Б.Бат-Эрдэнэ 2019.04.17 | Vip76.mn

Б.Бат-эрдэнэ: Тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээ дэндүү бага байгаа

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төслийг Засгийн газраас өргөн барьсан юм.

Тогтоолын төслийн агуулга нь есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авах тухай юм. Эдгээр 22 газар нь нийтдээ 9 аймгийн 29 сумын 3.4 сая га талбайг хамарч байгаа ажээ. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах тухай судалгааны дүн гарчээ. Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь нь улсын тусгай хамгаалалттай болох юм байна.

Тус тогтоолын төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асуув.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ:

Хэнтий аймгийн хойд хэсгийн газар нутгийг Ханхэнтийн дархан цаазат газарт хамруулах уу эсвэл Онон-Балжийн байгалийн цогцолбор газарт хамруулах уу гэдэг асуудал байна. Манай Хэнтий аймгийн хоёр газар болох  Улзын гол, Дэлгэрхаан уулыг байгалийн нөөц газарт  оруулахаар болж байна. Энэ сайн  нь хэрэг хэдий ч Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасантай холбоотойгоор аваад үзвэл тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээ дэндүү бага байгаа.  

Хэнтий аймгийн хувьд уул уурхайн үйл ажиллагаанаас ангид  байгаа нь  нутгийн ард тэмцэл хийсний хүчинд өдий зэрэгт авч үлдсэн. Тэнд алхам тутамд түүхийн өв соёл тэр чигээрээ хадгалагдаж байгаа. Мөн цэнгэг усны нөөц, усны хагалбартай бүс нутаг. Аль ч талаас нь авч үзсэн Хэнтий аймгийн газар нутагт ач холбогдол өгөх ёстой. Харамсалтай нь төрийн захиргааны эрх бүхий албан тушаалтнууд ажиллаж чадахгүй байгаа. БОАЖЯ-ны хувьд сайн ажиллаж байгаа.

Онон-Балжийн  байгалийн цогцолбор газарт Дадал сумын төвийн оршин суугчид өөрийнхөө өмчилж авсан газар нутгаа авч чадахгүй ийм байлдалтай  нь  байхад нь УИХ-аар шийдвэр гаргуулж чөлөөлүүлж байсан. Хоёрдугаарт хэд хэдэн ангиллаар газар нутгаа тусгай хэрэгцээнд авч байгаа. Тусгай хэрэгцээнд авсан газруудын хамгаалалтын асуудал нь ямар байгаа талаар мэдээлэл өгөөч.