Б.Бат-Эрдэнэ 2019.05.09 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Төрийн үргүй зардлыг бууруулах тал дээр анхаарч ажиллаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий Аудитороор томиллоо. 

Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Орон нутгийн Аудитын байгууллагын үйл ажиллагаа, чадавхийг бэхжүүлэх шаардлагатай байна. Ажлын ачаалал их байдаг учраас энэ тал дээр анхаарч ажиллаарай.

УИХ-аас томилогддог албан тушаалтны чөлөөлөх томилох асуудлыг хэлэлцүүлэхдээ чөлөөлөгдсөн, томилогдож байгаа 2 хүнийг аль алийг нь байлцуулмаар байна.

2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ, Засгийн газар эдийн засаг хүнд үед ажлаа авч хэмнэлтийн горимоор ажилласан. Үр дүн ч гарсан. Гэтэл орон нутгийн, яам агентлагийн хүмүүс албан томилолт хэрээс хэтэрлээ. Үүнийг яаж шийдэх вэ? Мөн тансаг хэрэглээтэй болчихсон. Үргүй зардлыг яаж бууруулах вэ?"