2019.05.16

Н.Амарзаяа: Шинжлэх ухаан дээр суурилсан эдийн засгийн хөгжлийн бодлого байх ёстой

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

"Төсөлд хөрөнгө оруулалт, эдийн засгийг төрөлжүүлэхэд 10 их наядын эх үүсвэр шаардлагатай гэсэн байна. Эдийн засгийг сайжруулна гэдэгтээ аль чиглэлийг баримталж байна вэ? ШУ-ны салбарт зарцуулагдаж байгаа хөрөнгө оруулалт нь 0,082%-иар хэмжигдэж байна. Гэтэл тогтвортой хөгжлийн үзэл баримтлал дээрээ ДНБ-ийн 1, 2, 3%-д хүрнэ гэсэн байгаа. Тэгвэл 2022 он хүртэлх төсвийн төсөөлөлдөө ШУ байгууллагад зарцуулж байгаа хөрөнгө оруулалтаа хэд гэж үзэж байгаа вэ? Үүнийгээ үндсэн чиглэлд хэрхэн тусгав?

Төр, ШУ-ын байгууллага, хувийн хэвшил гэсэн гурвалсан түншлэл дээр тулгуурласан шинжлэх ухааны бодит эдийн засгийн хөгжлийн бодлого байх ёстой. Энэ тухай хэлнэ үү?

Бид гаднаас зээл тусламж авч байж 2020 оны үндсэн чиглэлээ хангана гэсэн байна. Эдгээр зээл ямар үр ашигтай вэ? Харахаар бие даасан тус тусдаа хэрэглээний байдлаар авах гэж байна. Ер нь гаднаас авч байгаа зээлийг өөрөө өөрийгөө санхүүжүүлээд, эргэн төлөх нөхцөлөө бүрэн хангах салбарлуу зээлийн хөрөнгө оруулалтыг хийх бодлогыг аль хэр баримталж байна вэ?

Зээлийн хүүг бууруулах асуудал байна. Тэтгэврийн зээлийн хүү 2016 онд 18% байсан. 2017 оноос 15% болсон. 2018 онд 12%, одоо 12% болсон. Одоо ахмадууд төөрч будилсан. 2016 оны 18%-иар авсан зээлийн гэрээгээ сунгаад яваад байдаг. Тиймээс нийт массын 20-30 хувьд хамааралтай шийдвэр гаргахгүй байх хэрэгтэй. Үүний эсрэг арга хэмжээ авах уу?"