Ж.Сандагсүрэн 2019.09.01 | News.mn

Сонгинохайрхан дүүргийн сургуулиуд хоёр ээлжээр хичээллэнэ

Сонгинохайрхан дүүргийн сургуулиуд хоёр ээлжээр хичээллэнэ

Жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн сургууль, цэцэрлэгийн хүртээмж, тэр дундаа гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын асуудал хөндөгддөг. Тэгвэл нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг хамгийн их хүн амтай, гурван ээлжээр хичээллэдэг хэд хэдэн сургууль Сонгинохайрхан дүүрэгт бий.

Гэвч энэ жилээс эхлэн тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд гурван ээлжээр хичээллэхгүй болсон байна. 

Энэ талаар СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн

"Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гурван ээлжийн сургуулийг байхгүй болгож, цэцэрлэгийн хүртээмжийг 80 хувь болгоно гэсэн зорилттой ажиллаж байгаа. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд бид бас ажиллаж байна. Дүүргийн хувьд хүн ам, шилжилт хөдөлгөөн ихтэй, хүн ам нэмэгдэх хэрээр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал орхигдож ирсэн учраас энэ асуудал өнөөдөр тулгамдаж буй асуудлын нэг. Гэнэт л нэг өдөр бүгд сургууль, цэцэрлэггүй үлдэж байгаа асуудал биш олон жил шийдэхгүй байсны үр нөлөө нь гарч байгаа юм. Гэхдээ бид энэ жил 16 сургуулийн барилгын ажил хийгдэж байгаагаас зургаа нь өргөтгөлийн ажил, дөрвөн сургууль шинээр ашиглалтад оруулж байгаа. Гэсэн ч 3-4 сургуулийн гурван ээлжээр хичээллэх асуудал бүрэн шийдээгүй байна. Тиймээс бид хувийн хэвшлийн сургуулийн байшинг түрээслэх, өөр боломжтой байршлыг судалж байна. Ямар ч гэсэн мөрийн хөтөлбөрт тусгагдсан гурван ээлжээр хичээллэхийг бүрэн арилгаж байна. Мөн 22 цэцэрлэгийн өртгөтгөл, барилгын ажил шинээр  барьж буй. Үүнээс энэ жилдээ тав нь ашиглалтад орж, бусад нь он дамжиж ашиглалтад орохоор байна. Мөн хувийн аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Бидний 27 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлууд эхнээсээ шийдэгдэж байна. Гэхдээ энэ есдүгээр сардаа багтааж ашиглалтад оруулахаар хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн ажлуудаа яаравчилж, хугацааг нь наашлуулж, ажиллаж байна" гэжээ.

Сонгинохайрхан дүүрэгт энэ жил нийт 16 сургуулийн барилга /өргөтгөл/ баригдахаас 2019 онд ашиглалтад орох зургаан сургуулийн барилгын өргөтгөл /9, 62, 106, 107, 122, Ирээдүй I бага сургууль/, шинээр ашиглалтад орох дөрвөн сургуулийн барилга тус дүүргийн 23, 25, 26, 32-р хороодод баригдаж байгаа юм байна. Харин бусад зургаан хороо тус бүрт 2020 он гэхэд зургаан сургууль ашиглалтад оруулахаар барилгын ажил үргэлжилж байгаа аж.

Харин цэцэрлэгийн хувьд нийтдээ 22 цэцэрлэг шинээр болон өргөтгөл хийж байгаагаас энэ жил таван цэцэрлэгийг өргөтгөж, 14 цэцэрлэг шинээр ашиглалтад орох юм байна.

Харин он дамжиж буюу 2020 онд гурван цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг дүүргийн албаныхан хэлж байна. Мөн хувийн хөрөнгө оруулалтаар 29 дүгээр хороонд сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж буй юм байна.