Ундраа.А 2018.12.11 | Vip76.mn

А.Ундраа: ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн асуудалд анхаарах ёстой

Өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2017 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.

УИХ-ын гишүүн А.Ундраа:

“2019 оны 3-р сард Абу даби хотноо болох тусгай олимпт оролцохоор Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бэлтгэлээ хангаж байгаа. Дауны холбоо, Аутизмын холбоо зэрэг эцэг эхчүүдийн сайн дураараа байгуулсан төрийн бус байгууллагууд идэвхи санаачлагатай ажиллаж байна. Үүн дээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа маш чухал. Цаашдаа БСШУСЯ-ны оюун бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмшүүлэх асуудал нэн чухлаар яригдаж байна.

Мөн ХБХ-ийн сургуулийн барилга БГД-т шав тавьсан. Барилгын ажлын явц ямар байна вэ? Харааны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хийгээд замын хөдөлгөөнд оролцох тал дээр анхаарал хэр хандуулж байна вэ? Төрийн байгууллагад ХБИ-ийг тодорхой тооны ажилд авч ажиллуулах ёстой. Энэ тал дээр анхаарал хандуулж, хяналт тавиарай.

Цаашлаад хүний эрхийн түгээмэл тунхаглалыг ЕБС-ийн сурагчидад энгийн хялбарчилсан байдлаар таниулхын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлыг ч мөн оруулах нь зүйтэй гэсэн саналтай байна.”

Түүний асуултанд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ХНХ-ийн дэд сайд Б.Мөнгөнчимэг болон БСШУСЯ-ны төлөөлөл хариуллаа.