Ж.Сандагсүрэн 2019.03.19 | erennews.mn

Сонгинохайрхан дүүрэгт энэ жил 22 цэцэрлэг, 11 сургуулийн барилга ашиглалтад орно

Сонгинохайрхан дүүрэгт энэ жил 22 цэцэрлэг, 11 сургуулийн барилга ашиглалтад орно

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сонгинохайрхан дүүрэг нь 32 хороотой, 120.1 га газар нутагтай, 322 мянган 458 хүн амтай нийслэлийн томоохон дүүрэг. Улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд 123 тэрбум төгрөгийн ажил үйлчилгээ хийгдэхээр төлөвлөсөн. Мөн 22 цэцэрлэг, 11 сургуулийн барилга, өртгөтгөл ашиглалтад орно.

Төсвийн орлогын хүрээнд 2018 онд улсын төсөвт 28.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 39.7 тэрбум төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 138.3 хувь, нийслэлийн төсөвт 36.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 34.3 тэрбум төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 95 хувь, орон нутгийн төсөвт 9.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 13.4 тэрбум төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 138.4 хувь, нийт 74,5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 87,4 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 117,3 хувиар биелүүлсэн.

Манай дүүрэгт  гурван ээлжээр хичээллэдэг таван сургууль байдаг. Боловсролын салбарт энэ онд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлаас тус дүүрэгт улс, олон улсын тусламжийн хөрөнгө оруулалтаар шинээр есөн сургууль, зургаан сургуулийн өргөтгөлийн ажил хийгдэнэ. Эдгээр сургууль ашиглалтад орсноор сургуулийн хүчин чадал 8920 хүүхдээр нэмэгдэж, дүүргийн хэмжээнд 12 дугаар сургуулиас бусад сургууль хоёр ээлжээр хичээллэх боломжоор хангагдана гэсэн юм.

Мөн “Дүүргийн эдийн засаг, нийгмийн үндсийг бэхжүүлж, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тогтвортой хөгжлийн орчныг бүрдүүлэх зорилгоор 10 мянгаас дээш хүн амтай хороог хувааж, өөрчлөлт оруулах замаар шинээр есөн хороо байгуулах тооцоо, судалгааг гаргасан. Ингэснээр Сонгинохайрхан дүүрэг 41 хороотой болох юм” гээд уг асуудлыг шийдэж өгөхийн хотын даргаас хүслээ