Содбаатар.Я Содбилэг.О 2018.10.10 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Хэлэлцээрт нэгдэж орох тухай хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ

Хэлэлцээрт нэгдэж орох тухай хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэж орох тухай хуулийг соёрхон батлах тухай асуудал хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар танилцуулсан юм.

Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр” нь 1980 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд одоогоор 32 улс нэгдээд байгаа аж. Хэлэлцээрт нэгдсэн улс орнууд нь цэргийн зориулалтаас бусад иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн худалдаанд үүсч байгаа бэрхшээлийг арилгах, хэлэлцээрийн хавсралтад тусгагдсан тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн татвараас чөлөөлөх зохицуулалтыг өөрийн орны хууль тогтоомжид тусгаж хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг байна.

Салбарын сайд илтгэлдээ, иргэний нисэхийн салбар нь нийгэм эдийн засгийн онцгой чухал бүрэлдэхүүн болохын хувьд агаарын тээврийн зах зээлийг өргөжүүлэх, агаарын хөлгийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, технологийн цаашдын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор иргэний агаарын хөлөг, түүний сэлбэг, тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг хялбаршуулах, Засгийн газраас татварын бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага тулгарч байна.

Монгол Улс нэгдэн энэ хэлэлцээрт нэгдэж орсноор юуны өмнө агаарын хөлөг, түүний сэлбэг, тоног төхөөрөмжийн худалдаанд учирдаг саад бэрхшээлийг багасгаж хялбаршуулах, ингэснээр арилжааны агаарын тээврийн салбараас гадна хөдөө аж ахуй, түргэн тусламжийн, хувийн хэрэгцээний зэрэг ерөнхий зориулалтын агаарын тээврийн салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх юм. Мөн зорчигч тээврээс гадна цэргийн зориулалтаас бусад бүх төрлийн иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр, хөлгийн бүрэлдэхүүн хэсэг болох эд ангиуд, газар дээрх нислэгийн бүх дадлагажуур татвараас чөлөөлөгдөх боломжтой болно. Түүнчлэн агаарын хөлгийн засвар, үйлчилгээ хийх экспортын үйлчилгээ өргөжин хөгжих таатай нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг дурдлаа.

Хууль санаачлагчийн итгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Л.Болд, Б.Бат-Эрдэнэ нар Зам, тээврийн хөгжлийн сайд болон хуралдаанд оролцсон Иргэний нисэхийн ерөнхий газар, “МИАТ” ТӨХК-ийн удирдлагуудаас асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Засгийн газрын 2018 оны 120 дугаар тогтоолоор ерөнхий зориулалтын нисэхийн бизнесийн таатай орчин бий болгох, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, агаарын зайн зохион байгуулалтыг сайжруулах, нисэгч, инженер техникийн ажилтнууд бэлтгэх сургаптын төв, засвар үйлчилгээний төв байгуулах зэрэг үйл ажиллагааны харилцан уялдаатай нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнг тодорхойлж, 2018-2022 онд хэрэгжүүлэх “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталсан.

Монгол Улсын хууль тогтоомжид зорчигч тээврийн агаарын хөлөг, түүний сэлбэгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалттай. Харин ерөнхий зориулалтын агаарын хөлгийн хувьд татвараас чөлөөлөх зохицуулалтгүй учраас “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орсноор иргэний нисэхийн зориулалтаар ашиглах агаарын хөлгийг татвараас чөлөөлөх эрх зүйн орчин бүрдэж, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэхэд дэмжлэг болох юм гэдгийг салбарын сайд тодотголоо.

Одоогоор манай улсын иргэний нисэхийн салбарт зорчигч тээврийн 18, хөдөө аж ахуй, сургалт, ачаа тээврийн 13 агаарын хөлөг байгаа. Агаарын тээврийн байгууллагуудын хувьд өндөр үнэ өртөг бүхий агаарын хөлгийг шууд авч ашиглахад санхүүгийн хүндрэлтэй байдаг тул агаарын хөлгийг түрээсээр авч ашиглах нь түгээмэл бөгөөд одоогийн байдлаар 4 агаарын хөлгийг түрээсээр ашиглаж байна. Манай улсын иргэний нисэхийн салбарын сүүлийн 10 жилийн статистик үзүүлэлтээс үзэхэд агаарын тээврээр зорчигчийн тоо жилд дунджаар 7.0 хувийн өсөлттэй байгаа гэдгийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн хэллээ. Орон нутгийн нислэгийн үнийг бууруулахын тулд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тусгай төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа, ингэснээр Говь-Алтай аймагт нислэг сэргэсэн, одоо энэ хөтөлбөрийг Хөвсгөл, Баянхонгорт эхлүүлэхээр ажиллаж байна. Мөн “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд 4 аймгийн төвийн нисэх буудлыг шинэчлэх, аялал жуулчлалын гол бүс нутаг дахь жижиг нисэх буудлуудыг сэргээн засварлахаар болсныг дурдлаа.

 Харин “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газар нь Европын Холбоо, БНСУ зэрэг орны Иргэний нисэхийн удирдах газраас агаарын хөлгийн засвар, үйлчилгээ хийх эрх авч гэрчилгээжсэн, 2017 онд гадаадын 50 гаруй агаарын хөлөгт засвар, үйлчилгээ хийсэн. Ирэх оноос нислэгийн тоо, зорчигч тээвэр, суудлын тоо нэмэгдэнэ, өрсөлдөөн бий болно, энэ үүднээс нислэгийн зарим шинэ чиглэлийн талаар холбогдох тооцоо судалгаа хийж, санал боловсруулж байгаа. Тиймээс ялангуяа Солонгосын чиглэлд зуны улиралд суудал олддоггүй гэсэн асуудал арилна, суудлын тоо, багтаамж, нислэгийн тоо нэмэгдэхийн хэрээр нэгж суудлын үнэч зохих хэмжээгээр буурна гэж үзэж буйгаа тус компанийн захирал гүйцэтгэх захирал Д.Баттөр хэлж байв.

Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75.0 хувь нь Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэж орох тухай хуулийг соёрхон батлахыг дэмжсэн тул энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.