Б.Бат-Эрдэнэ: Би бол багийн тоглогч
2018.05.01
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: Би бол багийн тоглогч

-Монгол Ардын намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга байснаар тань залуу үе өөрийг тань сайн танина. Гэхдээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын алба хаших болсны тухайд та яах аргагүй шинэ хүн. Өөрөөр хэлбэл, олон нийт буюу гадна талаас таныг "Бат-Өлзийн Бат-Эрдэнэ гэж хэн юм бэ" гэж харж буй тэр асуултад юун түрүүнд тодорхой хариулт өгөхгүй юу?

-Үнэнийг хэлэхэд яагаад Хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилогдсон бэ гэдэг гол асуултанд тань хариулахаас урьтаад өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулах ёстой болов уу. Мэдээж намын маань залуучууд, гишүүд намайг таних ч олон нийтийн хувьд хэн бэ гэж харж байгаа нь үнэний талтай. Хэдийгээр миний хувьд өмнө нь Шадар сайдын зөвлөх, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан гэдэг утгаараа төрийн ажлын чамгүй туршлага хуримтлуулсан ч үндсэндээ олны нүднээс хол ажиллаж ирсэн минь үнэн. Мэргэжлийн хяналтын байгууллага гэдэг бол улс орны хэмжээнд хяналт шалгалт явуулж, монгол хүн бүрийн эрүүл аюулгүй орчинд ажиллах амьдрах, эрүүл аюулгүй хүнс хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх эрхийг хамгаалах гэх мэт олон чиглэлд хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажилладаг том бүтэц. Тэр хэрээр хуулийн болон олон салбарын мэдэгдэхүүнтэй байхыг шаарддаг. Сайн ч ажилласан. Энэ маань эргээд Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ирэх хамгийн том суурь болсон байх. Түүнээс бус зүгээр нэг газар, хэлтсийн дарга байсан хүнийг авчраад тавьчих албан тушаал биш л дээ.

-Та мэдээж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үндсэн багийн гишүүн?

-Яг шууд хувьчилж авсан баг гэж мэдээж улс төрд байхгүй. Тэр дундаа МАН бол Монголын хамгийн том бүтэц, гишүүнчлэлтэй улс төрийн нам. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тухайд намын залуучуудын байгуул­лагыг анх үүсгэн байгуулсан цагаасаа хойш залуучуудыг дэмжиж ирсний илрэл нь болов уу. НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол цэвэр гал тогооны ажил. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга гэдэг албан тушаал ч тэр адилхан. Гүйцэтгэх засаглалын гал тогооны ажил гэж болно.

-Та МАН-ыг УИХ-ын сонгуульд ялагдсан тэр жилүүдэд НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашсан. Энэ үе бол яах аргагүй олонд танигдсан залуу лидерүүд нь хилийн чинад руу сурахаар явж, Монголдоо үлдсэн залуусынх нь идэвх суларсан тийм уналтын гэмээр цаг үе байсан. Магадгүй зарим уншигчдад хэт том дүгнэлт мэт уншигдаж болох ч намын тань цөөнгүй залуус өөрийг тань "гал манагч" маягаар тодотгож байсан санагдана?

-Надад амьдралдаа баримталж явдаг үндсэн зарчим бий. Нэгэнт үүрэг хариуцлага хүлээсэн бол маш сайн гүйцэтгэх. Хэцүү, төвөгтэй, бартаатай гэж хойшоо суудаггүй. Аливаа зүйлд төвөг учирдаг шигээ гарах гарц заавал байдаг.

Ер нь бол аливаа улс төрийн намд ч, залуучуудын байгууллагад ч тодорхой бодлого байдаг. Тэр бодлого цаг хугацаа, орон зайнаас үл хамаараад тасралтгүй үргэлжилж байдаг үйл явц. Олон нийтийн дунд тухайн үед манай холбооны олон залуусыг хилийн чинад руу зугтаад явсан мэтээр ойлголт түгээмэл байсан нь үнэн.

Магадгүй тэгж ойлгуулахыг ч хүссэн байх талтай. Ерөнхийдөө бол тодорхой зорилго, эрх ашгийн төлөө тийм буруу ташаа ойлголт төрүүлсэн нь өнгөрсөн цаг хугацаанд хангалттай батлагдсан.

-Гэхдээ бодлого байсан эсэх, хэрэгжсэн эсэх нь өөрөө бас их эргэлзээтэй. Яалт ч үгүй нам гүм байдал давамгайлж байсан цаг үе шүү дээ, танай намын хувьд?

-Тэмцэлтэй, хөгжилтэй, ураг­шилсан он жилүүд байсан гэж би дүгнэнэ. 2012 оноос 2016 он хүртэл МАН нийт дөрвөн том жагсаал цуглаан хийсэн байдаг. Бүгдийг нь бид удирдан хийж байлаа. Шударга ёс, ил тод байдал, төр удирдаж байгаа хүмүүс нь хуулиа бүү зөрчөөсэй гэж бид тэмцэж байсан. Үр дүнгээ ч өгсөн.

Мөн залуучуудын хөгжлийг дэмжих, бодит боломжийг нь дээшлүүлэхийн тулд зайлшгүй Залуучуудын тухай хуультай байх ёстой гэдэг санаачилгыг гаргаж ажилласан. Улс орон даяар судалгаа хийж, ерөнхийд нь төслийн бэлтгэлийг хангасан. Үүний үр дүнд УИХ-аас Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийг баталсан. Өнөөдөр Монголын залуучууд өөрсдийн гэсэн тусдаа хуультай болж чадсан гэж би хувьдаа итгэдэг. Дээр нь, холбооны дэргэд хууль эрх зүй, эрүүл мэнд, бизнесийн гээд маш олон чиглэлийн клуб байгуулж ажиллуулсан нь намын боловсон хүчнийг бэлтгэхийн зэрэгцээ, залуу үеийг бодлогын төвшинд ажиллах бэлтгэл бааз суурь болж өгсөн.

Тухайлбал, Эрүүл мэндийн клубийн шугамаар гэхэд "Элэг бүтэн Монгол" төслийг эхлүүлж, "Оном" сангийн тэргүүн Д.Наранбаатартай хамтраад анхны хэлэлцүүлгээ "Тусгаар тогтнолын ордон"-д хийж байлаа. Энэ санаачилга маань өнөөдөр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэг хэсэг болж, хамгийн амжилттай хэрэгжиж байгаа төсөл. Үр дүн нь ард түмэнд эерэгээр гарч, хамрах хүрээ нь илүү өргөн хүрээнд явагдаж байгааг харах таатай байдаг.

Гол нь, энэ бол бидний амжилттай хэрэгжиж байгаа ганц санаачилга биш л дээ. Илүү олныг нэрлэхэд алдсанаасаа оносон нь их байгаад баяртай байдаг.

-Тэгвэл шууд утгаар нь асуухад таны энэ оролцоог нам тань хэр өндрөөр үнэлсэн гэж бодож байна. Тэр дундаа, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга гэдэг бол өндөр албан тушаал. Монгол төрийн хувьд, гүйцэтгэх төвшний хувьд удирдах салбарын хамрах хүрээгээрээ дөрөв, тавдугаарт эрэмблэгдэнэ. Энэ хэрээр олон хүн "Цүнх бариад, нам дамжаад хэн нэгэн лидерт тал засч, түшиж тулж явсны хүчинд ийм албан тушаалд очлоо" гэх хүн байгаа л байх. Энэ бол бодит хардлага шүү дээ. Иймээс таны хувьд өнөөдрийг хүртэлх энэ замыг хувь хүнийхээ хувьд хэрхэн тодорхойлдог вэ. Мөн өнгөрсөн дөрвөн жилийн ялагдлын үеийн нөлөөг хэрхэн үнэлж байна?

-Хардах нь тэдний эрх. Миний хувьд БИ гэдэг хандлагаас аль болох зайлсхийдэг. Ганцаараа хийх зүйл гэж ховор. Санаачилга нь минийх байж болох ч бүтээмж нь үргэлж хамтынх байдаг. Өөрөөр хэлбэл, би бол багийн тоглогч.

-Гэхдээ өөрийг чинь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүн гэж хэлдэг. Магадгүй Шадар сайд байх хугацаанд нь зөвлөхөөр ажил­ласан намтар үүний нотол­гоо байж мэдэх юм?

-У.Хүрэлсүх дарга залуучуудын байгууллагын үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувиар биднийг дэмждэг. Зөвхөн биднийг гэлтгүй үе үеийн залуучуудыг бүгдийг нь дэмжиж байсан. Манай дээд үе болох УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Г.Занданшатар, Я.Содбаатар нарыг ч, дараагийн үе болох УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаяр тэргүүтэй залуусыг ч дэмжиж ирсэн. Ер нь бол Залуучуудын холбооны үүсгэн байгуулагч гэдэг утгаараа өөрийн гэхээсээ илүүтэй шинэ үеийг дэмжиж ажиллах зарчимтай хүн юм болов уу гэж хардаг. Тэр утгаараа У.Хүрэлсүх даргатай маш олон залуучууд төдийгүй дээд үеийнхэн нь нягтарч ажилладаг шүү дээ.

-АН-тай харьцуулахад МАН-ын хувьд үе солигдох нь яалт ч давуу тал. Гэхдээ үе солигдлоор дамжаад гарч ирж байгаа залуу­чууд бүгдээрээ нэмэх оноо авдаг гэвэл худлаа. Тэр дундаа улстөрч залуучуудаас төдийгүй шинэ үеийнхнээс хүн чанар, төлөвшил гээд нэхэхэд "Эд нар шударга байж чадах уу" гэдэг хардлага, сэрдлэг та нарын ард бичигддэг. Сүүлийн үед залуу улстөрчдийн алдаа ч улам тодрох болж. Энэ талаарх таны бодол. Шалгуурт тэнцэж үлдэх төлөвшил, ёс суртахууны тухайд?

-Үе солигдолтыг манай нам бодлогоор хийдэг. Үе солигдож байна гээд бүтэн нэг үеийг за баяртай гэхийг хэлдэггүй. Тухайлбал манай үе 2013 оноос дараагийн үеэ бэлдэх ажлаа эхлэж байсан. Өөрөөр хэлбэл, бага хурлын гишүүдийнхээ 30 хувийг дараагийн үеийн залуучуудаас бүрдүүлж эхлүүлдэг. Алхам алхмаар хийдэг гэсэн үг. Тэгэхээр нэг дор шууд хуугаар нь бүгдийг нь сольдоггүй байгаа биз. Ингэж залуучуудын байгууллагын үеийн шинэчлэлийн бодлого нь өөрөө үе үеийнхний залгамжаар явж байгаа учраас манай тогтолцоо алдагдахгүй явдаг.

-Хардлага, үл итгэх хандлагын тухайд?

-Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг үг байдаг. Төрийн албанд орж байгаа залуу­чуудын хувьд наанатай цаанатай хүн байгаа нь үнэн. Тэр болгоныг зуун хувь өмгөөлөхгүй. Тийм арга ч байхгүй. Ядаж л, мөнгөний хор нь гарсан, гараагүй хүн гэж байна. Гэхдээ тэр болгон дээр залуучуудын холбоог буруутгах нь учир дутагдалтай. Тухайн хувь хүний ёс зүй, ухамсартай холбоотой асуудал. Гол нь хүн өөрөө л зөв байх ёстой.

-Тэгвэл өөрийн тань хувьд мөнгөний хор гарсан уу?

-Гарсан хүн гэдэгт л би өөрийгөө оруулж боддог

-Ямар үндэслэлээр?

-Надад унаж босож, олж үрж, үзэж туулж явсан түүх бий. Би бизнес эрхэлдэг байхдаа нийт 30-аад орноор аялсан байдаг. Хорвоог таних гэж, хорыг нь ойлгох гэж тэр шүү дээ. Автобусны ч мөнгөгүй алхаж харьж, аагиа дарж чадалгүй омгорхож сагаж ч явлаа. Ингэж л шунал ёроолгүй гэдгийг, амьдрал хугацаатай гэдгийг, хувь тавилан үйлийн үртэйгээ гэдгийг ойлгож ухаарсан.

-Авиа компанийн чиглэлээр бизнес эрхэлж байсныг тань дуулж байсан. Дэлгэрэнгүй танил­цуулаач?

-Өө, яривал их зүйл бий. Наад зах нь, АНУ-д иргэний агаарын тээврийн зорчигч тээврийн чиглэлээр компани байгуулж ажиллуулж байсан. Харин төрийн төрийн албанд орохтойгоо холбогдуулаад тухайн компаниа татан буулгасан.

-Монголдоо эзэмшсэн мэргэ­жил тань?

-Түүх судлал. Тухайн үеийн Технологийн дээд сургууль буюу одоогийн Улаанбаатар их сургуулийг төгссөн.

-Олон улсын байгууллага болох JCI гэдэг нэр танаас салдаггүй?

-Сонирхолтой нь, би JCI Монгол байгууллагад гишүүнээс нь эхлэж Ерөнхий нарийн бичгийн даргыг нь хүртэл хийж байсан. JCI нь олон улсын шинж чанартай байгууллага болохоор маш олон тооны гадны төсөл хөтөлбөр дээр ажиллана. Тэр хэрээр хүн чадвар суудаг. Миний хувьд 2005-2010 оныг хүртэл тасралтгүй Удирдах зөвлөлд нь байж, бараг бүх хороодын даргын сонгуульт ажлыг нь хийж үзсэн. Тэндээсээ намайг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ суга татан гаргаж, намын систем рүү оруулж, хамтдаа шинэ систем бүрдүүлье гэсэн. Орж ирээд нэлээд шинэлэг ажлуудыг хамтдаа хийсэн.

-Харин өнөөдрийн тухайд та бүрэн дүүрэн ажилтайгаа танилцаж амжсан уу. "Эрдэнэс Монгол" компанийн 17 захирлыг долоо болголоо, түрээст их хэмжээний төлбөр төлдгийг нь болиулж, өөрийн гэсэн байртай болгоно гэх мэт шийдвэр гаргаж буйг тань уншсан. Сошиал хуудаснаас тань шүү дээ?

-Өмнө нь Шадар сайдын дэргэд орон тооны бус зөвлөл байгуулж ажиллаж байсан болохоор засгийн ажлын ерөнхий мэдээлэлтэй байсан. Гэхдээ энэ нь мэдээж шууд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга хийхэд хангалттай мэдээлэл болно гэсэн үг биш л дээ. Ямар ч байсан өнгөрсөн хоёр сар орчмын хугацаанд өөрийн харьяа төрийн өмчит томоохон компаниудын үйл ажиллагаатай танилцах, эхнээс нь доголдлыг нь засах, залруулах, шинэчлэлийг зоригтой хийх хэрэгтэй гэдэг үүднээс тодорхой шийдвэрүүдийг гаргаж эхэлсэн байгаа.

-Өөрийн тань хариуцаж буй чиглэлээр Оюутолгой, Эрдэнэт, төмөр зам гээд тодорхой асуучихмаар хэдэн асуулт байна. Жишээлбэл, Оюутолгой дээр Засгийн газар сүүлийн гурав, дөрвөн жилийн хугацаанд гаргаагүй "Цахилгаан станцаа барь" гэдэг хатуу шийдвэр гаргасан. Энэ дагуу шалгалтууд ч хийгдэж эхэлсэн байгаа. Гэрээнд өөрчлөлт оруулж, станц барих заалтыг хассан хүмүүстэй хариуцлага тооцох тухай гэдгийг та өөрөө ч мэдэж байгаа байх?

-Асуудлууд эцэслэн шийдвэр­лэгдээгүй байгаа. Мэргэжлийн хяналт болон татварын шалгалт гэх мэт зөндөө зүйл байгаа. Гэрээний хүрээнд Оюутолгойн хөрөнгө оруулагчдад Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээгээ дагаж мөрдөх үүрэгтэй гэдэг зарчмын шаардлагаа л тавьсан. Яагаад гэвэл хувь эзэмшигч нь Монгол Улс. Газрын баялаг нь ч Монгол Улсынх. Бид гүйцэтгэгч эсвэл ашиглуулаад байгаа тал биш.

Ард түмэн маань газрын доорх, дээрх баялгаасаа ашиг, хувь хүртэх ёстой. "Рио Тинто" компанийн зүгээс Монгол Улсын өмнө хүлээсэн үүргээ тодорхой хэмжээнд биелүүлэх үүрэгтэй. Мэдээж цаг үеийн шаардлагаар боломжгүй болсон ч юм уу, хөрөнгө оруулалт нь болохгүй байгаа тохиолдлыг бид үгүйсгэхгүй. Гэхдээ Монголын төр ард түмнийхээ төлөө гэсэн ганцхан эрх ашигтай гэдгийг ойлгохгүйгээр ажиллана гэдэг хэцүү.

-Өөрөө улс төрийн дотор байгаа учраас асуудлын нарийн шалтгааныг нь мэдэж байгаа болов уу. Энэ утгаар нь асуухад "Рио Тинто"-д олон Засгийн газар буулт хийж байсныг бид мэднэ. Наад зах нь, зээлийн батлан даалт өгөх, өгөхгүйтэй холбогдуулаад тодорхой хэмжээний шахалт үзүүлж байсан. Ажилтан цомхотгох, олборлолтоо түр хугацаанд зогсоох гэдэг ч юм уу. Энэ бол үе үеийн засгийн мөнгөө бодох айдас шиг байгаа юм. Айлгах төлөвлөгөө гэдэгтэй адилхан ч гэж хэлж болно. Иймд Засгийн газрын зүгээс учирч болох эрсдэлийг хэрхэн харж байгаа вэ. Ер нь гэрээтэй холбоотойгоор ажлын хэсэг хэлэлцээрт суусан уу?

-Уучлаарай, Оюутолгой дээр нууцлалын шинж чанартай зүйлс бий. Цаг үетэй холбоотойгоор хөндөөд ил гаргаж болохгүй нэлээд зүйлс яг наад асуудалтай чинь холбогдолтой байгаа. Монгол Улсын Засгийн газрын бодлого үргэлжилсээр л байгаа. Цаашдаа ч үргэлжилнэ. Танхим буюу тухайн улс төрийн сонгуулиас шалтгаалаад Засгийн газрын мөрийн хөтөлбөрт өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй.

Гэхдээ нэгэнт Тогтвортой байдлын гэрээ хийгээд, тухайн гэрээгээ олон улсад баталгаажуулаад мөрдөөд явж байгаа тохиолдолд тухайлбал, "Рио Тинто" компанийн зүгээс асуудалтай гэж үзвэл шүүхэд хандах эрх өөрсдөд нь бий. Монгол Улсын Засгийн газрын хувьд ч гэсэн энэ бүрэн эрх нээлттэй. Монгол Улсын төлөө, 3.2 сая иргэнийхээ төлөө Монголын төр ажиллах ёстой. Иймд асуудал нэгэнт тодорхой болохоос өмнө би энэ ярилцлагаар дамжуулж, мэдээллийн нууцлалыг алдагдуулах нь ёс зүйгүй хэрэг болох болов уу.

-Ажлын хэсэг байгуулсан гэж ойлгож болох уу?

-Байгуулагдсан байгаа.

-Мөн "Эрдэнэт"-ийн асуудал байна. "Стандарт" банкнаас зээлсэн 230 сая ам.доллар Эрдэнэтийн дансаар орж ирсэн гэдэг мэдээллийг нэр бүхий УИХ-ын гишүүд хэвлэлийн бага хурлаараа зарласан. Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар болохоор "Үгүй ээ энэ бол зэсийн борлуулалтын орлого байсан" гэж тайбарласан. Гэтэл бид болохоор Ерөнхий сайдын асуулгын хариуг гол болгож, эхний хувилбараар нь асуудлыг хараад байна л даа. Үүнд тайлбар өгөх боломж бий юу. Гол нь өдөртөө 70 гаруй сая төгрөгийг хүүнд нь төлнө гэхээр хэн хүний хувьд тодруулах хүсэлтэй байж таараа. Ядаж өдөр бүрийн төлбөрийг нь төлж эхэлсэн үү гэдгийн тухайд?

-Тухайн хэрэг хууль, хяналтын байгууллагынхаа шугамаар шалгагдаад явж байгаа гэж бодож байгаа. Ер нь ч тэгээд "Эрдэнэт"-ийн асуудал дээр шударга бус зүйл хийсэн хүмүүс хариуцлагаа хүлээж, буруутай бол ялаа эдлэх л хэрэгтэй. Бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Авлигатай тэмцэх газар, цагдаа, шүүх прокурор хэн нь байдаг юм ажиллах л хэрэгтэй. Монгол гэдэг эрх ашгаараа хандах хэрэгтэй. Ер нь бол Монголд төрсөн гээд иргэний үнэмлэх авсан хүн бүрийг монгол хүн гэж бодож болох уу гэдгийг хааяа бодмоор болох шиг. Дуусдаггүй шунал, дундардаггүй хүсэлтэй хүмүүс их аж.

-Тэгээд яана гэж?

-Эх орон, ард түмнээ гэсэн сэтгэлгүй идэж ууж, цөлмөх ёроолгүй сав болсон хүмүүсийг зохих газар руу нь явуулах хэрэгтэй шүү дээ. Тэр хүмүүст хариуцлагын систем хатуу байх хэрэгтэй.

-Өдөрт хүү төлж байгаа юу?

-Тэр талаар миний хувьд мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Яагаад?

-"Эрдэнэс Монгол"-той холбоо­той асуудалд бол би хариулт хэлж болно. Яагаад гэвэл миний харьяанд байгаа учраас. "Эрдэнэт" үйлдвэрийн хувьд ТУЗ нь тусдаа. Үйл ажиллагааны хувьд ч гэсэн. Тэгэхээр надад мэдээлэл бүрэн ирдэггүй.

-"Эрдэнэс Монгол"-ын тухайд Багануурын асуудал байгаа. Өөрт тань танилцуулсан байх. Лиценз нь алдагдаж, үл хөдлөх хөрөнгүүд нь үнэгүйдсэн. Аудитын дүгнэлтээр энэ уурхай төрийн мэдэлд байх уу, үгүй юү. Ингээд хууль, шүүхийн замаар дээрэмдээд авч болох юмуу, болохгүй юмуу гэдэг асуудал яригдаад байна. "Эрдэнэс Монгол" дээр хариулна гэсэн болохоор асууж байна. Ганцхан "Багануур" бус хэд хэдэн уурхайн асуудал байна лээ?

-"Багануур" болон "Шивээ-Овоо" компаниудын хувьд тусгайлан ажлын хэсэг гарган ажиллаж байна. Багануурын уурхайг яаж ашигтай ажиллуулах вэ. Санхүүг нь яаж дэмжих вэ гэдэгт асуудал бий. Эрчим хүчний зохицуулах хороотой хоёр удаагийн уулзалт хийсэн. Багануурын хувьд бидний шийдвэрлэх, улс төрийн манлайлал гаргах зайлшгүй шаардлагатай ажлууд бий. Тухайлбал, зөвхөн "Багануур" ХК-ийн захиргаанд гэхэд 200 гаруй ажилчин байна. Үүнийг бид 50 хүн болгох асуудал хөндсөн.

Гэтэл 150 хүнээ хааш нь шингээх вэ. Илүүдсэн орон тоон дээр ажиллаж байгаа нөгөө 150 хүн нь Үйлдвэрчний эвлэлд хандана, шүүх цагдаа болно гээд асуудал их. Тэгтэл өнөөдөр Багануурын уурхай ямар төвшинд байгаа билээ. Үүнээс авахуулаад аль болох үр ашигтай ажиллуулах, арилжааны банкуудаас авсан зээлийг нь өөр газраас хүү багатайгаар шилжүүлэх гэх мэт олон ажлыг одоо хийх хэрэгтэй байгаа. Багануур, Шивээ-Овоод гараад байгаа алдагдал бол цэвэр цахилгааны төлбөртэй холбоотой асуудал. Хэрэв төрөөс цахилгааны төлбөрийг чөлөөлсөн байсан бол дээрх газрууд алдагдалтай ажиллахгүй байх байсан.

Өөрөөр хэлбэл, нүүрсээ байнгын алдагдалтайгаар цахилгаан стан­цуу­дад нийлүүлдэг. Гэтэл нөгөө талаас дэмжлэг, хөрөнгө оруулалт байхгүй. Энэ дагуу менежментийн өөрчлөлт хийх ажлын хэсгийг "Эрдэнэс Монгол" дээр байгуулаад Багануур, Шивээ-Овоогоос хүртэл төлөөлөл оруулаад ажиллаж байна. Тодорхой хэмжээний ахицтай шийдвэр гарна байх.

Харин тэр хайгуулын талбайд нь давхцуулж ашиглалтын лиценз олгосон асуудлын тухайд миний ойлгосноор бол Ашигт малтмалын газрын ажилтны хувийн шахуу эрх ашгаас үүдэлтэй асуудал шиг харагдсан. Иймд ашиглалтын лиценз олгосон болон авсан хүмүүс нь хуулийн хариуцлагын гадна үлдэж болохгүй. Ер нь төрийн төмөр нүүр гэж хүмүүс ярьдаг. Энэ үг хууль, шүүхийн байгууллагад ч хамаатай гэж бодож байна.

-Ерөнхий сайдын зүгээс бензинийн үнийг чөлөөлөх нь зөв гэдэг байр суурь илэрхийлсэн. Түүнийхээ дараа компаниудын татварыг чөлөөлсөн. Гэтэл одоо өдөрт бага багаар бензинийн үнэ нэмэгдээд байна. Та албан үүргийнхээ хүрээнд төр бизнесийн түншлэлийг хариуцдаг гэсэн болохоор дээрх эсрэг урсгалтай мэт шийдвэр, бодит үр дүн хоёрт тайлбар авъя?

-Манай улс социализмын үеийн тогтолцооноосоо хэзээ салах вэ гэдэг асуудал шүү дээ наадхи чинь. Уг нь үнээ чөлөөлөөд, зах зээлээ тэлээд явбал төр заавал оролцох шаардлагагүй. Гэтэл дээр үеэс л үнийг нь барьж ирсэн. Тэгэхээр энэ үнийг тавья гэхээр хэт их тавигдаад, бүх юмны үнэ өсчих вий гэсэн айдас байдаг. Мөн сөрөг хүчний зүгээс үүн дээр тодорхой хэмжээний улс төр хийгээд сурчихсан.

-Гэхдээ засаг татвараа чөлөө­лөх нь компаниудад мөнгө өгч байна гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл, бодит дэмжлэг үзүүлж байна. Гэтэл энэ тохиолдолд эр­гээд үнээ нэмээд байгааг нь яах ёстой юм бэ. Энэ нь тэдний зөв үү. Эсвэл Засгийн газрын хөнгө­лөлт нь хангалтгүй байгаа юм уу?

-2016 онд МАН туйлдсан эдийн засагтай Монголын төрийг хүлээж авсан. Гадаад валютын нөөц нь хасах заасан. Бүх юм унасан байсан. Асар их хэмжээний өртэй. Үл ойлгогдох байдлаар долоо, найман их наяд төгрөг хэвлэсэн. Тэр нь "Үнэ тогтворжуулах" нэрийн дор шахуу явагдчихсан. Харамсалтай нь, ийм хөтөлбөр хэрэгжүүлээд ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бензинийн үнэ өссөн. 2012-2016 оны Засгийн газар нь "Манайх төвшинд нь барьж байсан" гэсэн шалтаг хэлдэг. Тодорхой хэлэхэд тэр алдааг нь бид 2016-2020 оны хугацаанд давтмааргүй байгаа юм.

Тийм учраас аль болох боломжоороо төр бизнесийн хамтын ажиллагааг татварын шинэчлэлтэй уях зорилгоор шийдвэрлэхээр хичээж байна. Энэ татварын шинэчлэлээр дамжуулаад аль болох төрийн оролцоог хасах замаар, нээлттэй байдлаар бизнесийн байгууллагуудтай харил­цахыг эрмэлзэж байна. Мэдээж тодорхой хүрээнд төр өөрөө хувийн хэвшлийн ажил руу ороод байна гэдэг яриа бий. Гэсэн ч бидний зорилго буюу энэ Засгийн газрын бас нэг зорилт бол төрийн оролцоог багасгаж хувийн хэвшлээ дэмжих. Төр бодлого дээрээ л сайн ажиллах ёстой.

Бизнесийнхээ байгууллагатай хамтарч, битгий зогсоод бай гэдгийг голчилж байна. Бизнесээ бизнесийн байгууллагаараа хийлгэж, төр бодлого зохицуулалт дээрээ л анхаарна. Иргэддээ боломж олгосны үндсэн дээр маш таатай нөхцөлөөр хэрхэн их хэмжээний татварыг цуглуулах вэ гэдгийг л анхаарна гэсэн үг. Ер нь бол ганц үгээр хэлэхэд төр бол ямар таатай орчинг бүрдүүлж татвараа хэрхэн цуглуулах вэ гэдэг бодлогыг л гаргах ёстой газар шүү дээ.

-Тэгвэл "Эрдэнэс Монгол" дээр иргэд хэзээ 1072 хувьцаагаа авах вэ. Энэ бол Засгийн газраас хүлээж буй хамгийн том хүлээлтийн нэг нь?

-Засгийн газрын төвшинд 2018 онд багтаагаад анхдагч хувьцаа гаргахасуудлыг үүрэг болгоод ажиллаж байгаа. Алхам, алхамаар гэдэгчлэн бид нийтдээ 13 орчим төрлийн ажлыг төлөвлөөд явж байна. Эхний хоёр ажлаа хийсэн. Сая бид бүхэн "Эрдэнэс Монгол"-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар бүх иргэдийнхээ хувьцааг дансжуулж авах, бүртгэх ажлыг хийсэн.

-Насны хувьд өөрчлөлт орох уу?

-Одоогоор байдлаар 2.5 сая иргэн багтсан байгаа. Тун удахгүй "Эрдэнэс Монгол" компанийн зүгээс бүх талын мэдээллийг олон нийтэд өгнө. Ойрын хугацаанд яаралтай дуусгах ёстой ордын болон бизнесийн үнэлгээ хийх шат дараалсан ажлууд байгаа. Энэ оны аравдугаар сар гэхэд эдгээр ажлууд нугарчихаар харагдаад байна. Олон улсад IPO гаргахаас авахуулаад, аль бирж дээр гарах вэ гээд олон шийдвэрлэвэл зохих ажил бий.

-"Эрдэнэс Тавантолгой" дээр улсын юм үнэгүй гэдэг байдлаар Ухаа худагтай харьцуулсан дүгнэлт яваад байна. Энэ нь мэдээж сорчилж олборлосон гэдэгтэй холбоотой. Мөн тухайн нүүрсний районд байгалийн хийн судалгаа хийгдэж байна гээд яриад бий. Энэ судалгаа ямар төвшинд байгаа вэ. Тэр асуудлыг олборлолтынхны хувьд жаахан "хүнлэг" болгож болдоггүй юм болов уу?

-Нийгэмд л тэгж яригдаад байгаа болохоос бус яг сорчилж олборлолт хийсэн зүйл байхгүй. Хийтэй холбоотой асуудлын тухайд тодорхой давхаргын хүрээнд хий хуримтлагдах нь уул уурхайд угаасаа байдаг л асуудал. Харин энэ хийг яаж ашигтай үр өгөөжтэйгээр ашиглах вэ гэдэг нь л чухал. Зүгээр гаргаад хаячих юм уу. Нэг буруу үйлдлээс шалтгаалаад байгаа баялаг нь өөрөө үгүй болох асуудал ч бий. "Эрдэнэс Монгол"-ын харьяа "Эрдэнэс метан" гэж хийн компани бий.

Эхний ээлжинд байгалийн хийг Засгийн газрын төвшинд нэгдүгээрт, нөөцийг нь тогтоох, хоёрдугаарт, их хэмжээний хий байгаа тохиолдолд хэрхэн ашиглах вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Тухайлбал, Улаанбаатар хүртэл 580 гаруй км газарт хоолой татах, үүнээсээ үргэлжлүүлээд утаанаас салах нэг аргыг мөн олох хэрэгтэй. Дээр нь, гадагш нь экспортлох асуудал байна. Засгийн газарт тодорхой яригдаж байгаа нэг том төсөл бол бид нүүрсээ гадагшаа зараад байдаг. БНХАУ-аас үндсэндээ борлуулалтын хувьд хараат байдалтай байдаг. Иймд дотооддоо нүүрсний асар их нөөцтэй юм чинь үүндээ тулгуурлаад станцуудаараа дамжуулаад эрчим хүч экспортолж болохгүй юу гэдгийг судалж байна. Энэ төсөл "Эрдэнэс Монгол" дээр судлагдаж байгаа.

Ер нь бол хэрэв 2020 онд эрх барих намд өөрчлөлт орвол энэ явж байгаа том том төслүүд, өсч буй эдийн засаг ахиад нурах вий дээ гэсэн эмээлт байна. Аливаа улсын бодлогыг харвал доод тал нь найм, дээд тал нь 12 жилийн хугацаатай байдаг. Ард түмэн маань үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Хэнийгээ сонгох нь бол хувь хүний сонголт асуудал.

-Нурах айдас гэдэг?

-2012 он гэхэд Монгол Улсын эдийн засаг өсөлттэй байсан. Гадаад вальютын нөөц ямар хэмжээнд байв. Гэтэл 2016 онд ямар болгов. 2012-2016 онд төрийн эрх барих улс төрийн хүчин өөрчлөгдсөн. Оюутолгой зогсож, Дубайн гэрээг хийсэн нь өнөөдөр ямар үр дагавар дагуулаад буйг бүгд харж байна. Энэ чинь л Засгийн газрын бодлогын үргэлжлэл дундаа тасалдаад байгаагийн хор уршиг шүү дээ. Үүнийг л нурах айдас гэж хэлээд байгаа юм.

-Ерөнхийдөө ажил, хувь хүн талаас гээд тодорхой ойлголт өгөхүйц ярилцлага бэлтгэхээр асуулт боловсруулж суухад өөрийн тань #ББ гэдгээр нэрийн хуудас болоод байгаа онч үгийн ном олны дунд нэлээн сонирхолтой гарын авлага болсон байхыг анзаарсан л даа. Та номоо сошиалаар ч сайн сурталчилж байгаа харагддаг. Дөрөвдэх номоо хэвлүүлж амжсан байх аа?

-Яг одоогоор дөрвөн номоо гаргасан. Уг нь бол 10 ном бэлэн бичигдчихсэн байгаа. Хэвлэгдэхээр дахиад зургаан ном хүлээж байна гэсэн үг. Би Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж байгаад ажлаа өгөөд хувийн шаардлагаар сар орчим Солонгост амьдарсан. Ганцаараа байгаа хүн чинь яахав юм бодож эхэлнэ ээ дээ. Анх тэгж л #ББ бичигдэж эхэлсэн. ББ гэдэг чинь Бат-Өлзийн Бат-Эрдэнэ гэсэн үгийн товчлол шүү дээ. Оюуны өмчөөр ч баталгаажуулаад авчихсан. Гэхдээ гэнэт цоороод ном бичсэн зүйл огт биш. Өмнө нь би "Монголын нууц товчоо"-г гурван хэл дээр гаргаж, борлуулсан туршлагатай байсан нь их дэм болсон байх.

Одоо ч "Аз хур" номын дэлгүүрт зарагдаж байгаа. Япон, Солонгос, Австрали, Монголын эрдэмтэд нийлээд таван жил орчим ажиллаж байж, хэвлүүлсэн гэхээр их ажил орсон байгаа биз. Мөн "МАН-ын үндсэн баримт бичгийн түүхэн чуулбар" гээд ном бий. 2004 онд гэхэд "UBS" телевизтэй хамтраад "Excellent English" гэж таван цуврал теле хичээл DVD гаргаж байлаа. ББ цувралын хувьд онч үгийн тухайд бага сагаар бичсээр байгаад сүүлдээ ёстой мэргэшинэ гэдэг л болсон. 2016 оноос сая томилогдох хүртлээ төрийн ажил хийгээгүй. Чөлөөт цаг зав ихтэй байсан учраас ном бичих, фитнест явах, гадаадаас хөрөнгө оруулалт татах гэсэн ажлуудыг л сайн хийлээ дээ.

-Номыг тань цагаан сараар бэлгэнд их өгч байна лээ?

-Өө, сая эмэгтэйчүүдийн баяраар бас их зарагдсан.

-Номынхоо орлогыг сайн санааны үйлсэд зарцуулж байгаа нь хүмүүсийг их татсан бололтой юм билээ?

-Магадгүй ээ. Өнгөрсөн жил гэхэд Орхон, Булганд малчдад зориулсан "1000 нэмнээ" гэж аян зохион байгуулсан. Мөн хоёр ч айлыг орох оронтой, өргөө цагаан гэртэй болголоо. Энэ оны эхээр томуу дэгдэлт их байсан болохоор утлагын аппарат хүртэл эмнэлэгт авч өгсөн. Эрдэнэтийн эмнэлгүүд нэг хэсэгтээ хангалттай нөөцтэй болчихсон шүү.

-Хэдэн хувь борлуулав?

-80 ширхэг утлагын аппарат авах зорилгоор борлуулалтаа эхлүүлээд 5.2 сая төгрөгийг тав хоногийн дотор л олсон. Утлагын аппаратууд маань ч эзэндээ очсон. Дөрөвдэх боть нь хэвлэгдээд удаагүй байгаа. Эхний хоёр боть нь нийтдээ ес мянга гаруй хувь борлогдсон. Нээрээ, цагаан сараар их олон айл миний номыг бэлгэнд сонгосонд баяртай байгаа.

Манайхан үгийн утганд ихээхэн ач холбогдол өгдөг болохоор "Ухаарал" гэдэг номыг нь олноор нь аваад "Хар, цагаан" номыг бэлгэнд өгөөгүй харагдсан шүү. Бас л санаа байгаа биз. Бүр, Завханы нэг сургуулийн эрхлэгч хүртэл "Би танаас зөвшөөрөл авах гэсэн юм" гээд захидал бичсэн байсан. Яасан гэсэн тэр хүн их завсар­лагаанаараа багш нараа цуг­луулаад миний номноос уншиж өгдөг гэнэ. Философи гэдэг утгаар нь хүмүүст ойлгуулах гэж. Тэгээд албан ёсны зөвшөөрөл хүсэхгүй бол болохгүй гэж холбогдсон нь тэр л дээ.

-Зөвшөөрсөн үү?

-Зөвшөөрөлгүй яахав. Их сайхан мэдээ байсан шүү.

-Бид бүгдээрээ л багаасаа дэлхийн суут сэтгэгчид, философичдын үгийг дэвтэр дээр бичээд, түүнийгээ амьдрал дээр мөрдөх зорилгоор цээжилдэг байсан. Зарим хүмүүс таны номыг уншаад энэ залуу одоо амьдрал туулаад үзчихсэн юм шиг хэн бэ гэж гайхдаг байх талтай. Нөгөө талд үг болгоныг эрдэм болгохгүй ч нээрээ тиймдээ гээд харахаар, уншихаар онч үгсч олон харагдаж байсан. Жишээ нь, яг тогтоож авснаасаа хэлбэл "Зовох цагийн нөхөрлөл жаргах цагт суурь болдог. Жаргах цагийн нөхөрлөл зовох цагт шалгуур болдог" гэсэн үг байна?

-Баярлалаа. Сүүлдээ ч миний үг чинь ардын үг болж нэлээн явдаг болсон байна лээ. Цахим орчинд бол их сайн түгсэн. Амласан ёсоороо онч үгийнхээ сан болгож www.baterdene.mn гэж сайт нээсэн. Эхний хоёр ном бүрэн эхээрээ байгаа. Гэхдээ яг үнэндээ сайн анзаарвал хүн бүр энэ үгийг бичих боломжтой юм билээ.

-Туршлагаасаа хуваалцаач?

-Яагаад гэвэл өдөр тутмын амьдарлаа, эргэн тойрноо жаахан л анзаараад харахад энэ үгнүүд өөрөө биелээд явж байдаг. Сүүл рүүгээ бүр хүмүүстэй яриад сууж байхад содон үгнүүд орж ирэх жишээний. Үндсэндээ үг гэдэг хүний амьдралд бэлэн байдаг юм билээ. Дэлхийн сэтгэгчид юм уу, том том хүмүүс бол мэдээж өөрөө өөрсдийнхөө төвшинд, мэдлэг боловсрол, туулсан туршлагынхаа хүрээнд бичиж үлдээсэн байдаг. Харин монгол хүний сэтгэлгээ, тэр хүмүүсийн сэтгэл хоёр асар өөр шүү дээ. Нүүдэлчин ахуй, соёл, амьдрал гэдэг өөрөө асар том ялгарал. Миний бодлоор номнууд маань хүмүүст илүү их хүрээд байгаа нь би монгол хүн, монгол сэтгэхүйгээр бичиж байгаатай холбоотой болов уу гэж бодсон.

-Уучлаарай, номнуудынхаа үг шигээ ухаантай хүн мөн үү гэж хүмүүс асуухын тухайд?

-Тухайн үгийг үйлдвэрлэж байгаа хүнээс тийм хэмжээний ухаан гарч байгаа гэж л би ойлгож байна. Хүний ухаан, бодит байгаа байдал нь үг хийгээд үйлдлээр илэрдэг гэж би ойлгодог. Зарим зохиолчид яадгийг би мэдэхгүй. Гэхдээ мэдээж би бол зохиолч биш. Үг тухайн үедээ зурсхийж орж ирэхэд нь би гялс цаг алдалгүй тэмдэглээд авдаг. Тэгэхгүй бол харин дараа нь тэр үг дахиж орж ирдэггүй юм билээ. Шөнө хүртэл үг орж ирэхээр би утсан дээрээ бичээд авдаг. Сүүлдээ манай эхнэр "Наад үгээ боль. Хэтэрхий их шуналгүй болж байна" гэсэн.

-Яагаад вэ?

-Эхнэр гэртээ нэг юм авья гэхэд би "Манайд байж л байна. Үүнийгээ хэрэглэхэд л болно. Тэгснээс бусдад түгээе. Ийм юмгүй хүн зөндөө байгаа" гэдэг болсонтой холбоотой байх.

-Бичих нь өөрт тань эерэгээр нөлөөлж байна гэсэн үг үү?

-Эргээд философи нь намайг хүмүүжүүлээд байгаа юм шиг санагдсан. Саяхан дэлгүүр ороод кассан дээр мөнгө төлөх гээд зогсож байхад "Хөөш Бэбэ ах байна" гэдэг. Сая Эрдэнэтэд "ББ буюу горилогч" гээд мэдээ гарсан байсан. Энд тэнд явж байхад хүмүүс намайг таниад байхаар хүн өөрийгөө цензурдэж эхэлдэг юм билээ.

-"Горилогч" гэдэг хүмүүсийн хард­лага үнэн үү. Таныг Эрдэнэт хо­тод ихээхэн хүчин чармайлт гар­ган ажиллаж буйг тань мэдэх юм?

-Би анхнаасаа л Орхон аймгийн намын хорооны гишүүн байсан. Намайг нийслэлийн намын хороонд оруулдаггүй. Чи хөдөөнийх гээд хөөгөөд байдаг юм. Нэг талаасаа би үүнд баярладаг. Нийслэлийн тэр олон татварыг төлөхгүй байхгүй юу даа. Залуучуудад хэлдэг нэг зүйл нь сонгууль болоод дуусдаг. Гэтэл "Надад ажил олгосонгүй. Би намын төлөө бүх амьдралаа зориулсан" гэж гомдоллодог залуучууд бий. Би тийм занд дургүй.

МАН маань УИХ-ын сонгуульд ялалт байгуулснаас хойшхи жил гаруйн хугацаанд бүх хүн л надад хэлж байсан "Бүх л жагсаал цуглааныг Залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн даргын хувиар Бат-Эрдэнэ гэж хүн зохион байгуулж байсан. Эрдэм шинжилгээний бага хурлыг, намын системийн шинэчлэл хийсэн" гээд л. Намын брэндбүүкийг хүртэл хийлцсэн. Бүр санаачилсан хүний нэг. Тэгээд ийм хүнээ яагаад ажилд томилохгүй байгаа юм бэ гэдэг асуудал маш их ярьж байсан. Миний хувьд хэлсэн нэг зүйл нь хамтарсан Засгийн газрын үед би Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэдэг том байгууллагад ажиллаж байсан. Мөн заавал би төрд орж ажиллах шаардлага байхгүй гэж хэлдэг байсан.

Энэ хугацаандаа би Эрдэнэт хотоо Солонгосын жилд 1.5 тэрбум ам.долларын орлоготой аж үйлдвэрийн том хоттой хамтарсан харилцаа үүсгээд одоо нийтдээ 22 тэрбум төгрөгийн орон сууцны хороолол барих төсөл эхлүүлээд явж байна. Тэр хорооллоо бас "ББ" гээд нэрлэчихсэн. Энэ номын хүч л гэж ойлгож байгаа. Эрдэнэтийнхэн маань "Бэбэ" гэж мэддэг болсон.

-Горилогч мөн үү гэдэгт тодорхой хариулт хэлсэнгүй?

-Горилогчийн хувьд ярихад эрт байна. УИХ-ын 65 гишүүн, Ерөнхий сайд, ерөнхий нарийн бичгийн дарга нэр дэвшинэ. Дэд сайдууд гээд маш олон хүн орж ирнэ. Ингэхээр цаана нь арав хүрэхгүй суудал дээр нэр дэвших хүний тухай яригдана. Тэгэхээр энэ маш хэцүү асуудал. Харин нэр дэвшсэн ч бай, дэвшээгүй ч бай ажлаа хийгээд л явна. Урьд нь надад 2012 онд нэр дэвших боломж байсан. 2016 онд бүр хамгийн их боломж байсан. Гэхдээ би бусдыг дэмжээд, намын бодлогоо дагаад, стратеги дээрээ ажиллаад явсан. Тиймээс өнөөдөр хэлэхэд арай эрт байна. Мэдээж намаас туршлага, цаг хугацаа чинь болж байна гэж үзвэл би дэвшихгүй гэж хойшоо суухгүй. Дэвшүүлэхгүй гэхэд нь би дэвшинэ гэж гүйхгүй.

-Нэг үе НАМЗХ-ны удирдлагад байсан залуучуудын бараг 50 хувь УИХ-ын гишүүн болчихлоо шүү дээ. Өөрийн чинь хувьд улс төрийн пиар талаасаа ард нь байсан хүн. Эд нар УИХ-ын гишүүн болоод, өөрөө номоо бичээд явахаар харахад юу бодогдож байсан бэ. Сонжсон хэрэг биш шүү. Зүгээр л асуулт гэж ойлгоорой?

-Надад бодоод байх юм байхгүй. Би хувь тавиланд итгэдэг. Хэрвээ хувь тавилан гэж байгаагүй бол түшээд гарахаар бол гарах хүмүүс зөндөө байлаа. Гэтэл ямар ч сураг ажиггүй байсан хүн УИХ-ын сонгуульд ганц дэвшээд л гарсан тохиолдол ч байна.

Тэгэхээр энэ хувь тавилангийн асуудал. Миний нэг баримталж ажиллаж, амьдардаг нэг зарчим бол би байгаа бүхэндээ л сэтгэл хангалуун байдаг. Аз жаргал гэдэг зүйл албан тушаал, мөнгө төгрөгөөр хэмжигддэггүй гэж ойлгодог.

Гэр бүлийн дулаан уур амьсгал өнөөдөр нэгдүгээрт байх ёстой гэж ойлгодог.

Хоёрдугаарт, би гэдэг хүн гэхээсээ илүү миний өсч явж байгаа хүмүүжил бол бид гэдэг хүмүүжил. Сайд, гишүүдийнхээ ард талд ажиллаж байсан. Гэхдээ заавал Бат-Эрдэнэ гэдэг хүнийг урд гаргаж ирдэггүй. Уг нь гарч ирэх боломж их байсан. Дарга хийж байх хугацаанд хэвлэл мэдээлэлтэй зангидагдаад намайг гарга гэвэл тэгж болох л байсан. Тэгээгүй. Аль болох бусдыг дэмжиж хөгжүүлж явахыг аль болох эрмэлзэж явж байна. Цаашдаа ч би ингэж л амьдарна.

-Эхнэр тань юу хийдэг вэ?

-Манай бага хоёр настай. Эхнэр гэртээ хүүхдээ харж байгаа.

-Гэр бүлийн бизнес бий юу?

-Төрд орохтойгоо зэрэгцээд сонирхсон хүмүүст нь зарсан. Ямар бэлэглэлтэй биш.

-Одоо тэгээд хувийн бизнесгүй гэсэн үг үү. Ярилцлагын дундуур энэ тухайгаа хэлсэн ч төгсгөлд нь дахин тодотгоод асуучихъя. Сонины ярилцлага бол архив шүү дээ?

-Тийм ээ. Бизнесгүй. Төрийн ажлаараа л дагнана даа.

ШИНЭ МЭДЭЭ