Ц.Даваасүрэн 2019.05.29 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн НҮБ-ын "Бүх нийтийг тогтвортой эрчим хүчээр хангах хуралд оролцлоо

Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн НҮБ-ын "Бүх нийтийг тогтвортой эрчим хүчээр хангах хуралд оролцлоо

Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн Америкийн Нэгдсэн Улсын Нью Йорк хотноо 2019 оны 05 дугаар сарын 23-24-ны өдрүүдэд "Бүх нийтийг тогтвортой эрчим хүчээр хангах Нэгдсэн Үндэсний байгууллагын 10 жилийн үйл ажиллагааны дэлхийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2014-2024" өндөр дээд түвшний хуралд НҮБ-ын урилгаар оролцлоо. Тэрээр НҮБ-ын гишүүн улсуудын  эрчим хүчний сайд нарын түвшний хэлэлцүүлэгт оролцож, эрчим хүчний салбарын олон улсын хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээний талаар санал солилцож, илтгэл тавилаа. 

Сайд Ц.Даваасүрэн Монгол, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулах эдийн засгийн коридорын хүрээнд яригдаж буй эрчим хүчний төсөл хөтөлбөр , Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлын санаачлага, арга хэмжээ, "Зүүн хойд Азийн Эрчим хүчний нэгдсэн сүлжээ" санаачлага, бүс нутгийн эрчим хүчний түншлэлийн талаар НҮБ-ын гишүүн улсын эрчим хүчний сайд , төлөөлөгчидтэй уулзаж, олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд, Эрчим хүчний яамны хэлтсийн дарга Б.Ерөн-Өлзий нар оролцсон юм. Хуралд тавьсан илтгэлдээ Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн“Эрчим хүчний хангамжийг байгаль орчинд ээлтэй, цэвэр байх үндсэн шаардлагаас гадна цаашид найдвартай /reliable/, үнэ өртгийг боломжийн /affordable/ байлгахад улс орнуудын харилцан бие биенээ нөхсөн нягт хамтын ажиллагаа чухал шаардлагатай байгааг цохон тэмдэглэе” гэв.