2025.03.27
А.Ариунзаяа: Цаашид СЕХ сонгуулийн сурталчилгааны материалыг нэгдсэн байдлаар түгээж чадвал хэн нэгэнд давуу байдал үүсгэхээс сэргийлнэ
УИХ-ын чуулганы /2025,03,27/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/-ийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
Цэцийн дунд суудлын шийдвэртэй холбоотойгоор дүгнэлт нь 2 агуулгыг оруулж байгаа юм байна. Нэгдүгээр заалт С.Эрдэнэболд гишүүний хэлсэнчлэн УИХ-ын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох гэдэг энэ агуулгыг буруу юм байна гэдгийг дүгнэсэн байна. Хоёр дахь нь энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалтыг, хориглох нь зүйтэй гэдэг ийм шийдвэрийг гаргасан байгаа юм байна. Тэгэхээр энэ 2 агуулгаар тайлан болон уулзалтыг аль алиныг нь буруу гэж дунд суудлаар дүгнэсэн. Гэтэл энэ нь эргээд УИХ-ын хууль. Үндсэн хуулиасаа эхлэх байх.
Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 2-т,УИХ-ын тухай хуулийн 7.4-д гишүүний бүрэн эрх нь дараагийн гишүүн тангаргаа өргөж байж сая гишүүний бүрэн эрх нь дуусна. УИХ-ын тухай хуулийн 8.1.26-д сонгогчдод үйл ажиллагаагаа мэдээлэх эрхтэй ба үүрэгтэй гэдэг ийм агуулга явж байгаа. Иймээс эргээд энэ ажлыг үгүйсгэчихлээр тухайн гишүүн нэр дэвшсэн ч бай дэвшээгүй ч бай иргэд сонгогчдод мэдээ тайлангаа өгдөг байх, уулзалтаа хийх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байх тал дээр ,Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулийг зөрчсөн гэдэг юм уу, ийм зөрчилтэй дүгнэлтийг гаргасан гэж үзэж байгаа учраас энэ саналыг нь дэмжихгүй байна. Цаашид сонгуулийн сурталчилгааны материалтай холбоотойгоор бусад улс оронтойгоо нэгэн адилаар СЕХ-ноос нэгдсэн байдлаар түгээж чадвал хэн нэгэндээ давуу байдал үүсгэдэг асуудлыг цэгцэлнэ.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn