Б.Бат-Эрдэнэ: Улсаас 2022 онд 18 их наяд төгрөгийн худалдан авалт хийхээр төсөвлөсөн
2021.12.09
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: Улсаас 2022 онд 18 их наяд төгрөгийн худалдан авалт хийхээр төсөвлөсөн

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас аж ахуйн нэгжүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр ШӨХТГ-ын дарга, Б.Бат-Эрдэнэ:

-Ковидтой холбоотойгоор хууль зөрчсөн тендерийн сонгон шалгаруулалтын тухай гомдол ирэв үү?

-ШӨХТГ-т 2021 онд  эм, эмнэлгийн хэрэгслийн тендер сонгон шалгаруулалттай холбоотой гомдол нэлээд ирсэн. Энэ дунд ковидтой холбоотой гомдол зонхиллоо. Тухайлбал ковидын нөхцөл байдалтай холбогдуулан шууд худалдан авалт хийсэн, тав дахь өдөр тендер зарлаад нэгдэх өдөр сонгон шалгаруулчихдаг зөрчил илэрсэн. ШӨХТГ гомдлын дагуу зөрчил илэрсэн байна гэдэг дүгнэлтийг эрүүл мэндийн байгууллагад хүргүүлэхээр үнэлгээний хорооны гишүүд нь өвчтэй, хавьтагч болсон, ковид туссан зэргээр хариу өгөхгүй алга болчихдог. Ингээд тендер сонгон шалгаруулах хугацаа дуусдаг. Тав дахь өдөр тендер зарлаад нэгдэх өдөр сонгон шалгаруулчихдаг.

Сонгон шалгаруулалтыг зогсоох шаардлага өгөхөөр "Бид цуцалж болно. Гэхдээ маш олон хүн хохирно, эцсийн хариуцлагыг ШӨХТГ хүлээх үү" гэдэг. Энэ мэтчилэн олон хүний эрх ашгийг далимдуулж тендер сонгон шалгаруулалтыг өөрсдийн дураар зохион байгуулсан үйл явц Эрүүл мэндийн яаманд бий. Мөн Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн байгууллагаас барааны нэр төрөл зааж, ажлын зураг зурж, түүнийг дүйцэхүйц гэсэн үгээр хамгаалж тендер зарладаг. Ингэснээр тухайн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг ганцхан компанид давуу байдал үүсэж, бусад компани нийлүүлэх боломжгүй болчихдог асуудлууд их.

-Тендерт сонгон шалгаруулах компаниа сарын өмнө байгуулж, урьдчилж бэлддэг гэх асуудал яригддаг. Жишээ нь Хэнтий аймаг дахь бүтээн байгуулалтыг дурдаж болно.

-Хэнтий аймгийн хөшөөтэй холбоотой бүтээн байгуулалтын талаар би хэлж мэдэхгүй юм. Гэхдээ "Эрдэнэс тавантолгой" компанийн нүүрс баяжуулах үйлдвэртэй холбоотой энэ төрлийн гомдол ирсэн. Тухайлбал нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮГ-г хийсэн компанийн толгой компани тендерт шалгарсан. Толгой болон охин компаниуд хоорондоо мэдээлэлтэй байсан нь мэдээж шүү дээ. Энэ мэтчилэн охин компани ТЭЗҮ-г нь хийгээд толгой компани нь тендерт шалгараад байж болохгүй. Тийм учраас үүнийг хүчингүй болгосон. Энэ мэт асуудлыг байдаг л үзэгдэл гээд огт хаяж болохгүй.

-ШӨХТГ-т ирсэн гомдлын 50 хувь нь тендер захиалагчийн буруутай үйлдэл байгааг та хэлсэн.  Энэ тохиолдолд ямар хариуцлага тооцдог вэ?

-Аж ахуй нэгжийн гаргасан гомдол буруу байна гэж үзвэл тодорхой хэмжээний мөнгөн дүнг төр суутгаад авчихдаг. Мөн Сангийн яам тухайн аж ахуй нэгжийг хар жагсаалтад оруулаад дахиж тендерт оролцох боломжгүй болгодог. Гэтэл захиалагч олон удаагийн тендер сонгон шалгаруулалтыг буруу, хууль зөрчсөн байдлаар зарлачхаад байхад ямар нэг арга хэмжээ тооцдоггүй. Энэ бол тэгш бус харилцаа гэдгийг аж ахуйн нэгжүүд хэлж байна.

Улсаас 2022 онд 18 их наяд төгрөгийн худалдан авалт хийхээр төсөвлөсөн.

Төрийн болон орон нутгийн өмчтэй холбоотой тендер сонгон шалгаруулалтад маш их хэмжээний мөнгө эргэлдэж байдаг. Улсаас 2022 онд 18 их наяд төгрөгийн худалдан авалт хийхээр төсөвлөсөн байна. Тухайлбал "Эрдэнэс таван толгой" компанийн хувьд жилдээ 6 орчим их наяд, Эрдэнэт үйлдвэр 1 их наяд төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаар байна. Эдгээр төрийн өмчит үйлдвэрийн газруудын зарлаж байгаа тендер сонгон шалгаруулалтууд шударга явагдах ёстой. Яагаад гэвэл манайд ирж байгаа тендертэй холбоотой гомдлын дийлэнх нь Төрийн өмчит газар буюу Төрийн өмчит компаниудтай холбоотой байна.

-Хуулийн шинэчлэлтийн хүрээнд Сангийн яаманд зөвлөл байгуулж танай хариуцаж буй ажил үүргийг тийш шилжүүлэх асуудал яригдаж байна. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Зөвлөл есөн гишүүнтэй, 20 хүний бүрэлдэхүүнтэй байх тухай яригдаж байна. Энэ зөвлөлийг таван жилийн хугацаатай Ерөнхий сайд томилно. Хэт нэг тал руу хэлбийсэн монополи байдлыг тухайн есөн гишүүнд олгох нөхцөл бүрдэнэ гэж ойлгож байгаа.

ШИНЭ МЭДЭЭ