Б.Саранчимэг 2019.05.03 | Vip76.mn

Монгол орны цэнгэг усны нөөцийг хамгаалах хууль батлагдлаа

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг "Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хууль батлагдлаа.

Ингэснээр 2012 онд батлагдаад хэрэгжээгүй энэ хуулийн гацаа арилж, ус ашиглагч аж ахуйн нэгжүүд хаягдал усаа цэвэрлэж, эргүүлэн ашиглах эдийн засгийн хөшүүргүүд тодорхой болж, их бохирдуулбал их, бага бохирдуулбал бага төлөх шударга төлбөрийн механизм ажиллаж эхэлнэ.

Энэ хууль бүрэн агуулгаараа хэрэгжээд эхлэхээр жил бүр Туул, Хэрлэн, Орхон, Хараа, Хангал зэрэг 100 гаруй гол, горхи руу цутгаж байгаа 120 сая м3 бохир ус багасаж, бохирдлын төвшин буурч, ус голыг улаанаар нь эргүүлээд байх нь эрс багасах болно гэж үзэж байна.

Мөн АНУ-ын Мянганы сорилтын сангийн тусламжаар баригдах Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал усыг дахин цэвэрлэж ашиглах үйлдвэр, БНХАУ-ын зээлээр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын ТЦБ-ыг шинээр барьж ашиглалтанд оруулахад нэн чухал урьдчилан цэвэрлэх байгууламж, ТЦБ-д хүлээн авах хаягдал усны бохирдлыг бууруулж 2013 оны түвшинд хүргэх зэрэг асуудлууд шийдэгдэх боломж бүрдэх юм.

Энэ хуулийн гол үзэл санаа нь жилээс жилд хомсдож байгаа Монгол орны цэнгэг усны нөөцийг л хамгаалах юм. Уг хууль батлагдахад дэмжиж хамтарч ажилласан УИХ-ын гишүүд болон ажлын хэсэг, Төрийн болон Төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэддээ УИХ-ын гишүүн Б.Саранчимэг талархаж буйгаа илэрхийллээ.