С.Чинзориг 2018.08.21 | UNEN.mn

Хүүхдийн мөнгө авах хүсэлтэй өрхийн судалгааг яаравчлахыг даалгав

Хүүхдийн мөнгө авах хүсэлтэй өрхийн судалгааг яаравчлахыг даалгав

“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2018 оны 40 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хүүхдийн мөнгө авах хүсэлтэй өрхийн судалгааг есдүгээр сарын 1-ний дотор улсын хэмжээнд зохион байгуулж, тайланг ХХҮЕГ-т ирүүлж нэгтгэн, үр дүнг танилцуулахыг С.Чинзориг сайд нийгмийн халамжийн хүрээнд үүрэг даалгавар өглөө.

Түүнчлэн орон нутгийн ХХҮГ-ууд өөрийн аймгийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийслэл хотод түр хугацаагаар ирэхдээ нийтийн тээврээр зорчих санхүүжилтийн тооцоо, судалгаагаад орон нутгийн төсөвт жил бүр тусган батлуулах, тэтгэвэр тэтгэмжийн өр гаргахгүй зэрэг асуудлыг анхаарч ажиллах хэрэгтэйг хэллээ.

Мөн халамж, асрамжийн төвүүдийг аль болох улсаас санхүүждэг байх тогтолцоог бүрдүүлэх бодлого барьж буйгаа дурдаад олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын сонгон шалгаруулалтын ажил удаашралтай байна. Иймээс дүүргүүдэд ажлаа эрчимжүүлэх үүрэг өглөө. Дараа нь аймаг, орон нутагт хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэх хүнсний дэлгүүрийн сонгон шалгаруулалт, гэрээ байгуулах үйл явцад тавих хяналтыг сайжруулахыг сануулав.