Д.Оюунхорол 2019.01.31 | Vip76.mn

Д.Оюунхорол: Мод тарих нь нэг насны буян

Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.  Энэ төслөөр 9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газар, Нөмрөгийн дархан цаазат газар, Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газар, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Булган голын эх, Их онгогийн байгалийн цогцолборт газар, Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөлөөр, шинээр Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул,Баяндун уул, Улз голын эх, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар, Цагаан дэлийн агуйг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах юм.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

“Энэ хууль удаан хугацаанд судлагдсан хууль юм. Зарим орон нутгийн удирдлага болон иргэд аж ахуй нэгжийн эрх ашиг гэх зэргээс шалтгаалан бэрхшээл их бий. Монгол Улсын газар нутгийн нилээд хэсэг доройтолд орж байна. тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага бий.

Тусгай хамгаалалттай газрыг ашигласан аж ахуй нэгжийг нээлттэй зарладаг болох ёстой. Газар нутгийг хэрхэн сүйтгэсэн, нөхөн сэргээлт хийсэн эсэх, ямар түүхэн соёлын дурсгал эвдэж сүйтгэсэн, тусгай зөвшөөрөл хэзээ хэрхэн олгосон зэргийг ил бзарлах ёстой. Цаашлаад нөхөн сэргээлтийг хэрхэн хийх вэ? төлбөр хариуцлагыг тогтоох шаардлага бий. Үүнийг салбарын яам хуульчилан яаралтай оруулж ирэх хэрэгтэй.

Тусгайлсан журам гаргаж мод тарьдаг, ойжуулдаг, байгаль орчныг хамгаалж нөхөн сэргээж байгаа иргэд аж ахуй нэгжийг дэмжих, урамшууллыг бий болгох тал дээр анхаараарай.

Мод, модон материалаа байр, орон сууц барихыг иргэд ихээр хүсч байна. Тиймээс мод модон материалын хил гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг Н.Цэрэнбат сайд анхаараарай.

Мод тайрч тасалдаг үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй. Мод тарина гэдэг нэг насны буян. Тиймээс үүнд зориулсан хөрөнгө оруулалтыг тусгаж ажиллаарай.”