Нямдорж.Ц 2019.06.06 | Vip76.mn

Тэсэрч дэлбэрэх бодис түүний эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Тэсэрч дэлбэрэх бодис түүний эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг  дэмжлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм.

Манай улсад үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил, үйлчилгээ үзүүлэх, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах тусгай зөвшөөрөлтэй нийт 64 аж ахуйн нэгж байдаг. Цаашид уул уурхайн салбарын хөгжлийг дагаж тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, импорт өсөх төлөвтэй байна.

Гэтэл уг хуулинд тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавих шаардлага тодорхой бус, Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрт нөлөөлөхүйц дүгнэлт гаргах эрх бүхий “Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага’’-ын болон шинжээчийн эрхийг хэн, хэрхэн олгох нь тодорхойгүй, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүргийг тодорхой заагаагүй зэрэг эрх зүйн хийдэлтэй байдал нь хуулийн хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн дүгнэлт гарчээ. Түүнчлэн хүн амын дунд өргөн хэрэглээ болсон пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах зохицуулалтыг тодорхойлох, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүргийг  нарийвчилж Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага үүсээд байгаа аж. Дээрх бэрхшээлийг арилгах үүднээс Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн талаарх АБГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцууллаа.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан  асуулт асууж хариулт авав.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 97.7 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.