2018.11.30

Д.Оюунхорол: Ерөнхий сайд та улс төрийн эрх мэдлээрээ далайж айлгах эрхгүй

Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

“Би 20 гаруй жил Монголын төрд ажиллаж байна. Гэтэл өнөөдрийнх шиг ийм байдлыг харж байсангүй. Өнгөрсөн 28 жилийн дотор 15 засгийн газар огцорч байсан. Гэхдээ шаардлага тавьж, хариуцлага тооцно гэсний төлөө УИХ-даа орж ирээд ингэж дарамталдаг Ерөнхий сайд үзээгүй. Биднийг шударга ёсны төлөө дуугарсны төлөө МАН-аас хөөсөн тухай сонсоод гайхаж байна.

Бид хэн нэг даргын талд орж шударга ёсны төлөө зарчмаас хэлтийнэ гэж тангараг өргөөгүй. Тиймээс энэ замбараагүй явдлаа зогсоогооч гэж хүсч байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурсан хүмүүс дунд олигархи 30 гэр бүл багтаж байна гэж гүтгэхээ боль.

Ерөнхий сайд та биднийг улс төрийн эрх мэдлээр далайлгаж, доромжлох эрх байхгүй. Таны ийм ёс зүйгүй үйлдэл 65 суудалтай намаа хувааж, энд байгаа хүмүүс нь бие биерүүгээ цэх хараад үг солих нүүргүй үлдэж байна.”