Бямбацогт.С 2019.04.18 | Vip76.mn

С.Бямбацогт: Тусгай хамгаалалтанд аваад, нөхөн сэргээлт хийх үү?

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.18/ хуралдааны эхэнд “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Тогтоолын төслийн агуулга нь есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авах тухай юм. Эдгээр 22 газар нь нийтдээ 9 аймгийн 29 сумын 3.4 сая га талбайг хамарч байгаа ажээ. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах тухай судалгааны дүн гарчээ. Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь нь улсын тусгай хамгаалалттай болох юм байна.


Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

"Монгол Улсын нийт газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжилтөд өртсөн, 70 орчим хувь нь талхлагдсан. 3200 гаруй зүйлийн ургамал, амьтан устах аюултай байгаа гэдгийг ойлголж байна. Гэхдээ тусгай хамгаалалтад аваад энэ асуудлууд шийдэгдэх юм уу? Үүн дээр салбарын яам ямар бодлого арга хэмжээ явуулах вэ?  Тусгай хамгаалалтад аваад орхих юм уу? Нөхөн сэргээх ажил хийх үү? 

Тусгай хамгаалалтад авсан ч ухаад, малтаад эхэлдэг асуудал байгаа шүү. Цаашлаад ихэнх газар нутгаа улсын тусгай хамгаалалтанд авчихдаг. тэнд бэлчээрлэж байгаа мал яах вэ?  Жишээлбэл энэ газруудыг тусгай хамгаалалтад авснаар Ховд аймгийн Алтай, Үенч сумдын нийт нутгийн 50 хувь нь тусгай хамгаалалтад орж байна. Үүнийг дагаад орон нутагт зардал нэмэгдэнэ. Үүнийг яаж шийдэх үү? тусгай хамгаалалтын газрын алба хаагчид мал малчидтай хэрхэн хандах ёстой вэ гэсэн бодлогын асуудал гарна. Эдгээр асуудалд ямар бодлого баримтлах вэ? гэдгийг хариулж өгнө үү?"