А.Ундраа 2018.11.15 | Vip76.mn

А.Ундраа: Төмөр замчдын нийгмийн хамгааллын асуудалд анхаараарай

Өнөөдөр /2018.11.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 

Засгийн газраас 2018 оны 06 сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулиар "Улаанбаатар төмөр зам"-ын ашиглалтад шаардлагатай бараа материалыг татвараас чөлөөлөх юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн А.Ундраа:

“2018 оны 10 сарын 18-д ОХУ-ын БХ-ын сайд Сергей Шойгу айлчилсан. Байлдааны гавьяаны одонгоор шагнасан. Монгол Оросын харилцааны хувьд Улаанбаатар төмөр зам чухал үүрэгтэй. Эдийн засгийн хувьд ч стратегийн гол байгууллага юм. ЗТХ-ийн сайдаас асуумаар байна. ОУ-ын гэрээ хэлэлцээрээр зохицуулагдаж байгаа асуудалд хайнга хандсанаас болж ийнхүү татвараас чөлөөлөх тухай ярихад хүрсэн байна. Төмөр замчид болон төмөр замтай холбоотой 2 асуудал байна. Төмөр замчдын тэтгэврийн асуудлыг ОХУ-ын шийдвэрлэж байгаа түвшинтэй дүйцүүлэх, нийгмийн хамгааллын асуудал байна. Сайд анхаарал хандуулна уу? 2 улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэг асуудал бол Улаанбаатар төмөр замын арын цэцэрлэг юм. Улаанбаатар хотын ногоон байгууламжын хувьд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дараа орно. Үүнийг нийслэл, БГД-ийн газрын алба хэсэгчлэн хувь хүнд олгосон. Архичид цугладаг, хогийн цэг байдалтай болсон. Үүнийг анхаараарай” гэлээ.

Түүний асуултанд ЗТХ-ийн сайд Я.Содбаатар хариуллаа.

“Улаанбаатар төмөр зам энэ жил дээд хэмжээндээ хүргэж 25 сая тонн ачаа тээвэрлэж байна. Төмөр замаа шинэчлэх цаг үед тулж ирээд байна. Өнөөдөр УБ төмөр замын харьяанд 16 мянга шахам иргэн байна. Тэдний нийгмийн халамжийн асуудал чухлаар яригдах болсон. Ерөнхий хороогоор энэ асуудлаа чухлаар ярьж байгаа. Ирэх 7 хоногт ОХУ-д айлчилна. Энэ асуудлаа ярина. Мөн харьяаны газруудаа баталгаажуулах ажил сүүлийн 2 жил эрчимтэй хийгдэж байгаа. Таны хэлсэн саналыг хурлаараа анхаарч ярилцах болно.”