Сарангэрэл.Д 2018.08.30 | medee.mn

Д.Сарангэрэл: Хоёр залууг ажилд авах саналыг Төрийн нарийн бичгийн даргад тавьсан нь үнэн

Д.Сарангэрэл: Хоёр залууг ажилд авах саналыг Төрийн нарийн бичгийн даргад тавьсан нь үнэн

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй АТГ-ын мэдээлэл тойрсон асуудал болон салбартаа хийж буй зорилтот ажлуудынх нь талаар ярилцлаа.

-МИНИЙ ХҮҮД Ө ГЭДЭГ НАЙЗ БАЙХГҮЙ-

-Та Авлигатай тэмцэх газрын мэдэгдлийг хувь хүн талаасаа хэрхэн хүлээж авав?

-Авлигатай тэмцэх газраас яг албан ёсоор хэвлэлийн бага хурал хийж зарласан тул уг асуудалд хариулт өгөхөөс өөр аргагүй. Мэдээж гомдол гарсан учраас л АТГ энэ асуудлаар мэдээлэл хийсэн гэж би бодсон. Би Эрүүл мэндийн сайдын хувиар хоёр залууг ажилд авах саналыг яамныхаа Төрийн нарийн бичигт тавьсан нь үнэн. Нуугаад байх юм байхгүй. Тэдгээр залуус надтай садан төрөл, найз нөхөд, нутаг усны ямар ч холбоогүй. Би эрүүл мэндийн салбарт хувь, хувьсгалын нийлсэн 50 гаруй мянган хүнтэй ажиллаж байна. Ийм байхад, би жолооч мэргэжилтэй хүнийг хэлтсийн даргаар тавих уу. Үнэхээр томилчихсон бол ноцтой асуудал.

Ер нь Эрүүл мэндийн сайд яамны ажилтнуудын томилгоонд оролцох хууль эрх зүйн боломжгүй. ТНБД нь ийм чиг үүрэгтэй. Энэ дагуу л ТНБД тэдгээр залуусын материалыг АТГ-д хянуулж, хуулийн дагуу томилох боломжтой гэж үзээд, тушаалаа надад танилцуулсан. Энэ хоёр залуу маш сайн ажиллаж байгаа. Нэг нь, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, нөгөө нь зөвшөөрлийн мэргэжилтэн. Мэргэжлийн хүрээндээ л ажиллаж яваа залуус.

-АТГ-ын албан мэдээн дээр таны хүү өөрийн найз Ө-д Эрүүл мэндийн яаманд ажиллах санал тавьсан гэх утга бий. Энэ нь яг ямар учиртай юм бэ?

-Би төрийн ажилдаа гэр бүлээ хутгалдуулах хүсэлгүй байна. Ялангуяа гэр бүлийн минь нэр олон нийтэд буруугаар гарсанд ээж, эхнэр хүний хувиар харамссан. Миний хань хөдөлмөрлөхийн төлөө л төрсөн, жирийн нэг бор монгол эр байгаа. Хэзээ ч төрийн  ажилд хутгалдаж байгаагүй. Миний ажил руу ордоггүй. Яг л ариун цагаан хөдөлмөрөөрөө явж, өдий зэрэгт хүрсэн. Манай гэр бүлд төрөөс илүү зүйл хүсэх шаардлага байхгүй. Бид амьдралынхаа асуудлыг үндсэндээ шийдсэн. Өөрөөр хэлбэл, манай гэр бүл санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн. Энэ талаасаа миний хүү надад хүн санал болгоод л, би түүнийг нь ажилд авчих хэмжээнд очоогүй улс. Би хүүгээ мэднэ. Найзууд нь гэр орноор орж гараад л явдаг. Миний хүүд Ө гэдэг найз байхгүй. Би тэр яригдаад байгаа залуугийн нэрийг энд хэлмээргүй байна. Тиймээс  би энэ үйл явдлыг маш их гайхаж хүлээж авсан. Тэр залуу өөрөө ШӨХТГ болон бусад газруудад  ажиллаж байсан, маш их туршлагатай, сэтгэлтэй хүн байгаа. Ер нь хүүхэд нь ажил санал болгохоор эх нь ажилд авчихдаг. Ийм хөнгөн, инээдтэй арга зам байж болох уу. Төрийн ажил тоглоом биш. Гэхдээ Эрүүл мэндийн сайдын хувьд ажлын байрны шаардлага хангасан хоёр залууг ажилд авах эрхгүй гэж үү. Би яг энэ өнцгийг гайхаж байгаа. Монголын хоёр залуу ажилтай боллоо. Энэ шуугиад байх сэдэв ч биш. Шаардлага хангахгүй бол Төрийн нарийн бичгийн дарга жинхлэхгүй явуулна л биз. Надад зууралдаад байх шаардлага, эрх ашиг байхгүй.

-НАМАЙГ САЙДААР ТОМИЛОГДСОНООС ХОЙШ АЖИЛГҮЙ БОЛСОН 
ХҮН ЯАМАНД БАЙХГҮЙ-

-Та АТГ-ын мэдэгдлийг улс төрийн зорилготой гэж хардаж байгаа юу?

-Би хэн гомдол гаргав гэж сонирхож ч үзээгүй. Бодвол өмнө нь ажиллаж байсан, тодорхой эрх ашгийн сонирхолтой хүмүүс гомдол гаргасан байх. Гомдол байгаа бол иргэд чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Дээрээс нь АТГ ч, Эрүүл мэндийн яам ч адилхан төрийн байгууллага. Тэд ажлаа л хийсэн.Тиймээс улс төрийн зорилготой байна гэж бодох нь ч бас өрөөсгөл ойлголт юм.  

-Та Эрүүл мэндийн яамыг удирдсанаас хойш танай яамны дотоод бүтцэд хэр их сэлгээ явагдсан бэ?

-Дахин хэлэхэд, сайд яамны ажилтнуудыг халдаг, сольдог албан тушаалтан биш. Тиймээс Төрийн нарийн бичгийн даргын ажиллах чиг үүргийн хүрээнд л энэ асуудал шийдэгддэг. Гэхдээ тэр хоёр залууг би Төрийн нарийндаа санал болгосон гэдгээ нуухгүй байна шүү дээ. Тухайн үед би Төрийн нарийн бичгийн даргадаа тэр ажлын байрнаас явж байгаа хүн ажилтай үлдэх ёстой гэсэн шаардлага тавьсан. Эрүүл мэндийн яамнаас ажлын байраа сольсон хэн нэгэн хүн ажилгүй болсон тохиолдол байхгүй. Ганц нэг хүн санал болгосон ажлыг голоод, одоо ажилгүй явж байж болно. Бусдаар бол намайг сайдаар томилогдсоноос хойш ажилгүй болсон хүн яаманд байхгүй. Би үүнийг харин ам бардам хэлнэ. Ер нь би хаана ч ажилласан энэ зарчмыг барьдаг. Өнөөдөр нэг хүнийг ажлаас нь халаад, гудамд гаргахад ард нь гэр бүл гэж байна. Авч яваа амьдрал нь бий. Тиймээс хүн ёсныхоо үүднээс ч тэр, ажлаас чөлөөлж байгаа хүнээ ажлын байраар эргээд хангах ёстой гэсэн зарчмыг би барьдаг.

-Эрүүл мэнд салбарын ажилчид хэт өндөр ачаалалтай ажилладаг. Ажиллах орчин нөхцөлийг нь зайлшгүй сайжруулах шаардлага ч харагддаг. Яг энэ чиглэлд салбар яамнаас ямар бодлого барин ажиллаж байгаа вэ?

-Эрүүл мэндийн салбарт хийгдэж буй ажлуудыг би олон түмэнд харагдаж байгаа гэдэгт итгэдэг. Хүн амын эрүүл мэнд болон салбарын ажилчдын асуудал гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд ажлаа зангидаад хийж байна. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг үргэлжилж чадавхжуулах чиглэлд анхаарах шаардлага үүсдэг. Дэлхий дахинд эрүүл мэндийн салбар хурдацтай хөгжиж, технологийн дэвшил өдөр, хоногоор өөрчлөгдөж байна. Өнгөрсөн наймдугаар сарыг бид эрүүл мэндийн салбарын ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарах сар болгон завсарласан. Жишээ нь, хоёрдугаар эмнэлгийн жижүүрт гарч буй эмч, сувилагчдыг маш сайн чанарын хоолоор хангадаг боллоо. Би энэ чиглэлд  төрийн бүх эмнэлгүүдэд үүрэг даалгавар өгсөн. Тухайн үед намайг салбарын сайд нь байж, жижигхэн асуудлаар хөөцөлдлөө гэж шүүмжилж байв. Асуудлыг ер нь жижиг гэж хаяж болдоггүй. Салбарын сайд нь өөрөө үлгэрлэж, асуудлын гол цөм рүү орж байж, салбарын ажилчдын нөхцөл байдал сайжирна гэж бид хувьдаа үздэг. Ингээд анхаараад ирэхээр, нэгдүгээр эмнэлэг хүртэл давсан орлогоо ажилчдадаа урамшуулал болгоод өгчихөж байгаа.

-НЭГЖ СУВИЛАГЧИЙН ЦАЛИН 127-183 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН-

-Цалингийн нэмэгдэл эрүүл мэндийн салбарын ажилчдад яг бодит дэмжлэг болж чадахаар байгаа юу?

-Засгийн газраас цалин нэмэх шийдвэрийг саяхан гаргалаа. Гэхдээ шат дараатайгаар нэмэгдэнэ. Эрүүл мэнд, боловсролын салбарыг эндээс онцолж, цалинг нь нэмэх шаардлагатай гэж үзсэн. Манай сувилагч нарын 98 хувь цалингийн зээлтэй. Маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Тиймээс бид сувилагчдын цалинг 20-30 хувь нэмэгдүүлэхээр шийдсэн байгаа. Мэдээж гүйцэтгэдэг ажлаасаа зэрэглэл нь хамаарна. Засгийн газар дотроо хамгийн өндөр хувиар манай салбарын ажилчдын цалин нэмэгдсэн байгаа. Үүнийг онцолж хэлмээр байна.

-Яг хувилсан дүнгээрээ нэгж сувилагчийн цалин хэдэн төгрөгөөр нэмэгдэх юм?

-Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн, нийт сувилагчдын цалинг нэмсэн. Яг хувьчилсан дүнгээр нь авч үзвэл нэгж сувилагчийн цалин 127-183 мянган төгрөгөөр нэмэгдсэн байгаа. Энэ салбарт сувилагчдаас гадна өөр олон хүн ажилладаг. Цаашид эдгээр ажилчдынхаа цалинг шат дараатай нэмээд явна. Мэдээж, улс орны эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа билээ. Нэг дор шуудхан бүгдийг нь нэмчих боломжгүй байна. Мэргэжлийн ангилал, төвшингөөр нь шаталсан байдлаар нэмэхийн төлөө ажиллана. Ер нь 2014 оноос  хойш цалин нэмэгдээгүй. Харин манай Засгийн газар эдийн засгийн нөхцөл хүнд байгаа энэ үед цалингаа нэмж чадлаа.

-Эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах чиглэлд анхаарч байгаа гэж та сая яриандаа дурдлаа. Бид дэлхийн жишиг нийцэхийн тулд энэ салбарын ажилтнуудыг хэрхэн чадавхжуулах ёстой юм бэ?

-Дэлхийн дахинд эрүүл мэндийн салбар маш хурдацтай хөгжиж, техник технологийн шинэчлэлтүүд тасралтгүй явагдаж байна. Бид энэ жишигт нийцэж ажиллах зорилгоор 2018 онд 2.8 тэрбум төгрөгийг төсөв суулгуулсан. Эрүүл мэндийн салбарын ажилчдын боловсролыг дээшлүүлэх, чадавхжуулах чиглэлд бараг анх удаа ийм их төсөвлөж байгаа гэж болно. Одоогийн байдлаар 81 эмч нар гадны өндөр хөгжилтэй орнуудад суралцаж байна. Эдгээр эмч нар эх орондоо эмчилдэггүй өвчнүүдийг анагаах чиглэлд суралцаж байгаа юм. Үүний үр дүнд эх орондоо эмчилдэггүй байсан 39 өвчин 26 болж буурсан. Цаашид энэ тоог бууруулахын төлөө л ажиллана. Мөн эрүүл мэндийн салбарын ажилчдыг орон сууцны хөтөлбөрт хамруулах чиглэлд тодорхой ажил хийгдэнэ. Энэ мэтээр ажиллаж байна.

-САЛБАРЫН ӨМНӨ ТУЛГАМДАЖ БАЙГАА АСУУДЛУУДЫГ БОДОХООР НОЙР ХҮРДЭГГҮЙ ЮМ БИЛЭЭ-

-Одоо эргээд хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлд рүү орцгооё. Ард түмний эрүүл мэндийг яг бодлогын хүрээнд хамгаалах чиглэл дэх салбар яамны бодлогыг асуумаар байна?

 -Хүн амынхаа эрүүл мэнд рүү чиглэсэн таван гол ажлыг төлөвлөж, хэрэгжилтэд нь ихээхэн анхаарал хандуулж байна. Ингэхдээ хүн амын дунд түгээмэл тохиолдож буй өвчнүүдийг эмчилж, анагаахыг гол зорилгоо болгосон. Энэ хүрээнд Нэгдүгээрт, элэгний өвчлөлийн эсрэг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёрдугаар шатыг эхлүүлэн, хэрэгжүүлж байна. Хоёрдугаарт, “Эрүүл хүүхэд-Эрүүл шүд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газраас холбогдох шийдвэрийг нь гаргууллаа. Хөтөлбөрийн хүрээнд 2-12 настай хүүхдийнхээ шүдний эмчилгээний зардлыг төр 100 хувь даах юм. Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ. Гуравдугаарт, хавдрын өвчлөлийн асуудалд онцгой анхаарах шаардлага байгаа. Бодлогын хүрээнд хавдрын асуудлыг хэрхэн анхаарах ёстой юм бэ гэдгээ бид тодорхойлоод, удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Дөрөвдүгээрт, бэлгийн замын халдвар нийт халдварт өвчний 40 гаруй хувийг эзэлж байна. Насны хувьд харьцангуй залуу, 15-34 насанд хамаарч байх жишээтэй. Тиймээс энэ чиглэлд анхаарч ажиллана. Тавдугаарт, Сүрьеэ өвчинтэйгөө  тэмцэнэ.

-Эдгээр таван зорилтыг бүрэн дүүрэн хэрэгжих хугацааг та хэрхэн харж байна?

-Эдгээр таван ажлаас гурвынх нь хэрэгжих нөхцөл боломж үндсэндээ хангагдсан гэж болно. “Элэг бүтэн Монгол”, “Эрүүл хүүхэд-Эрүүл шүд” хөтөлбөрүүд Засгийн газраас батламжлагдсан. Засгийн газрын өчигдрийн хуралдааны үеэр сүрьеэ өвчинтэй тэмцэх чиглэл дэх ажлаа танилцуулаад, шийдвэрээ гаргуулчихлаа. Сүрьеэ өвчинтэй тэмцэх чиглэлд 3.7 тэрбум төгрөгийг 2019 оны төсөвт суулгахаар болсон. Бид энэ санхүүжилтээр улсын хэмжээнд ердөө таван ширхэг байгаа сүрьеэ өвчнийг илрүүлдэг дижитал рентген аппаратыг нэмж авна. "Глобал" сангийн шугамаар зургаан ширхгийг авснаар сүрьеэ өвчний эрт илрүүлэх ажил улсын хэмжээнд илүү идэвхжих юм. Мөн бид сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн боловсролд анхаарах хэрэгтэй байна. Ер нь иргэд энэ талаарх мэдлэггүйгээс үүдэж, өвчлөлд өртөөд байна. Үлдсэн бэлгийн замаар дамжих халдвар болон хавдрын асуудлыг Засгийн газрын түвшинд бодлогыг нь эцэслээд, илүү хурдацтай урагшлуулна гэсэн зорилт тавьсан. Ийм байдлаар бүлэглэж төлөвлөсөн ажлуудынхаа араас тасралтгүй л явж байна.  

-Мэргэжлийн бус, сэтгүүлч хүн гарч ирээд, эрүүл мэндийн салбарыг удирдаж байгаа нь буруу гэсэн дүгнэлт явж буй. Эсрэгээрээ танд мэргэжлийн бус байх нь ямар давуу тал болж байна?

-Намын удирдах зөвлөл, намын дарга, Ерөнхий сайд надад итгэл үзүүлж, сайдаар сонгогдох боломжийг өгсөн. Би сонгогч түмнийхээ итгэлийг өвөртөлсөн УИХ-ын гишүүн. Энэ олон хүний итгэл сэтгэлийг би алдаж болохгүй. Итгэлийг нь зүтгэлээр хариулах ёстой.  Одоо ээлжийн амралтаа ч авч чадахгүй ажиллаж байна гээд хэлчихвэл “Гохь чинь “ л гэж хэлэх байх. Үнэхээр амралтгүй ажиллаж байгаа. Энэ салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг бодохоор нойр хүрэхгүй юм билээ. Гэхдээ нэг ч гэсэн ажлын ард гарах гээд зүтгэж явааг минь олж хардаг. Дэмждэг хүмүүс нь олонх байгаа шүү гэж энд онцолж хэлье. Бас бүхнийг харлуулж болохгүй. Мэдээж алдаж ононо, магтуулж сайшаалгана. Ийм зүйлүүд байж л байдаг. Тийм учраас шүүмжлэлд нэг их эмзэглэдэггүй. Гол нь шүүмжлэл бодьтой, өлгөж авахуйц байх ёстой. Би энэ салбарын хүн биш. Тиймээс ч сайдаар томилогдсоныхоо дараа энэ ангийнхаа эмчийг дэмжие. Найзыгаа багтаа оруулах ёстой гэсэн хувийн эрх ашиг надад байгаагүй. Яг ажлаа хийж чадах, зарчимтай хүмүүстэйгээ хамтраад ажилласан нь миний давуу  тал болж өгсөн. Ер нь эрүүл мэндийн салбарт заавал эмч хүн ажиллах чиглэл байхгүй. Жишээ нь, би сайн санхүүчтэй ажиллахын тулд тоо бодож чаддаг хүнийг л чухалчилна. Ийм л ойлголт юм.

Ж.МЯДАГБАДАМ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn