Чинзориг.С 2019.01.16 | Vip76.mn

2 сарын 1-нээс тэтгэврийн доод хэмжээг 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ

2 сарын 1-нээс тэтгэврийн доод хэмжээг 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ

Өнөөдөр /2018.01.16/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, ангилал зэрэглэлийг шинэчлэх, нийгмийн даатгалын сангаас болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг багц асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. 

Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. 

С.Чинзориг: Засгийн газар 2019 оны улсын төсөвт төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 267 тэрбум төгрөгний эх үүсвэрийг улсын төсөвт тусгуулсан. МҮЭХ, ажиллагч эздийн холбоодтой “2019 оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх эх үүсвэр 267 тэрбум төгрөг тусгуулна. 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлнэ" гэсэн нэмэлт хэлэлцээр байгуулсан. Энэ байдалтай уялдуулаад төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэрүүд гаргаж байна.

Энэ шийдвэрийг гаргахад эдийн засагт гарсан өөрчлөлт, төсөв санхүүгийн боломж, эдийн засгийн өсөлтийн үр дүн нөлөөлж байна. Засгийн газар 2019 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргахдаа эдийн засагт гарч байгаа нааштай өөрчлөлтийг ард иргэддээ хүргэх нь зүйтэй гэж үзсэн.

2019 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлээд 191 мянган төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлнэ. Инфляцийн түвшин 8.1 хувьтай байгаа учир төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмэгдүүлсэн.

Өмнөх нэмэгдэлд ороогүй 17.2 мянган төрийн албан хаагчдын цалинг энэ сарын 1-нээс 8 хувиар нэмэгдүүлнэ

2018 оны 9 сарын 1-нээс багш, эмч нараас доош цалинтай төрийн албан хаагч нарын цалинг 8 хувиар нэмэгдүүлж, 2018 оны 9 сарын 1-нээс олгож эхэлсэн. Тиймээс энэ нэмэгдэлд ороогүй 17.2 мянган төрийн албан хаагчид цалин нэмэгдүүлэх арга хэмжээнд хамрагдаагүй үлдсэн. Харин 2019 оны 1 сарын 1-нээс цалин нэмэгдүүлэх арга хэмжээ авахдаа үлдсэн төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмэгдүүлж байна. Нийт 16 хувиар нэмэгдүүлж байна гэж ойлгож болно.

2014 онд цалин нэмэгдүүлэхдээ эрүүл мэнд болон боловсролын салбарын цалинг 4.3 хувийн зөрүү гаргасан. Энэ зөрүүг арилгах үүднээс боловсролын салбарт ажиллагсдын цалинг 1 сарын 1-нээс 8 хувиар нэмэгдүүлэхийн зэрэгцээгээр 4.3 хувийг нэмэгдүүлж байна. Нийт 12.3 хувиар нэмэгдэж байна.

Багш, эмч нарын цалин 2019 оны 1 сарын 1-нээс эхлээд 20 хувиар нэмэгдэж байна

Төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцлийн үнэлгээг сүүлийн 2 жил хийж байна. Ажлын ачаалал, ур чадвар, хариуцлагаас хамаарсан цалингийн тогтолцоонд шилжихийг зорьж байна. Ингэхдээ бага ангийн, цэцэрлэгийн, сувилагч нарын ангилал, зэрэглэлийг шинэчлэх арга хэмжээг авсан. Үүний үр дүнд багш, эмч нарын цалин 2019 оны 1 сарын 1-нээс эхлээд 20 хуиар нэмэгдэж байна.

Төрийн албан хаагч нарын 2018 оны дундаж цалин 804 мянга байсан бол цалин нэмэгдүүлэх арга хэмжээ авсны дүнд энэ онд 916 мянга болж, нэмэгдлээ.

2 сарын 1-нээс тэтгэврийн доод хэмжээ 30 мянгаар нэмэгдэнэ

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 408 мянган ахмадууд бий. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 280 мянган төгрөг байна. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн дийлэнхи нь доод хэмжээгээр авч байна. Улсын төсөвт 117.5 тэрбум төгрөгийг тэтгэврийг нэмэгдүүлэх эх үүсвэрт тусгасан. Ингээд тэтгэврийг энэ оны 2 дугаар сарын 1-нээс нэмэгдүүлэхээр шийдвэр гаргалаа. 2 дугаар сарын 1-нээс тэтгэвэр нэмэхдээ бүрэн тэтгэврийн доод хэмжээг 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 310 мянган төгрөгт хүргэх, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 240 мянга байгааг 270 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Бүрэн тэтгэврийн доод хэмжээнээс дээш тэтгэвэр авч байгаа бүх тэтгэврийг 24 мянган төгрөгөөг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Нийтдээ тэтгвэрийн дундаж хэмжээг 372.5 мянган төгрөгт хүрч байна.

2 сарын 1-нээс халамжийн тэтгэврийг 174 мянга болгоно

Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлыг шийдлээ. Халамжийн тэтгэврийг 2 сарын 1-нээс нэмэгдүүлнэ. Халамжийн тэтгэвэр амьжиргааны түвшингээс доогуур тогтоогдож ирсэн зөрчлийг арилгахаар болсон. Халамжийн тэтгэврийг 155 мянган төгрөг байгааг 2 сарын 1-нээс амьжиргааны түвшний зүүн бүсийн хэмжээнд хүргэж 174 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоож байна.