Болд.Л Мөнх-Оргил.Ц 2019.05.01 | Vip76.mn

АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох асуудлыг дэмжлээ

АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох асуудлыг дэмжлээ

Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.01/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэл, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлт, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.

Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргалаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэх юм байна. Энэ байгууллагыг олон жил удирдсан хүний хувьд одоогийн даргын тайланг сонсож, цаашид хэрхэн ажиллах талаар санал сонсох хэрэгтэй" гэв.

Мөн УИХ-ын гишүүн Л.Болд "АТГ-ын удирдлагуудын томилгоог хэлэлцье" гэсний дагуу Хүний эрхийн комиссын илтгэлийг хойшуулж, ирэх долоо хоногт хэлэлцэхийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ. Дараагаар нь АТГ-ын удирдлагуудын томилгооны асуудлыг эхэнд хэлэлцэх саналыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжээ.

Ингээд АТГ-ын удирдлагуудын томилгоог хэлэлцэж эхлэв. Ерөнхийлөгчөөс Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргад З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг томилох саналыг УИХ-д өргөн барьсан юм. АТГ-ын удирдлагуудад нэр дэвшигчдийн танилцуулгыг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцууллаа.

Ийнхүү асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа санал хурааж, АТГ-ын даргаар З.Дашдавааг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 83,6 хувиар дэмжсэн бол дэд даргад Ж.Батсайханыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 91 хувь дэмжив. Үүний дараа АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөх асуудлыг хуралдаан оролцсон гишүүдийн 83,3 хувь, дэд дарга Ц.Нямдоржийг чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 83,3 хувь дэмжлээ. Ингээд АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлөх, томилох асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.