бус байдлыг хязгаарлаж, нийгмийн тэнцвэрт байдлыг бий болгож хүн бүрт тэгш боломжийг өгөх нь бидний үүрэг” хэмээлээ.