Сарангэрэл.Д 2018.10.05 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Сумдын эмнэлгийн мэргэжилтнүүд зөвлөлдөж байна

Сумдын эмнэлгийн мэргэжилтнүүд зөвлөлдөж байна

Эрүүл мэндийн яам, Монголын сумын эмч, мэргэжилтний холбоо хамтран “СУМ, ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫГ 10 дугаар сарын 4-6-ний өдрүүдэд Сүнжин гранд зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна.

Чуулганы гол зорилго нь Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгчдийг чадавхижуулах, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг хангахад чиглэсэн хүн төвтэй цогц тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгчдэд эрх зүйн шинэчлэл өөрчлөлтийн талаархи мэдээллийг танилцуулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, зонхилон тохиолдох халдварт, халдварт бус өвчний хяналт, сэргийлэлтийн чиглэлээр сургалт зохион байгуулах, хүн амд ялангуяа алслагдсан бүс нутгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах болон МСЭМХ-ны зохион байгуулалт, цаашид хийх ажлын чиглэлийг хэлэлцэн, чуулганаас зөвлөмж гаргана.

Нөгөө талаас төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд төрийн бус байгууллагууд тодорхой үүргийг хүлээж, төрийн ачааг хуваалцан, мэргэжилдээ үнэнч чин сэтгэл, мэргэжлийн ёс зүйгээрээ нэгдэн зүтгэж буй мэргэжлийн нийгэмлэг, холбоодын идэвхи зүтгэл, үүрэг оролцоо чухал юм.

Монголын сумын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн холбоо /МСЭМХ/ нь энэ л зорилгын хүрээнд 2010 онд үүсэн байгуулагдаж, өнөөг хүртэл эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний эрх зүйн орчныг боловсронгуй болгох, сумын эрүүл мэндийн төв (СЭМТ)-ийн үйл ажиллагааг  чиглүүлэн идэвхжүүлэх, сумын эмч мэргэжилтнүүдийг сургаж хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Сумын эрүүл мэндийн төвийн хөгжлийн шинэчлэл улсын анхдугаар зөвлөгөөнийг 2013 онд анх зохион байгуулж байсан бөгөөд энэ жил хоёр дахь удаагаа “Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн үндэсний чуулган”-ыг зохион байгуулж байна.

Эхний өдрийн зөвлөгөөнийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц,  удирдан явуулсан. Мөн энэ үеэр сумдын Эрүүл мэндийн төвийн тэргүүний эмч мэргэжилтнүүдэд шагнал гардуулсан юм.

Тус чуулганд Монгол Улсын 21 аймгийн 329 сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон Эрүүл мэндийн яам, аймгийн Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтан, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбооны хамт олны нийт 365 хүн оролцож байна.Чуулган маргааш хүртэл үргэлжилнэ