А.Ундраа 2018.09.03 | Үндэсний Шуудан

А.Ундраа: Дээд боловсрол САНХҮҮГИЙН дарамт байх ёсгүй

А.Ундраа: Дээд боловсрол САНХҮҮГИЙН дарамт байх ёсгүй

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.

-Та Залуучуудын хөгжлийн IV чуулганд оролцох үеэрээ залуучуудын хөгжилд төр засгийн оролцоо ямар байгаа талаар танилцуулсан. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Хүний залуу насны амьдралд томоохон өөрчлөлт олон гардаг. Өөрөөр хэлбэл, боловсрол эзэмших, хувь хүн өөрийгөө таньж мэдэх, гэр бүлтэй болох, амьдралын чиг баримжаагаа олох зэрэг хамгийн их өөрчлөлттэй үе залуу нас байдаг. Энэ утгаараа хөгжлийг залуу хүнээс салгаж ойлгох аргагүй. Залуучуудын хөгжилд төр засгийн оновчтой бодлогоос гадна тухайн хүний өөрийн бодол сэтгэл их чухал. Би Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын залуучуудын эвсэл хамтран зохион байгуулсан Залуучуудын хөгжлийн үндэсний IV чуулганд оролцсон юм. УИХ Залуучуудын хөгжлийн тухай хуулийг баталж, энэ оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлууд, эерэг өөрчлөлт, үр  дүнгийн талаар чуулганаар нэлээд ярилцлаа.

-Залуучуудын боловсрол ямар байх нь их, дээд сургуулиудын сургалтын чанартай салшгүй холбоотой. Тиймээс их, дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулахын тулд тоог нь цөөлөх ёстой гэх юм. Энэ нь хэр оновчтой арга бол?

-Боловсрол бол хүний үндсэн хэрэгцээ. Ажил хөдөлмөр эрхлэхэд шаардла­гатай ур чадварыг эзэмшихэд чанартай боловсрол зайлшгүй шаардлагатай. Харин манай улсад чанаргүй олон их, дээд сургууль байгаа нь үнэн. Тэдний тоог цөөлөх ч шаардлагатай. Гэхдээ өнөөгийн хууль эрх зүйн орчны хүрээнд хүний хөрөнгө рүү хүчээр дайрч сургуулийг нь хаах боломжгүй нь ойлгомжтой. Тэгвэл их, дээд сургуулийг цөөн, чанартай болгохын тулд магадлан итгэмжлэх, стандарт тогтоох, төгсөгчдийн ажил эрхлэлт зэргээр хязгаарладаг механизмтай болох хэрэгтэй. Тоо биш чанарыг эрхэмлэх нь зөв. Үүнээс гадна боловсролын салбарыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулмаар байна.

Ахлах ангийн төгсөгчид нэр хүндтэй, цалин өндөртэй мэргэжил рүү шуурахаасаа илүү нийгэмд эрэлттэй байгаа мэргэжлээр сурвал ажилгүйчүүдийн тоо буурна. Мөн залуучууд зөвхөн их, дээд сургууль гэхгүй МСҮТ, коллежоос мэргэжлийн ур чадвар, бизнес эрхлэх сэдлийг олж авах хэрэгтэй. Ийм шийдлийг залуучуудаасаа эхэлмээр байна. Мэдээж их, дээд сургуулиас өндөр мэдлэг боловсрол эзэмшиж буй олон хүн бий. Гэхдээ ихэнх нь сургуулиа төгсөөд мэргэжлийн ажилд орж чадахгүй, хангалттай мэдлэг боловсролтой болоогүй байгаа юм. Тиймээс дөрвөн жил цаг хугацаа, мөнгөө дэмий үрэхээр өөртөө хэрэгтэй зүйлээ хийх ухамсрыг залуучуудад суулгах хэрэгтэй.

-Боловсролын багц хууль өргөн барина гэсэн үү?

-Намрын чуулганаар боловсролын багц хуулиудыг өргөн барина. Засгийн газар хуулийн төслийн өргөн барих бэлтгэл ажлыг хангаж байгаа. Хуулийн төслүүдийг намрын чуулганаар хэлэлцэх эсэхийг мэдэхгүй. Дээд боловсрол нь суурь боловсролтой, суурь боловсрол нь дунд, бага, сургуулийн өмнөх боловсролын чанартай хүссэн хүсээгүй холбогдоно. Эдгээрийг салгаж, тусад нь авч үзэх бололцоогүй. Тиймээс бүх шатны боловсролыг багцаар авч үзэж байгаа юм. Мөн зарим их, дээд сургуулийг судалгааны чиглэлтэй болгоно гэж ярьж байна. Энэ нь ч зөв. Гэхдээ бид сургалтаа сайн хийж чадахгүй байж судалгаа хийнэ гэдэг хэцүү. Тиймээс сургалтын чанарыг бүх шатанд цогцоор нь сайжруулах зайлшгүй шаардлагатай. Үндсэндээ энэ хуулийг нийгмийн хөгжлийн суурь хууль гэж харж байгаа. Боловсролын багц хууль сайн гарснаар бүх салбар сайжирна гэж болно. Учир нь, боловсролтой холбоогүй нэг ч салбар байхгүй. Хөдөл­мөрийн зах зээл гэвэл сайн ажилтан боловсролын салба­раас бий болно. Сайн эмчийг боловсролын салбар л бэлт­гэнэ. Тэгэхээр боловс­ролын асуудлыг нэн тэргүүнд тавих нь зөв. Энэ утгаараа боловсролын багц хуулийг хурдан хэлэлцүүлэхийг хүсч байна.

-Их, дээд сургуулиудын ихэнх нь сургалтын төлбөрөө жил бүр нэмж байна. Ингэхдээ сургалтын чанараа сайжруулахын тулд төлбөр нэмсэн гэдэг тайлбар өгдөг. Төлбөр нэмэх нь сургалтын чанар сайжруулах оновчтой арга мөн үү?

-Улс орнууд өөр өөрийн гэсэн онцлогтой. Зарим улсад их, дээд сургуулийн төлбөр нь өндөр байдаг. Жишээлбэл, сургалтын төлбөр нь өндөр улсаар АНУ-ыг нэрлэж болно. Улсын сургуулиуд нь тухайн мужийн иргэндээ өөр төлбөртэй хэрнээ өөр мужийн болон гадаадын оюутнуудаас өндөр төлбөр авдаг. Дэлхийн шилдэг сургууль гэж нэрлэдэг Харвард, Стэнфордын их сургуулийн жилийн сургалтын төлбөр нь 50 мянган ам.доллароос доошгүй байдаг. Үүнийг төгрөгөөр бодоход 120 сая гаруй төгрөгийн төлбөртэй гэсэн үг.

Тэр дундаа хууль, бизнес, эрүүл мэндийн сургуулийн төлбөр нь үүнээс ч их байгаа. Энэ нь оюутнуудад санхүүгийн хувьд их дарамт болдог юм. Оюутнууд нь их өр зээлтэй төгсдөг. Харин манай улсын хувьд сургуулийн төлбөр багатай орны тоонд зүй ёсоор орно. Гэхдээ төлбөр нь бага байлаа гээд сургалт нь чанаргүй байх ёстой биш. Их сургуулиудын сургалтын төлбөрийг нэмэгдэхэд олон айл өрхөд санхүүгийн дарамт үүсч байгаа. Малчид л гэхэд хүүхдээ сургуульд сургахын тулд малаа худалдаж байна. Зарим нь хамгийн гол орлого болох ноолуурын мөнгөө сургалтын төлбөрт л зарцуулж байна шүү дээ. Энэ нь мал цөөтэй айлд санхүүгийн маш том дарамт болно. Миний хувьд дээд боловсрол санхүүгийн дарамт байх ёсгүй гэсэн зарчмын байр суурьтай байдаг. 

-Боловсролын чанарыг сайжруулахын тулд багшийн хөгжлийг ярих нь зүйн хэрэг. Багшийг хөгжүүлэхэд манай улсад ямар бодлого хэрэгтэй байна вэ?

-Бид багшийн ачийг эцэг, эхийн ачтай зүйрлэж дээдэлдэг уламжлал соёлтой ард түмэн. Шат шатандаа маш сайн багш манайд олон бий. Үлгэр жишээ багш нарт сурагчид гэлтгүй, эцэг, эхчүүд ямар их баярладаг билээ. Хүн бүр л өөрт нь нөлөөлсөн, ихийг зааж сургасан багшаа насан туршдаа боддог.

Тэгэхээр сайн багш олон байна гэсэн үг. Хууль эрх зүйн орчны хувьд УИХ-аар Багшийн хөгжлийн тухай хуулийг баталсан. Миний хувьд хуулийг бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажилласан. Багшийн ур чадварыг байнга дээшлүүлэх, хөгжих боломж олгох, цалинг нь хийж буй ажилтай нь уялдуулах зэрэг хэд хэдэн зарчмын өөрчлөлт орсон. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр тойргийнхоо багш нараас санал авч, хуулийн төсөлд тодорхой хэмжээгээр тусгаж чадсан. Багшийн амьдралыг сайжруулахын тулд цалин нэмэх нь зөв. Сайн багшаас сайн шавь төрнө. Тиймээс бид багш нарыг хөгжүүлэхгүйгээр, тэдний нэр хүндийг хадгалахгүйгээр, тэдний цалинг нэмэхгүйгээр боловсролын чанар ярих нь хүндрэлтэй.

-Та “HeForshe” хөдөлгөөн эхлүүлсэн гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Өнгөрсөн долдугаар сард НҮБ-ын “HeForshe” хөдөл­гөөнийг Монголдоо эхлүүл­сэн. Үүнийг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийн хөдөлгөөн гэж ойлгож болно. Эмэгтэйчүүдийн тухайд хэдийгээр нийгмийн шат шатанд идэвхтэй оролцож байгаа ч гэсэн шийдвэр гаргах төвшинд харьцангуй бага байгаа. Нийгмийн асуудал шийдэгдэхгүй байгаа нь магадгүй шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүд цөөн байгаатай холбоотой байж болзошгүй. Тэгэхээр нийгмийн асуудлаа шийдье гэвэл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алиных нь оролцоо тэгш байх ёстой гэсэн зарчим нь хөдөлгөөний цаад агуулга юм.

-Өмнөхөө бодвол одоо­гийн парламент хамгийн олон эмэгтэй гишүүнтэй. Гэхдээ оролцоогоороо өмнөх пар­ламентын эмэгтэй гишүүдийг гүйцэхгүй байна гэсэн шүүмжлэх гарах болсон?

-“HeForshe” хөдөлгөөнийг өөрийн чинь асууж байгаа энэ асуултын хүрээнд эхлүүлж байгаа юм. Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө зөвхөн эмэгтэйчүүд өөрсдөө явах нь хангалтгүй. Энэ асуудалд эрэгтэй хүмүүс  ч оролцож байж жендерийн тэгш байдал хангагдана. Хоёрдугаарт, шийдвэр гаргах төвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг тодорхой асуудлаар эмэгтэй хүн хариуцах ёстой гэсэн хандлага түгээмэл байдаг. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл, жендерийн асуудалд эмэгтэйчүүд л анхаарах ёстой гэсэн хандлага байгаа юм. Харин миний баримталдаг байр суурь бол аливаа асуудалд эрэгтэй, эмэгтэй хүмүүс адилхан л анхаарах хэрэгтэй. Хүчирхийлэл, нийгмийн асуудал аль нэг хүйсийн өмч биш шүү дээ. Бид хамтарч шийдэж байж л гарц гаргалгааг нь олж, хөгжиж, урагшилна.

-УИХ-д ямарваа нэг асуудлыг эмэгтэйчүүд нь хариуц гэж орхих хандлага байна уу?

-Энэ асуудлыг манай эмэгтэйчүүд шийднэ биз дээ гэж хаях хандлага нэлээд байдаг. Миний хувьд хууль тогтоогчдод хандаж “Та нар тийм амархан мултрахгүй шүү” гэж хэлмээр байна. Нийгмээрээ ийм шаардлага тавих хэрэгтэй. Хүмүүс ихэнхдээ “Энэ асуудалд эмэгтэйчүүд яагаад дуугарахгүй байна вэ” гэдэг. Эмэгтэйчүүд дуугарахын дээдээр дуугарч байгаа. Эмэгтэй гишүүдийн ажилласан цагийг тооцоод үзвэл эрэгтэйчүүдтэй харьцуулшгүй өндөр тоо гарна. Эрэгтэйчүүд нь өөрөө өөрсдийгөө чөлөөлөөд сууж байдаг. Тэд өөрсдийгөө чөлөөлөх ёсгүй шүү дээ.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn