Ц.Цогзолмаа 2018.12.11 | Vip76.mn

Ц.Цогзолмаа: ХБИ-ийг нийгэмшүүлэх чиглэлдээ салбарын байгууллагууд анхаарч ажиллаарай

Өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2017 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

“ХБИ-ийн эрхийн талаарх хууль эрх зүйн орчин бол муу биш. Хууль нилээд тооцоо судалгаа болон олон улсын туршлагаас судалж хийсэн. Дараагийн өөрчлөлт нь тусгай хэрэгцээт сургууль болон хараагүйчүүдийн үйлдвэр зэрэг газраар явж биеэр үзэж, иргэдтэй уулзаж байж өөрчлөлт оруулсан.

Мөн үүнийг хэрэгжүүлэх агентлаг байгуулагдсан. Тиймээс салбар дундын уялдаа холбоог сайжруулах схемээ маш сайн гаргах нь нэн тэргүүний ажил. Жишээлбэл ХБИ гэж хэнийг хэлэх вэ гэдгээс эхлээд бүртгэл, хариуцах байгууллагыг тодорхой болгосны дараа ХБИ-ийн нийгмийн асуудал шийдэгдэх боломжтой болно.

Нийгмийн хандлагыг өөрчлөх тухай ярьж байна. Үүнийг төрийн байгууллага өөрөөсөө эхлэх ёстой. Тодорхой стандартуудыг ХБИ-дэд зориулан батлах ёстой. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нэр томьёог цаашид ашиглах уу?

Би сайдаар ажиллах хугацаандаа БЗД-ийн 55-р сургуулийн хүүхдүүдийг энгийн сургуулийн ижил насны хүүхдүүдтэй хамтын ажиллагаатай болгоод өнөөдөр БГД-ийн нэг сургуулийн хүүхдүүд тус сургууль дээр очиж ажиллаж байна. Энэ сайн жишээг өргөжүүлэх.

Мөн тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах оюутнуудтай тулж ажиллах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай ч нягт хамтран ажиллах ёстой юм.”