Улаан.Ч 2008.01.01 | Сонин: Ардын эрх

Ч.Улаан: ”МАХН, МАН хоёр хамтарч байж сонгуульд ялах боломжтой”

Ч.Улаан: ”МАХН, МАН хоёр хамтарч байж сонгуульд ялах боломжтой”

УИХ-ын гишүүн Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн даваа гаригт болсон МАН-ын бүлгийн хуралдаан дээр таныг намын бүлгийнхэнтэйгээ нэлээд ширүүн маргалдсан гэж сонссон. Ямар асуудлаас болж маргалдсан юм бэ?

-Манай намын бүлгийн хурлаар тулгамдсан асуудлаа ярьсан. Гишүүд орон нутагт томилолтоор явсан ажлын үр дүнгээ танилцуулсан. Гишүүд орон нутагт ажиллахдаа үүсээд байгаа нөхцөл байдал, ард иргэдэд тулгамдаж байгаа асуудал, тэдний тавьсан саналыг хэлэлцсэн юм. Энэ хүрээнд маргалдах асуудал гарсан. Гэхдээ үүнийг би хэрүүл  маргаан гэж яримааргүй байна. Ер нь бол тулгамдсан асуудлыг яаж шийдэх талаар байр суурь, санал  зөрсөн. Тухайлбал, сонгуулиар амласан сая төгрөгийг иргэд бэлнээр, ойрын хугацаанд  авах хүсэлтэй байна. Засгийн газраас гаргасан сая төгрөгийг гурав хувааж өгөх шийдвэрийг иргэд дэмжихгүй байгаа юм байна. Ер нь аль болохоор иргэдийн хүсэн хүлээж байгаа, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь чухал байгаа юм. Хувааж өгнө гэхэд иргэд дургүй байна. Гэтэл иргэдэд бэлнээр олгох боломж Засгийн газарт байгаа юу гэвэл байгаа. Иргэдэд сая төгрөгийг бүтнээр өгөхийн тулд тодорхой зохицуулалтыг хийж болохоор харагдаж байгаа юм. Насны хязгаар заагаад 80-аас дээш насны хүмүүст дөрөвдүгээр сард мөнгийг нь дараагийн ээлжинд 60-70 насныханд, дараа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ ч гэдэг юм уу. Уг нь ийм зохицуулалт хийх боломж байна гэсэн боловч намын бүлгийн гишүүдээс санал авч чадалгүй, олонхиороо Засгийн газрын шийдвэр буюу гурав хувааж олгохыг дэмжсэн. Ер нь бол ямар ч асуудал эдийн засгийн ч бай, хувь хүнийх ч бай заавал үр дүн байх ёстой. Гэтэл бүх хүмүүст хавтгайруулаад өгчихөөр үр дүн багатай болоод байгаа юм. Тийм учраас иргэдэд үр ашигтай байдлаар сая төгрөгийг олгох хэрэгтэй гэсэн санал дэвшүүлсэн юм.  Дээр нь нэг хэсэг хүмүүс, ажил эрхэлдэг 60-аас доош насны хэсэг хүмүүст сая төгрөг өгөхгүй гээд хоцорч байгаа. Энэ хүмүүс сонгуульд санал өгөх нийт иргэдийн 2/3 хувийг эзэлж байна. Тиймээс эдгээр хүмүүст хандсан тодорхой алхмуудыг хийж өгөх хэрэгтэй байгаа. Иргэдийн дунд судалгаа хийхэд 40 гаруй хувь нь бэлэн бусаар, 40 гаруй хувь нь бэлнээр авьяа гэсэн санал гаргасан байгаа. Зарим хүмүүс сая төгрөгөө бэлэн бусаар авах боломжийг нь олгооч гэж байгаа. Зээл, нийгмийн даатгалын шимтгэл төлөх, эсвэл ах дүү хамаатан саднаараа нийлж аваад байр авах, бизнес эрхлэх гэдэг ч юм уу. Ийм хүсэлтэй хүмүүс олон байгаа учраас бэлэн бус хэлбэрээр авах боломжуудыг нь нээж өгөөч гэсэн юм. Энэ ажлуудыг санаачилж шуурхай ажиллах хэрэгтэй байна. Бид гурван жил ярилцсан ажлаа одоо хийх хэрэгтэй байна гэдэг л саналуудыг дэвшүүлсэндээ л чанга дуугаар ярьж, бухимдсан хэрэг.  Энэ бол хэрүүл, маргаан гэхээсээ илүү  ажил хэргийн хэлэлцүүлэг гэж би ойлгож байна.

-Сүүлийн үед таныг Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой маргалдах болсон. Зарим нэг асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа гэсэн?

-Бид олон жил хамт ажилласан хүмүүс. Ажил төрлийн асуудалд санал зөрөөтэй байх тал бий. Өчигдрийн /даваа гаригийн/ хурал дээр гэхэд хоёр асуудалд санал зөрүүтэй байсан. Жишээ нь Х.Баттулга сайд Ц.Нямдорж хоёрын хооронд үүсээд байгаа маргаан дээр бол би Засгийн газар дотроо асуудлаа яриад, зарчмын дагуу шийдээд дүнгээ илтгэх ёстой гэсэн саналтай байгаа. Засгийн газар бол танхимын зарчимтай, танхим тодор байгаа хүмүүс нэгдсэн бодлого зохицуулалттай ажиллах ёстой, танхимыг хуулийн хүрээнд ажиллуулах үүргийг Хууль зүй дотоод хэргийн яам хариуцаж, нэгдсэн бодлоготой зохион байгуулалттай байх үүргийг Ерөнхий сайд хариуцдаг байхад энэ хамт олон дотроо асуудлаа шийдээд дүнгээ УИХ-д илтгэх ёстой. Гэтэл Засгийн газар доторхи хоёр сайдын маргааныг УИХ дээр ажлын хэсэг гаргаж тасалж болохгүй. Ийм зарчим байж болохгүй гэсэн байр сууринаас асуудалд хандсан юм. Зөв, буруу гэдгийг нь Засгийн газар хэлэлцэх хэрэгтэй. Энэ асуудлаас болж эдийн засаг, санхүүгийн  болон улс орны гадаад харилцаанд ямар нэг сэв суусан эсэхийг Засгийн газар шалгаад хариуцлага тооцох ёстой. Одоогийн байгаа нөхцөл байдлаас арай өөр байр суурьтай байсан учраас хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөхгүй асуудал яригдсан.  Дараагийн санал зөрүүтэй зүйл нь УИХ, Орон нутгийн сонгуулийн хууль. Энэ хуулин дээр хоёр тийшээ хараад сууж болохгүй байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа нэг дүгнээд, одоо ямар ажил хийх ёстой вэ гэдэг шийдвэрээ гаргах ёстой гэсэн байр суурьтай байсан юм. Би өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн, харин муудаж, сайндсан асуудал байхгүй.

-Сүүлийн үеийн ярилцлагуудыг тань хараад байхад та намынхандаа болон намынхаа удирдлагуудад нэлээд шүүмжлэлтэй ханддаг болж.  Үүнээс болоод таныг намаасаа гарах гэж байгаа гэсэн яриа ч яваад байгаа?

-Өмнөх сонгуулийн үр дүнгээр хамтарсан Засгийн газар байгуулагдсан.  Улс орны нийтлэг томоохон асуудлуудыг шийдэхийн тулд гэрээ байгуулан ажиллаж байна гэж би ойлгож хандахыг хичээж, ажил хэрэгч саналуудыг дэвшүүлэн ажиллаж байсан. Ингээд итгэж байтал хамтарсан Засгийн газар хэлсэн амлалтаа биелүүлсэнгүй, тэр бүү хэл хамтарч ажиллах гэрээгээ ч биелүүлсэнгүй. Тэгэхээр одоо бол дуугай байж болохгүй юм байна гэдэг үүднээс хандсан. Дээрээс нь МАН хоёрдугаар сараас эхлэн Засгийн газарт дангаараа эрх барьж байгаа учраас сонгуулийн амлалтыг манай намаас ард түмэн нэхэж эхэлнэ. Тийм учраас бид амлалтаа биелүүлэхийн тулд үр бүтээлтэй ажиллах хэрэгтэй байна. Дангаараа эрх барьснаас хойш ярьж суусаар хоёр сарыг үдчихлээ. Байгаа боломжийг ашиглахгүй, аргаа олохгүй байна гэсэн шүүмжлэлийг хэлэхээс өөр аргагүй байна. Түүнээс шүүмжлэхийн тулд шүүмжилж байгаагүй.  Би анх элссэн намдаа л байгаа. Анх элссэн нам л өөрчлөгдөж, шинэчлэгдсэн. Энэ нам одоо хоёр хуваагдах гээд байна. Нэг үзэл баримтлал, зорилготой учраас тэрсэлдэлгүй, эвсэж нэгдээсэй гэдэг үүднээс саналаа хэлж байгаа. Аль аль нь ард иргэдийнхээ үгийг сонсч, ард иргэдтэйгээ ойрхон, шударга хэсгээ л дагахаас өөр арга байхгүй. Бид ард иргэдийн итгэл, зүтгэлээр төр засгаа байгуулсан. Тиймээс ард иргэдээсээ салах бодолгүй байна.

-Энэ үгнээс тань харвал “Элсний-13” гэгддэг эсэргүү гишүүдийн тоонд орчихсон яваад байна уу, үгүй юу. Хэрэв тэгвэл танд дэвших тойрог олдохгүй юм биш үү? Ирэх сонгуульд тойргоо солихоор болсон гэх яриа ч бас байгаа?

-Тийм юм байхгүй, би ард иргэдийнхээ итгэл, зүтгэлийг л дагаж байгаа. Санал, шүүмжлэл хэлснийг “эсэргүү” гэж ойлгох зарим хүмүүс байх шиг байна. Би Сүхбаатар аймгаасаа нэр дэвшинэ. Сая тойрогтоо ажиллахад ч гэсэн ард иргэд нэрээ дэвшүүлээрэй гэсэн саналыг хэлж байсан. Намайг намаасаа гарсан, өөр аймгаас нэр дэвших гэж байгаа гэсэн ярианууд яваад байгаа. Зохион байгуулалттай гэж бодож байна. Хаанаас ийм салхи үлээгээд байгааг ч мэдэж байна. Тиймээс ард иргэдээрээ л сонголт хийлгэнэ дээ.

-Мажоритари тойргийн мандатын тоо багассанаас болоод танай намын хувьд нэр дэвшигчид шахцалдах болоод байгаа. Гэтэл тэрбум төгрөг өгөөд л тойрог авдаг шинэ залуу өв залгамжлагчид ч түрээд орж ирж байна. Намын удирдлагууд тань нэр дэвшигчдэдээ ямар нэг шалгуур тавьж байгаа юм?

-Уг нь сонгуульд нэр дэвших хүнд тодорхой шалгуур болзол байх ёстой. Би үүнийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ энэ нь нас намба, мөнгө төгрөг, хөрөнгө оруулалт, фракци байх ёсгүй. Ерөөсөө л ажил хэргийн шалгуур байх ёстой юм. Энэ шалгуурыг ард иргэдийн итгэл хүлээх, намын гишүүд, дэмжигчдийн саналаар шалгуур тавих юм. Хэн илүү их хандив өгсөн, хэн нэг дарга дагаж гүйснээр шийдэхгүй. Сонгуулийн шалгуур үзүүлэлт арай өөр, өндөр байгаасай гэж би боддог. Аливаа нам сонгуульд ялалт байгуулахын төлөө ордог. Ялалт байгуулах эсэхийг ард түмэн шийддэг, хэн ард түмэндээ ойр байж, ард түмний санаа бодолд нийцсэн ажил хэрэг хийж байна, тэр хүнийг сонгож дэвшүүлсэн нам сонгуульд ялалт байгуулна.

-Сонгуулийн хуулиар Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргасан, гулсдаг 28 хувийг хүчингүй болгох тухай. Цэцийн шийдвэрт МАН-ын зүгээс нөлөөлсөн шийдвэр гарсан гэж яриад байгаа?

-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүлээж авах нь зөв гэж би үзэж байгаа. 48-аас 28 руу гулсах үндэслэл байхад гулсаж болохгүй гэх үндэслэл байгаа гэж би бодож байна.  Ер нь бол сонгууль шударга, ил тод, хатуу явагдах ёстой.

-УИХ, Орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулах дээр та намынхаа байр суурьтай нэг байна уу, эсвэл өөр байр суурьтай байгаа юу?
 

-Хоёр сонгуулийн хувьд би аль болох бодитой хандаасай гэж хүсч байгаа. Тойрогтоо ажиллаж байхдаа хөдөө орон нутгийн иргэд хоёр сонгуулийг нэг өдөр явуулахад бэлтгэлгүй байна гэдгийг ойлгосон. Орон нутгийн сонгогчдын хувьд бэлтгэл ажил байхгүй, машин техник бэлэн бус, хамгийн гол нь сонгогч өөрсдөө санал өгөх бэлтгэлгүй байна. Орон нутгийнхан ямар системээр, хэрхэн явуулах талаар ямар ч ойлголтгүй байна. Дээрээс нь олон саналын хуудас бөглөхөд өндөр настай хүн харахгүй будилах, хараа муутай хүмүүс байна, нуулгүй хэлэхэд бичиг үсэг тайлагдаагүй хүмүүс ч байна. Ингэхээр эргэлзээ будилаангүй санал өгөх итгэл ч иргэдэд байхгүй байгааг ойлгосон. Ер нь сонгуулийг хоёр тусд нь явуулаарай гэсэн санал ард түмнээс давамгайлж байна. Би ард иргэдийнхээ саналыг төрд хүргэх ёстой учраас саналаа илэрхийлсэн.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайд хэлэхдээ “Орон нутгийн Засаг дарга нараас хоёр сонгуулийг зэрэг явуулах талаар санал авахад нэг өдөр зохион байгуулах боломжгүй гэсэн санал ирүүлсэн” гэсэн. Ер нь нэгэнт баталсан хууль учраас орон нутгийн удирдлагаас санал авах нь зөв юм уу.  Өмнө нь ингэж нэгэнт баталчихсан хуулиараа хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй хүмүүсээс нь “хэрэгжүүлэх үү, үгүй юу” гэж санал авч байсан тохиолдол байна уу?

-Аливаа асуудлыг шийдэхдээ дарга нараас асуух нь гол биш, ард түмнээсээ асуух хэрэгтэй. Ард түмэн юу гэж үзэж байна, тэрэнд нь нийцсэн шийдвэр гаргах ёстой. Үүнийг аль аль талдаа анхаарах хэрэгтэй. Мэдээж  дарга нар ачаалал ихтэй ажилладаг учраас ачаалал бага байгаасай гэж үзэх нь ойлгомжтой шүү дээ. Гол нь ард түмэн юу гэж үзэж байна гэдгийг харгалзан шийдвэр гаргах хэрэгтэй.

-МАН-ын хувьд УИХ-ын сонгуульд цөөн суудал авна гэсэн болгоомжлол байгаа учраас орон нутгийн сонгуулийг тусад нь явуулах, дараа нь орон нутагт эрх мэдлээ авч үлдэх гээд байна гэсэн хардлага бас байгаад байна л даа?

-Сонгууль хамт, тусдаа явлаа гээд ард түмэн сонголтоо хийдгээрээ хийнэ. Хамт ч хийсэн ард түмэн сонголтоо хийх учраас ард түмний санал нөлөөлөхгүй. Хамгийн гол нь өмнөх сонгуулийн дараа маш их будилаан үймээн гарснаас болгоомжлон энэ жилийн сонгууль будилаангүй, үймээнгүй яваасай гэдгийг хүсч байгаа. Сонгууль өгөхөд ямар ч бэлтгэлгүй байгаа учраас харин ч сонгуулийн дараа үймээн, самуун, будилаан үүсэх гээд байна гэсэн болгоомжлол байна. Тийм учраас аз туршихгүйгээр сонгуулийг бодитой, ил тод хэрүүл маргаангүй шударга явуулах вэ гэдгийг л бодох цаг болоод байна.

-2008 оны сонгуулийн үр дүнд үймээн самуун дэгдэж, эрдэнэт хүний амь эрсэдсэн. Энэ үед та төрд байсан хүний хувьд энэ үймээнийг юу гэж дүгнэж байна вэ? Хариуцах эзнийг нь дөрвөн жилийн хугацаанд олоогүй явсаар сонгуулийн өмнө шийдэгдэж магадгүй болоод байна?

-Надад бол ард түмнээс илүү мэдээлэл байхгүй. Би тэр бүгдийг зурагтаар харж байсан. Ер нь бол энэ үйл явдал ил тод болсон зүйл. Хэн эхлүүлээд, хэн үргэлжлүүлээд, хэн  дуусгасан, хэн юу хийсэн, яасан гэдгийг ард түмэн бүгд мэдэж байгаа. Гол нь шат шатанд нь дүгнэлт өгөөд тэр болгонд нь таарсан эздийг нь олоод хариуцлага тооцох нь зүйтэй л гэж бодож байна. Ард түмэн үймээн дэгдээсэн хүмүүс нь өршөөгдсөн, хамгаалах гэж байсан хүмүүс нь яллагдах гээд байна гэсэн болгоомжлолтой байгаа юм. Системтэй ойлголт өгөх хэрэгтэй байгаа юм. Хамгийн гол нь энэ явдлыг дахин давтахгүйн тулд үнэн зөвөөр шийдэж, буруутанг нь олох хэрэгтэй. Ингэж байж цаашид ийм зүйл дахин гарахгүй гэсэн итгэл ард иргэдэд төрнө.

- Н.Энхбаяр МАХН гэсэн нам байгуулсан. Энэ хүний хувьд намаа байгуулсан цагаас эхлэн “МАН хэрвээ хамтарна гэвэл хамтарч нэгдэх боломжтой” гэдгийг хэлж буй. Та үүнийг дэмжих үү, танай намын удирдлагуудын зүгээс ч гэсэн энэ тал дээр ямар байр суурьтай байдаг юм бол?

-Н.Энхбаярыг би 30 жилийн өмнөөс мэднэ. Энэ хугацаанд мөр зэрэгцэн улс төрд ажиллаж байгаа учраас сайн мэдэж байна. Тэр хүн ийм байр суурьтай байгаа бол би талархаж байна. Нэг л орон зайд байгаа, адилхан зүүний хүчний, хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулахын төлөө явж байгаа хоёр нам шүү дээ. Тиймээс хамтарч сонгуульд оролцох байр суурийг би хувьдаа дэмжих ёстой гэж бодож  байна. Тэгэхгүйгээр тус тусдаа сонгуульд ороод ялалт байгуулах асуудал эргэлзээтэй байна. Бие биенийхээ саналыг хуваагаад, дундаас нь өөр нам ялаад гараад ирэх бололцоотой шүү дээ. Тиймээс хамтарч ажиллах нь зүйтэй. Намын удирдлагууд нэгдсэн бодлого гараад ирвэл гишүүд дэмжинэ гэдгийг би мэдэрч байна. Намын гишүүд дэмжигчид, олон түмнийхээ уур амьсгалыг дагасан шийдвэр гаргаасай, тэгвэл итгэл хүлээж сонгуульд ялах болно.  Үүний төлөө ухаан бодлоо уралдуулаасай гэж хүсч байна.

-Н.Энхбаяртай олон жил улстөрд зүтгэсэн хүний хувьд асууж байгаа юм шүү. Н.Энхбаяр гэдэг хүн яагаад намаасаа гарах болсон юм. Өөрөө буруутай юм уу, эсвэл танай намын удирдлагууд буруутай юм уу?

-Мэдээж бодлого,  үйл ажиллагааны арга барил, хүрэх гэж байгаа үр дүн ялгаатай учраас тус тусын мөрөө хөөсөн байх гэж бодож байна. Энэ нь намд хийсэн шинэчлэлтэй холбоотой байх л даа. Нам нэрээ сольсон, үзэл баримтлалаа ч солихоо дөхсөн. Ингээд намд хийж байгаа шинэчлэл, түүнийг хийж байгаа үзэл бодлоос болж өрх тусгаарлах болсон байх гэж би хувьдаа дүгнэж байгаа.

-Та парламентад хэдэн жил сууж  байгаа билээ?

-Би парламентад дөрөв дэх удаагийнхаа бүрэн эрхийн хугацааг дуусгаж байна.

-2000-2004 онд та Сангийн сайд байсан. Энэ хугацаанд Монголын эдийн засагт хамгийн эерэг өөрчлөлтүүд гарсан ч гэдэг. Одоо ч гэсэн хамтарсан Засгийн газрын тэргүүн эдийн засгийн өсөлт, үсрэнгүй хөгжлийн тухай яриад л байгаа хэрнээ үр дүн нь ард түмэнд наалдахгүй байна. Үүнийг та эдийн засагч хүнийхээ хувьд юу гэж харж байна вэ?

-Энэ хоёр үеийг шууд харьцуулаад зэрэгцүүлэх боломжгүй л дээ. 1992-1996 онд би Эдийн засгийн сайд, 2000-2004 онд Санхүү эдийн засгийн сайд, 2008 онд Сангийн сайд байсан. Энэ гурван үеийг хооронд нь харьцуулаад харахад хоорондоо ялгаатай, төстэй талууд олон бий. 2000 оны эхэн үе бол эдийн засаг, санхүүгийн хямралтай, хөрөнгө мөнгөний хомсдолтой, төсөв санхүүгийн сахилга задарсан, суларсан, амаргүй үе байсан. 2008 он бол дэлхийн эдийн засгийн хямралын өмнөх эдийн засаг халсан үе байсан. Энэ үеүдийг аваад үзэхэд ерөөсөө Монгол орны нөхцөлд таарсан эдийн засгийн бодлогоор үйл явцыг жолоодох ёстой гэдгийг хатуу ойлгож байгаа юм. Түүнээс биш эдийн засгийг зөнд нь хаяж болдоггүй. Өнөөдөр бол сүүлийн дөрвөн жилийн үйл ажиллагааг эдийн засгийн жолоодлого муутай явчихлаа гэж ойлгож байна. Нөхцөл байдал өөр, эдийн засаг өргөжиж, томоохон асуудлыг шийдэх хөрөнгө мөнгөтэй, гачигдал байхгүй, гадаадын хөрөнгө оруулалт олноор орж ирж байгаа сайхан үе. Гэтэл энэ үед эдийн засгийн өсөлтийн үр дүн нь ард иргэдэд наалдахгүй байна.  Тэгэхээр бид арга эвээ олохгүй байна гэж би бодож байна. Цалин нэмээд амьдралыг нь сайжруулаад байна гэхээр үнийн өсөлт тэрийг нь булааж авчихаад байна. Тиймээс маш ухаалаг, үр дүнд чиглэсэн бодлого явуулах ёстой юм. Ингэж нэгдсэн бодлоготойгоор зардал хэрэглээгээ хязгаарлаж, оновчтой зөв арга механизмыг онож ашиглаж, Монголын хөрсөнд буулгах ёстой. Хэрвээ бид хувийн байгууллагаас сургамж аваад эх орны баялгаар олон улсын зах зээл дээрээс яаж мөнгө олдог жишгээр ажилласан бол эх орны хишиг тараах, амлалтын тухай асуудал үүсэхгүй байсан. Сая “Энержи Ресус” ХК  IPO хийгээд 700 сая долларын хөрөнгө олчихсон, Олон овоотын орд газарт хоёр тэрбум долларын хөрөнгө босгоод ирж байна. Хувийн компаниуд шүү дээ. Хувийнхан чадаж байхад яагаад төр засаг дөрвөн жил ажиллачихаад энэ боломжийг ашиглаад мөнгө гаргаж ирж чадахгүй өдий хүрчихэв ээ. Төр засгийнхан хамтарч, шуурхай хийнэ гэсэн хэрнээ яагаад хувийн хэвшлээс дор байгаа юм бол. Миний сэтгэл дундуур байгаагийн шалтгаан энэ. Оюутолгойн орд газраас  IPO хийгээд хөрөнгө босгоод хувьцаа борлуулаад нэг хувийг нь л зарсан бол бидний амлаад байсан мөнгийг иргэдэд тараачих боломж байсан. Гэтэл хэлэлцээ хийх явцдаа Монголын тал өөрөө хувьцаа хийх боломжоо хаалгасан. Тавантолгойн орд Олон Овоотын ордоос 50 дахин их нөөцтэй. Тэгвэл Тавантолгойгоос хэд дахин их мөнгө босгож чадсан бол одоогийн ярьж байгаагаас 10, 20 дахин их эх орны хишиг ярих байсан юм. Одоогийн бидний санал зөрөөд байгаа, бие бие рүүгээ хатуу үг чулаадаад байгаагийн гол шалтгаан нь л энэ шүү дээ.

-Эх орны хишиг нэрээр халамжийн бодлогыг хавтгайруулаад энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөлөөд байна гэх хүмүүс бий. Ер нь бэлэн мөнгө тараах нь хэр зүйтэй арга юм бэ?

-Энэ бол  буруу арга. Би эдийн засаг, санхүүгийн мэргэжлийн хүн учраас хэлж байгаа юм биш. Энэ нь өөрөө нийгмийн ноцтой үр дагавартай. Хамгийн гол нь хүн өөрөө хийж бүтээж, тэмцэж байж амьдралаа сайжруулдаг тэр эрмэлзлэл байхгүй болж байгаа юм. Зүгээр л бэлэн мөнгө хүнээс нэхээд сууж байх, хэрэглэх хүсэл эрмэлзэлтэй болчихсон. Үүгээрээ цаашид улс үндэстний оршин тогтнох уу, үгүй юу гэдэг асуудалд аваачдаг. Ийм бодлогыг удаан үргэлжлүүлж болохгүй. Зөвхөн ард иргэдэд таалагдах гэж богинохон хугацааны бодлого явуулах нь улс орны хөгжилд сөрөг үр дагавартай. Би бол бэлэн мөнгө тараах бодлогыг  үндсээрээ буруу зүйл гэж боддог. Хувь хүмүүст бэлэн мөнгөний тусламж үзүүлэх ёстой. Бэлэн мөнгөний дэмжлэг авах хүмүүс ч олон бий. Гэхдээ үүнийг нь хөдөлмөртэй уялдуулах ёстой. Өнөөдөр 21 мянган төгрөг авахын тулд хоёр хоног ажиллаад авах хэрэгтэй. Гэтэл дугаарлаж зогсч байгаад л бэлэн мөнгө аваад сууж байна. Саяхан Сонгинохайрхан дүүрэгт 21 мянган төгрөг тараасан өдөр таван хүн архинд хордож нас барсан байгаа юм. 1990 оны үед амьдралын боломжгүйгээс болж жилд зургаан хүн нас барж байсан байхад өнөөдөр нэг өдрийн дотор таван хүн архинд хордоно гэдэг нь мөнгө тараах нь буруу гэдгийг хэлээд байгаа юм. Тиймээс хол ойрын үр дагаврыг харж бодлого боловсруулах нь зүйтэй байгаа юм.

-МАН ч, Ардчилсан нам ч өнгөрсөн сонгуулиар ямар ч хамаагүй үнээр ялахын төлөө л зүтгэсэн. Үүнийхээ горыг бид өнгөрсөн дөрвөн жилд хангалттай амслаа шүү дээ. Одоо хүртэл амлалтаа биелүүлж чадаагүй, ажил нь ч урагштай яваагүй. Тэгэхээр аль нэг нам ялалтад хүрэх нь чухал уу, эсвэл төсвийн бодлогоо зөв тодорхойлж, хөгжлийн гарцаа олж харах нь монголчуудад хэрэгтэй юу?

-2008 онд ялж л байвал юу амлах нь чухал биш юм шиг л байсан. Тэгээд үр дүнд нь бид дөрвөн жил бэлэн мөнгөний амлалтаас өөр юу ч хийж чадсангүй. Бүтээн байгуулалт, асар их зүйлийг шинээр бий болггох цаг мөнгийг бид зөвхөн амлалтанд л зориуллаа. Ам алдвал барьж болдоггүй гээд л зүтгэж явна. Амлалт өгчихөөд биелүүлэх гэж араас нь хөөцөлдсөөр дөрвөн жилийг үдэж байна. Харин одоо цаашид ийм байж болохгүй гэсэн үүднээс Төсвийн тухай хуулийг гаргаж, сонгуулиар бэлэн мөнгө амлахыг хориглосон. Энэ оны сонгууль бэлэн мөнгөний амлалтаас салангид явах ёстой.

-Өнгөрсөн дөрвөн жил юу ч хийж чадсангүй. Харин одоо юу хийх ёстой, ямар арга замаар ямар үр дүнд хүрэх ёстой юм бол?

-Монголын эдийн засгийн үсрэнгүй хөгжил хараахан эхлээгүй байна. Одоо зөвхөн суурь нь тавигдаж байна. Энэ бодитой өсөлт гараад ирэхээр тэрийг яаж эдийн засаг, нийгэмдээ үр ашигтай болгох вэ гэдэг дээр маш их ухаан зарах ёстой. Байгаагийн хирээр мөнгийг цацаад байвал улс орон хөгждөггүй. Баялгийн хараалд өртөхгүй байх бодлогыг одооноос хийх хэрэгтэй. Өнөөдөр байгалийн баялагтай маш олон улс орон хөгжиж чадаагүй. Тийм учраас баялгийн хараал гэдэг үг гарч ирсэн. Дэлхийд байгалийн баялагтай цөөхөн улс орон хөгжиж чадсан. Норвеги улс, Африкийн орнуудаас Батсвана улс зэргийг нэрлэж болно. Эдгээр улс маш нарийн зохион байгуулалттай, төр засгийн зөв бодлогын үр дүнд хөгжсөн. Харин Монголд тийм зөв бодлого харагдахгүй байна. Харин ч улам бүр хяналтгүй, задгай, хууль дүрэм үйлчлэхгүй болж байгаа нь харагдаж байна. Энэ бүгд нь биднийг баялгийн хараал руу хүргэнэ. Тийм учраас одооноос баялгийн хараал руу хүрэхгүйн тулд хүсэл мөрөөдлөө хязгаарлах хэрэгтэй. Хязгааргүй их хүсэл  мөрөөдөлд жолоодогдоод, зардлаа орлогоосоо давуулж нэмэгдүүлээд байвал бид нар улам хүнд байдалд орно. Энэ жилийн төсөв баталсан байдлыг  харахад зарлага нь орлогоосоо давсан,  орлого нь зардлаа гүйцэхгүй явж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр эдийн засгийн маш том хямрал руу биднийг хөтлөх үндэс суурь, нөгөө баялгийн хараал руу аваачих үндэс нь болж байна.

-Таныг Сангийн сайд байсан үеийн төсвийн орлого, зарлагыг одоогийнхтой харьцуулахад юу бодогддог вэ?

-Энэ хоёр үеийг зэрэгцүүлэх боломж байхгүй. Тэнгэр газар шиг ялгаатай зүйл. Би бол эдийн засгийн хямралтай, хомсдолтой үеийн Сангийн сайд. Хямралаас яаж гарах вэ гэсэн бодлогоор ажиллаж байсан. Харин одоо бол хөрөнгө мөнгөний гачигдал байхгүй, бүтээн байгуулалт, хөгжилд санаа зовох зүйлгүй болсон ч зөв бодлого дутагдаад байна уу л гэж харагдаад байна л даа. Тухайлбал, эх орны хишиг сая төгрөгийг гурав хувааж өгсний оронд олноороо нийлж бүтээн байгуулалт хийх хүсэлтэй хүмүүст өгөх хэрэгтэй. Ингэснээр жижиг дунд үйлдвэрлэл ч юм уу, хэсэг хүний ажлын байр гэдэг ч юм уу бодлогоо буруу чиглүүлээд л байгаа юм л даа. Гэхдээ энэ хоёр үед ижил зүйл байх ёстой. Тэр нь холыг харсан бодлого, төр засгийн оновчтой, ухаалаг зохицуулалт, нэгдсэн сахилга, олон түмний хараа хяналт аль ч үед нь байх ёстой.

-Хоёр сонгуулийг зэрэг явуулахад хоёр намын бүлэг тодорхой шийдэлд хүрэхгүй байна. Одоо ямар гарц байна вэ?

-Одоо асуудалд бодитой хандаж, зургаан сарын сүүлийн ажлын өдөр УИХ-ын сонгууль явах ёстой. Хэрвээ ухаалаг үнэмлэх тараах боломж нь харагдахгүй байгаа бол цаашид юу хийх ёстой вэ гэдгээ ярилцах ёстой. Түүнээс чиний буруу, манай нам, танай нам гэж ярих цаг биш. Өнгөрснийг дүгнээд цаашдын үйл ажиллагаагаа хийх ёстой. Одоо бол сонголт байхгүй, харин цаашид яах вэ гэдгээ аль аль нь ярилцах ёстой.

-Танай намын ерөнхий бодлогыг С.Баяр гэдэг хүн удирддаг,  С.Батболдын ард С.Баяр заавар өгдөг гэх яриа бий л дээ. Намынхаа гишүүдийг өрөөндөө дуудаж заавар өгдөг гээд л яриад байдаг. Та өрөөнд нь дуудагдаж байв уу?

-Хүмүүс тэгж ярьж байгааг үгүйсгэх аргагүй. Засгийн эрх барьж байгаа хүний хувьд өөрийнх нь дүр төрх, шинэ бодлого харагдахгүй, хуучин зүйл л үргэлжлээд яваад байгаа болохоор хүмүүс тэгж ойлгож болох юм. Хуучин Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа үргэлжлээд байгаа учраас тийм зүйл байхыг үгүйсгэх аргагүй л дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.