Нямбаатар.Х 2019.05.30 | Vip76.mn

Нотариатын тухай хуулийн төсөл батлагдлаа

Нотариатын тухай хуулийн төсөл батлагдлаа

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.30/ нэгдсэн хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцси йн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Нотариатын тухай хуулийг эрх зүйн салбарын хөгжил, шинээр батлагдан гарч байгаа бусад хууль тогтоомжтой уялдуулах шаардлага байгааг үндэслэн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсныг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2019.03.19-нд өргөн барьсан билээ.

Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар танилцууллаа.

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их хурлын чуулганаар 2019.05.10 өдөр хэлэлцэж Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.2-т заасны дагуу  хуулийн төслийн зарим зүйл, заалт хоорондоо зөрчилдсөн нөхцөл үүссэн гэж ажлын хэсгээс үзсэн тул Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөлд нотариатч ажиллаагүй сумын Засаг даргын Тамгын газар эсхүл тус Тамгын газрын хуулийн мэргэжилтэн нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэх болсонтой холбоотойгоор үүрэг гүйцэтгэгч Засаг даргын Тамгын газрын тамгыг хэрэглэхгүй, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс олгосон дугаар бүхий тогтоосон загварын дагуу тамга, баталгааны тэмдэг хэрэглэх, мөн хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нотариатын үйлчилгээг албан татвараас чөлөөлөх заалтыг нэмж тусгах саналыг тус тус гаргасан байна.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, А.Ундраа, Л.Мөнхбаатар нар асуулт асууж хариулт авлаа. Ингээд Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг бүхэлд нь баталъя гэсэн саналын томёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 71,4 хувийн саналаар батлагдлаа.