Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Дэлхийн худалдааны байгууллагын "Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр"-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Дэлхийн худалдааны байгууллагын "Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр"-т нэгдсэнээр агаарын тээврийн хөлгийн хүчин чадал нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжөө сайжруулах, сэлбэг хэрэгслээ гааль, НӨАТ-гүйгээр авах боломж нээгдэж байгаа юм. Аливаа салбарыг дэмжие гэвэл дагалдах томоохон зардлуудыг чөлөөлж баймаар байна. - Монголын иргэний агаарын тээвэр, иргэний агаарын зам бол биднийг ирээдүйд тэжээх юм. Египет улсын олон хаад тэр олон пирамидыг бариад ирээдүй хойч үеэ тэжээж байгаа гэдэг шиг манай агаарын зам биднийг олон жил тэжээнэ. Тэгвэл энэ Монгол Улсын агаарын замыг яагаад зах зээл болгон нээж өгч байгаа юм бэ? Хэдэн жилийн хугацаатай өгөх юм бэ? Бусад улс оронд газар нутгаа тодорхой хугацаанд түрээслүүлдэг. Тэгвэл Монгол Улсын агаарын зам дээр либериалчилал яаж хийх гэж байгаа юм. - Иргэний агаарын тээврийн салбарт улс төрийн бус мэргэжлийн томилгоо хиймээр байна. Мэргэжлийн олон хүнийг халаад улс төрчдийн мэргэжлийн бус хамаатан саданг томилдог. Үүнийг шинэ сайд анхаараарай. - Агаарын тээвэр бол ирээдүйд манай улс дэлхийн төв ложистик болох юм. МИАТ энэ тал дээр юу хийж байгаа вэ? Салбар нь ямар бодлого баримтлах вэ? - Хамтран ажиллана гэж байна. Ингэхдээ хөрөнгө оруулалтаар хамтран ажиллах боломж юу байна вэ? - Хөшигтийн хөндийн нисэх буудал олон зуун мянган хөрөнгө оруулалтаар баригдлаа. Гэтэл одоо хүртэл ашиглалтад ороогүй. Менежментийн удирдлага зохион байгуулалтгүй байна. Энэ тал дээр салбарын яам хэрхэн анхаарч ажиллаж байна вэ? Түүний асуултанд Зам тээврийн хөгжлийн сайд хариуллаа. Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Энэ салбарын төрөөс баримтлах бодлого бол гарсан. Хөшигийн хөндийн нисэх буудал олон асуудал байна. Жишээлбэл яам хоорондын шийдвэрлэх 36 ажил, өөрсдөө гүйцэтгэх ёстой 100 гаад ажил байна. 7 хоногоор ажлын төлөвлөгөө гаргаж өгсөн. Ажлаа аваад шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахад анхаарч ажиллаж байгаа. Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Ирэх оны эхний хагаст ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Дэлхийн худалдааны байгууллагын "Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр"-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ оны 5-р сард Зам тээврийн хөгжлийн сайдад Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ш.Раднаасэд нар "Төрөөс агаарын тээврийн салбарт баримтлах бодлогын талаар асуулга" тавьсан. Асуулгын хариуг яаралтай өгөхийг хүслээ. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: МИАТ-ын тийзний асуудлаар асуулга тавьсан. Асуулгын хариуг та өгөөрэй. Шаардлагатай бол УИХ-аар хэлэлцүүлнэ. МИАТ дээр олон асуудал байгаа ч хамгийн гол нь дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад хэт өндөр үнэтэй тийз зарж байгаа шүү дээ. Таны сая хэлсэн тийзний үнэ сая би утсаар яриад тийз авая гэхэд хэлсэн үнэнээс зөрж байна. Хүмүүс гадаадруу тансаглах гэж, мөнгө нь илүүдэд яавж байгаа биш л дээ. Солонгосын авиа компаниуд монголын нислэгийг авах асар их сонирхолтой байдаг. Учир нь ашигтай ажиллана гэж үзээд байна. бусад авиа компаниудын тийзний үнийг судлаад үзэхээр дундаж нь 200 ам.доллар л байгаа юм. Гэтэл МИАТ 700 ам.долларын үнэтэй. 3,5 дахин илүү үнэтэй тийз зарж байна. Зам тээврийн хөгжлийн сайд нар энэ асуудалд тайлбар хэлээд л байдаг. Гэхдээ асуудал урагшаа явдаггүй. Солонгосруу нислэгт хоол идэхгүй байя. Тийзний үнэ хэд вэ? 200 ам.долларлуу очих уу? Энэ хэлэлцээр үнэхээр ашигтай байсан л юм бол 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл яагаад нэгдэхгүй байсан юм бэ? Ж.Ганбаатар гишүүний асуултанд Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар хариулт өглөө. Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар: Тийзний үнийг бууруулах чиглэлд ажиллаж байгаа. Ажлын хэсэг гараад тийзний үнэд нөлөөлж байгаа нөхцлүүдийг судалж байна. Харин хэлэлцээрт өнөөдөр нэгдэх болсон шалтгаан нь хэлэлцээрт байгаа нөхцөлүүд одоо л манай улсад үүсэж байна. Жишээ нь онгоц угсрах, засварлах гэх мэт асуудал байна.
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Дэлхийн худалдааны байгууллагын "Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр"-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр О.Баасанхүү гишүүн салбарын сайдаас хэд хэдэн асуулт асуулаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 1. Орос-Монголын Төмөр замын онцгой гэрээ байдаг юм шиг байгаа юм. Шатахууны үнэ өөрчлөгдөхгүй нөхцөлтэй. Яг үүн шиг МИАТ гэх мэт стратегийн ач холбогдолтой байгууллагууд мэдээж шатахуунаа ОХУ-аас авч л байгаа юм чинь урт хугацааны хөнгөлөлттэй гэрээ хийж болдоггүй юм уу? Нэг компанийн саванд нь найдаад өгсөн. Тэр гэрээгээрээ л яваад байдаг. Одоо жаахан хөдөлж, шатахууны үнийг хямдруулаад явж болдоггүй юм уу? Шатахууны үнийг дагаад иргэний худалдан авч байгаа тасалбарын үнэ өндөр байгаад байна л даа. 2. Бид өндөр үнээр онгоц авсан. Төлбөр нь дууссан уу? Ер нь яагаад тийм өндөр үнээр онгоц авсан юм бэ? Тухайн үед зуучилсан компанид шалгалт хийх боломж байна уу? МИАТ-ын эдийн засаг хүндэрсэн шалтгаан нь энэ шинэ онгоц авсан явдал гэж би ойлгож байна. 3. Бид ер нь шатахуун үйлдвэрлэгч, түгээгч компаниудыг үргэлж бодож, харж үзээд татварын хөнгөлөлт, татаас өгөөд явж байсан. Гэтэл тэд биднийг, ард иргэдийг бодож байсан удаа байхгүй. Тэгээд өндөр үнээр онгоц аваад одоо өртөгөө дийлэхгүй яваад байна. Шатахуун импортлогчидоос хөнгөлөлт үзүүлэх арга чарга байдаггүй юм уу? О.Баасанхүү гишүүний дээрх асуултанд ажлаа аваад удаагүй байгаа Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар хариуллаа. ЗТХ-ийн сайд Я.Содбаатар: Дэлхийн худалдааны байгууллагын "Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр"-т орсноор манай улсад олон давуу тал үүсэх юм. Агаарын хөлгийн засвар үйлчилгээ хийгдэх, зорчигч бус тээврийн үйлчилгээнд ч давуу тал үүсэх юм. Таны асуусан шатахууны үнийн асуудал дээр миний хувьд санал нэг байна. Өнөөдөр ОХУ-ын Роснефть компани агаарын хөлгийн Теси 1 гэх шатахууныг нийлүүлдэг. Энийг өөр эх үүсвэртэй болгохоор яаман дээр судалгаа хийгдэж байгаа. Шатахууны зардал МИАТ компанийн нийт зардлын 27%-ийг эзэлж байгаа юм. Тиймээс тийзний үнэ бууруулах, МИАТ-ыг ашигтай ажлуулах тал дээр шатахууны үнийг нь тогтвортой байлгаж, хямдруулах шаардлагатай байгаа. Энэ чиглэлийн яриа хэлцэл эхэлсэн байгаа. Шинэ нисэх буудал ашиглалтанд орох гэж байна. Үүнээс урьтан шатахууны үнийг бууруулах тал дээр анхаарч байна. 2013 онд 3 онгоц худалдан авахаар Боинг компанитай гэрээ хийсэн. 121,4 сая ам.долларын тооцоо байгаа. 57,8 сая төлсөн. 63,8 сая нь үлдсэн. Үүнийг шат дараатай төлөлт хийгдэж байгаа. Нөгөө 2 онгоцыг худалдан авах бус түрээсээр хэрэглэхээр өөрчлөгдсөн.