Д.Сумъяабазар 2018.08.30 | Монголын үнэн

Д.Сумъяабазар: ШАТАХУУНЫ ИМПОРТЫН ТАТВАРЫГ ӨӨРЧИЛНӨ

Д.Сумъяабазар: ШАТАХУУНЫ ИМПОРТЫН ТАТВАРЫГ ӨӨРЧИЛНӨ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгой Гашуунсухайтын авто замд үүсээд буй асуудлыг хэлэлцжээ.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ”2017 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын 320 дугаар тогтоолоор уртын болон богино тээвэр гэж зохицуулахаар шийдсэн. Үүний дараа нөхцөл байдал сайжирч, 110 км хүртэл үүсээд байсан урт цувааг 30 орчим км болгож бууруулсан. Мөн өвлийн улиралд тээвэрлэлт хийж байгаа жолооч нарын нийгмийн асуудалд ч анхаарсан. Харин зуны цагт хэд хэдэн удаагийн үер бууж, дөрвөн чиглэлд хүндрэлтэй байдал үүссэн. Иймд энэ чиглэлийн авто замыг дөрвөн хэсэг болгон засвар шинэчлэлийг хариуцаж ажиллаж байна. Цаашид уртын тээврийг дэмжиж, олон улсын стандартад нийцсэн байдлаар явуулах ёстой. Үүсээд байгаа нөхцөл байдлыг шуурхай шийдэх зорилгоор Засгийн газрын  зүгээс хэд хэдэн тогтоол гарган ажиллаж байна” гэлээ.

Дээрх мэдээллийг өгсний дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Тавантолгойн 30 хувьд 1РО босгох ажил ямар шатандаа байна вэ. 1080 хоногт багтаах үүрэг авсан шүү дээ?

-IРО босгох төсөл дээр нэлээд шуурхайлан ажиллаж байна. Оны сүүлчээр УИХ-д танилцуулна. Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн явцтай Засгийн газрын хуралдаанаар танилцлаа. 

УУХҮЯ, "ЭрдэнэсТавантолгой" ХК-ийн хамтарсан ажлын хэсэг тус компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахтай холбоотой бэлтгэл ажлыг зохион байгуулаад дуусч байна. Хувьцааны 30 хүртэлх хувийг хөрөнгийн зах зээлд арилжаалахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан компанийн дүрэмд зайлшгүй өөрчлөлт оруулах хуулийн шаардлага үүссэний дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг ирэх сард товлон хуралдуулахаар шийдвэрлэлээ. Хувьцааг нийтэд нээлттэй санал болгож арилжаалахтай холбоотой олон улсын аудит, хууль, эрх зүйн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ авах, ордын нөөцийг шинэчлэн тогтоох зэрэг ажлын даалгаврыг хийж гүйцэтгэсэн.

-Тавантолгой ордын нөөцийн үнэлгээг 2011 онд хийсэн. Олон улсын зах зээлд хувьцаа гаргахтай холбоотойгоор үнэлгээг шинэчлэх эсэхэд та тайлбар өгнө үү?

-2011 онд АНУ-ын компаниар нөөцийн үнэлгээг бүрэн гүйцэд хийлгэсэн. Одоо нөөцийг баталгаажуулах ажлыг дахин хийж байна. Ингэснээр 7.4 тэрбумын хэмжээнд очно гэж харж байгаа.

-Шатахууны үнийг сүүлийн нэг сарын хугацаанд 2-3 удаа нэмчихлээ. Засгийн газраас энэ тухайд ямар арга хэмжээ авч байна вэ. Шатахууны импортын татварыг тэглэх шийдвэр гаргасан ч үнийг өсгөсөн хэвээр байгааг хэрхэн шийдэх вэ?

-Шатахууны үнэ олон зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал, Ираны хориг, Турк улсад үүсээд байгаа нөхцөл байдлаас үүдээд шатахууны үнэ дэлхийн зах зээлд хэлбэлзэж байна. Засгийн газрын зүгээс татварын зохицуулалт хийх асуудлыг нэлээд ярилцаж байж шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Ингэхдээ мэдээж Сангийн яамаар дамжуулан ОУВС-тай зөвшилцөж байж дараагийн Засгиин газрын хуралдаанаар оруулж ирэхээр болоод хэлэлцэх асуудлаас долоо хоногоор хойшлууллаа.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлыг Арбитрын шүүх хэлэлцээд Монголын тапд ашиггүй шийдвэр гаргасан. Энэ асуудалд Засгийн газар ямар байр суурьтай байна вэ?

-"Эрдэнэт” үйлдвэрийн 51, 49 хувьтай холбоотой асууд-лаар уулзаж, ярилцах ажлын хэсэг гаргана. Үүний дараагаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу.

М.Өнөржаргал