Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар АН бүлэгт 2 цагийн завсарлага өглөө
2018.11.22

Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар АН бүлэгт 2 цагийн завсарлага өглөө

Өнөөдөр /2018.11.22/ УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх оны төсөвт тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр тогтсон. 

Монгол Улсын Ерөнхийлөгч 2018 оны 11 сарын 15-ны өдөр Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсөвт бүхэлд нь хориг тавьсан 6 үндэслэл бүхий албан бичгийг УИХ-ын даргад гардуулсан билээ. Хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг 15 хоногийн дотор хэлэлцэж шийдэх ёстой юм. Хууль зүйн байнгын хороо болон Төсвийн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж үзсэн. 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх өнөөдрийн чуулганд нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээрээ албан үүргээсээ чөлөөлөгдөх тухай албан шаардлага хүргүүлж, шийдвэрлэх хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас бусад Засгийн газрын гишүүд хуралдаанд оролцсонгүй. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн асуудлыг хэлэлцэж байхад Засгийн газрын гишүүд хуралдаанд оролцохгүй байх нь зохимжгүй гэдэг шалтгаанаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мөн хоригийн танилцуулгыг хийгээгүй. Тиймээс АН бүлэг Ерөнхийлөгчийн хоригийн асуудалд завсарлага хүссэн юм. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн зүгээс Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын өөрөө хуралдаанд танилцуулга хийхгүй байгаа учир хоригоо буцаасан гэж үзье гэсэн санал гаргасан бол зарим УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдийг яаралтай орж ирэхийг шаардаж, бухимдлаа илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн, АН бүлгийн дарга Д.Эрдэнэбат: "АН бүлэг парламентын үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой гэсэн байр суурь дээр байна. Гэхдээ асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Нэг нэгнийгээ хууль бусаар шахаж шаардсан асуудал дээр АН бүлэг байр суурь нэгдээгүй. Төсвийн хоригтой асуудлаар олонхийн бүлгийн байр суурь нэгдмэл биш байгаа байдал ажиглагдаж байна. Тиймээс энэ асуудлаар МАН бүлэг нухацтай ярилцаж, санал нэгдэх хэрэгтэй. Тиймээс АН бүлэг Ерөнхийлөгчийн хоригийн асуудалд завсарлага хүсч байна" гэсэн юм. 

Харин УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх хуулийн хугацаатай учир АН бүлэгт 2 цагийн завсарлага өгье гэснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан тарлаа.