С.Мөнхчулуун 2019.04.03 | top.mn

С.Мөнхчулуун Хэнтийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвшинэ гэв

С.Мөнхчулуун Хэнтийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвшинэ гэв

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөс хойш орон гараад байгаа УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуулийг 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр зохион явуулахаар товлон зарлаад байгаа.

Уг сонгуульд 20 гаруй нам оролцох боломжтой байгааг СЕХ-ноос мэдээлсэн ч аль аль нам нь ямар нэр дэвшигч гаргах талаар нийтэд мэдээлээгүй байна.

Олон нийтийн дунд МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар нарын аль нэг нь Хэнтийн нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэх яриа гарсаар удаж байна.

Харин АН-ын зүгээс өмнө нь Л.Оюунбаатарыг дахин нэр дэвшүүлэх тухай чих дэлсээд өнгөрсөн ч одоогоор баттай бус. МАН-ын зүгээс намын дарга У.Хүрэлсүхийг энэ тойрогт өрсөлдөж нэг суудал олж ирэхийг гишүүдийн зүгээс шахаж байгаа гэх ч нөгөөх нь хариулт өгөөгүй л байна.

Харин өнөөдрөөс эхлэн Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтэй нөхдийн “салхийг хагалж" НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун тус тойрогт бие даан нэр дэвшихээр шийдсэнээ зарлалаа.

Тэрээр өнөөдөр өглөө өөрийн твиттер хуудсаар “Хэнтий аймгийн 42 дугаар тойрог буюу Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн суманд явагдах УИХ-ын нөхөн сонгуульд бие даан нэр дэвшихээр боллоо. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр явагдана" хэмээн жиргэсэн байна.

Түүний хувьд Нийслэлийн Засагдарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг сонгох сонгуульд өрсөлдөж, НИТХ-ийн төлөөлөгчдөөс олонхийн санал аван сонгогдсон ч намын дарга У.Хүрэлсүх нь түүнийг батламжлахаас татгалзаж, С.Амарсайханыг түүний оронд тавьсан билээ. Тиймээс С.Мөнхчулууны хувьд бие даан нэр дэвшлээ гээд алдах юмгүй болсон хүн. Хэнтийд очиж, У.Хүрэлсүхтэй (МАН-тай) өрсөлдөнө гэдэг харин “хатуухан боорцог" байж мэдэх юм.