Монгол, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан симпозиум, соёлын арга хэмжээ боллоо
2018.10.16

Монгол, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан симпозиум, соёлын арга хэмжээ боллоо

Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан симпозиум, соёлын арга хэмжээ өнөөдөр ГХЯ-нд боллоо.

Арга хэмжээг нээж Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён О Сын Хо нар үг хэлэв.

Нээлтийн арга хэмжээнд УИХ дахь Монгол, БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга О.Баасанхүү, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Монгол, БНАСАУ-ын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж ирсэн улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, дипломатчид, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид болон БНАСАУ-ын ЭСЯ-ны ажилтнууд оролцлоо.

Дэд сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ “Монгол, Солонгосын уламжлалт, найрсаг харилцаа он цагийн шалгуурыг туулан 70 жилийн туршид тогтвортой урагшлан хөгжиж ирлээ. Манай хоёр улс бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг харилцан хүлээн зөвшөөрсөн хоёр дахь улс бөгөөд Монгол, Солонгосын харилцааг хөгжүүлэхэд чин сэтгэл, хүч хөдөлмөрөө дайчилж ирсэн хоёр улсын үе үеийн төр, засгийн удирдагчид,  дипломатууд, нийгмийн зүтгэлтнүүддээ хүндэтгэл илэрхийлье.

Энэ оны 2 дугаар сард Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНАСАУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Энэхүү айлчлалын дараахан Солонгосын хойг дахь энх тайван, аюулгүй байдлыг хангаж, яриа хэлэлцээг сэргээхэд чиглэсэн олон чухал арга хэмжээ ар араасаа цувран өрнөж, хэдхэн сарын дотор БНАСАУ, АНУ-ын түүхэн дээд түвшний уулзалт болон Солонгос хоорондын гурван дээд түвшний уулзалт боллоо. Панмүнжөм, Пёньяны тунхаглалууд цаашид биеллээ олж, холбогдох яриа хэлэлцээ амжилтад хүрээсэй хэмээн чин сэтгэлээс хүсч байна”  хэмээн онцлов.

Элчин сайд О Сын Хо “Манай хоёр улс 1948 оны 10 дугаар сарын 15-нд найрамдалт харилцааг тогтоосноос хойш өнгөрсөн 70 жилийн турш энэхүү харилцааг хоёр орны ард түмний хүсэл эрмэлзэл, нийтлэг эрх ашигт нийцүүлэн өргөжүүлэн хөгжүүлж ирсэн билээ. Мөн манай хоёр улс нөхөрсөг ах дүүгийн сэтгэлээр хэцүү бэрхшээлтэй үед харилцан тусалж эв нэгдсэн бөгөөд энх тайванч гадаад бодлогыг дэвшүүлж бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдлын төлөө хамтран ажиллаж ирсэн билээ” гэв.

Өнөөдрийн арга хэмжээний үеэр “Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа – 70 жил” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн, БНАСАУ-ын уран бүтээлчдийн дүрслэх урлагийн ховор бүтээл, уран хатгамал, уран зургийн үзэсгэлэн, БНАСАУ-ын ном, хэвлэл, маркийн үзэсгэлэнг толилууллаа. Мөн БНАСАУ-д 2001-2008 онд Элчин сайдаар ажиллаж байсан Ж.Ломбын “Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа 70 жил” номны нээлт боллоо.

Манай улсын удирдлагаас анх БНАСАУ-д Ю.Цэдэнбал 1956 онд, Ж.Батмөнх 1986 онд, Ерөнхий сайд Р.Амаржаргал 1999 онд, Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2003 онд, Ерөнхийлөгч Н.Багабанди 2004 онд хожмоо Ц.Элбэгдорж нар БНАСАУ-д, БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Ир Сен 1956, 1988 онд Монголд тус тус айлчилсан. Үүнээс гадна Гадаад харилцааны сайд Л.Ринчин 1974 онд, Ц.Гомбосүрэн 1989 онд, Ш.Алтангэрэл 1999 онд, Л.Эрдэнэчулуун 2003 онд БНАСАУ-д, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Хө Дам 1973 онд, Ким Ен Нам (Одоо Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн дарга) 1985, 1988 онд Монголд айлчилж байсныг дурдсан юм.

Солонгосын дайны хүнд бэрх өдрүүдэд буюу 1951 онд манай хоёр улс ЭСЯ-даа харилцан нээж, АИХ-ын даргаЖ.Самбуу Монгол улсаас БНАСАУ-д суух анхны Элчин сайдаар томилогдон ажиллаж байв.

Тэрээр Солонгосын хойгийн ид дайны үед Пхеньян дахь гадаадын орнуудын дипломат нар болон төлөөлөгчдийн газруудын аюулгүй байдлыг ханган нүүлгэн шилжүүлэхэд Ж.Самбуу дарга Ким Ир Сенд хань болж нуувчинд нь шатар нүүж үлдсэн тухай, хожим 1988 онд Ким Ир Сен манай улсад айлчлахдаа дурсан ярьсан байдаг. Тэрбээр Ж.Самбуу гуайн хүүхдүүдийг сураглан уулзаж, нутагтаа урьж, ач нарыг нь БНАСАУ-ын Их сургуульд сургаж байсан түүхийг ахмад дипломатч, Элчин сайд асан Ж.Ломбо өнөөдөр дурсан ярив.

Манай хоёр орны харилцаа эхэн үедээ Солонгосын дайны үеэр Солонгос хүүхдүүдийг Монголд хүлээн авах зэргээр харилцан туслалцааны шугамаар эхэлж дараа нь худалдаа өргөжиж, жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх, эмийн ургамлын чиглэлээр хамтарсан ААН байгуулах, химийн үйлдвэрийн шугмаар оюутан сургах зэргээр үргэлжилсэн.

1990 оны шилжилтийн үед хоёр орны харилцаа дахин сэргэж, төр, засгийнхан харилцан айлчлал хийж, БНАСАУ-ын иргэд манай барилга, зам, хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллаж байна. Цаашид хамтын ажиллагаа өргөжин тэлэх олон боломж бий. Ийм ирээдүй биднийг хүлээж байна. Манай улс хуучнаар ЗХУ-ын дараа БНАСАУ-ыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон хоёр дахь орон байгаа юм. Хамгийн урт удаан хугацааны найрсаг харилцаатай орон юм гэдгийг ахмад дипломатч хэлж байлаа. 

Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Солонгосын Хөдөлмөрийн Намын дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын, Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам нар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо нар баярын захидал солилцлоо.

Хоёр орны хоорон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен Монгол Улсад айлчилсны 30 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын одоогийн удирдагч Ким Жон Уныг Монголд айлчлахыг уриад байгаа юм.