2019.01.31

О.Баасанхүү: Хэрүүл маргаангүй одоо ажлаа хиймээр байна

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.01.31/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллаа батлах үед УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Сар шинийн баяр болох гэж байна. Хэрүүл, маргаангүй ажлаа хиймээр байна. Олон хэлэлцэх шаардлагатай асуудал хүлээгдэж байна. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна. Улс төржихөд учир байх ёстой шүү. Нас барсан, өндөр настай хүнээр цахим орчинд үнэн худал нь мэдэгдэхгүй улс төржөөд байдгаа болих хэрэгтэй байна.

Яаралтай горимоор бусдыг гүтгэн доромжилдог асуудлыг цэгцэлж шийдэх хэрэгтэй байна. Т.Аюурсайхан гишүүн тагнасан чагнасан, машин машинаар нь нотлох баримт устгасан л гэнэ. Энэ бүхэн хариултгүй үлдэж болохгүй.

Эрдэнэтийн 49 хувь зарагдаагүй л гээд байна. Тэгвэд 51 хувийн асуудлыг ярьмаар байна. Сар сар өнгөрөх тусам олон тэрбум тэрбум төгрөг алдсаар байна. Үүнийг маргааш гэхэд л шийдэх шаардлага байна.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-тайгаа нийлээд яаралтай шийдэх асуудлаа шийдээд явмаар байна.

Мөн цэргийн албаны дэглэлт хэрээс хэтэрсэн болоод хүний амь нас хохирлоо. Эрдэнэтийн залуу байсан. Хүний  амийг 10 сая төгрөгөөр үнэлж болохгүй. Үүнтэй холбоотой мэдээлэл сонсмоор байна."