Б.Бат-Эрдэнэ: Гадаадад байгаа монгол иргэн, аж ахуйн нэгжүүдийн эрхийг хамгаална
2020.10.06
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: Гадаадад байгаа монгол иргэн, аж ахуйн нэгжүүдийн эрхийг хамгаална

Сэтгүүлч Г.Нямсүрэн

Шударга өрсөлдөөн, хэрэглэг­чийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Та ШӨХТГ-ын даргын албан тушаалд томилогдоод багагүй хугацаа өнгөрч байна. Энэ албанд томилогдоод хамгийн түрүүнд ямар ажил хийх хэрэгтэй гэж төлөвлөж байв?

-Тус газрын даргаар томилогдоод 40 гаруй хонож байна. Бид зөвхөн Монголд байгаа иргэд төдийгүй гадаадад буй иргэн, аж ахуйн нэгжүүдийнхээ эрх ашгийг хамгаалах нь чухал гэж үзэж байгаа. Дотооддоо бид үр дүнтэй олон ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, “Зарагдсан барааг буцаахгүй” гэх анхааруулгыг бүх худалдааны лангуунаас буулгасан. Намайг томилогдохоос өмнө бүх аж ахуйн нэгжид ийм бичиг наалттай байлаа. Одоо гадуур явбал тийм бичиг бараг байхгүй болсон.

Зарагдсан барааг буцаахгүй гэдэг бол Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчиж буйн илрэл гэдгийг бүгд мэддэг болсон байна. ШӨХТГ бол Засгийн газрын тохируулагч агентлаг. Өнгөрсөн хугацаанд энэ газар хэрэгжүүлэгч агентлагийн түвшинд илүү ажиллаж ирсэн гэж би дүгнэсэн. Одоо бол хэрэгжүүлэх нь 90, тохируулагч нь 10 хувь байна.

Цаашид үүнийг 50, 50 хувь болгохын төлөө ажиллаж байгаа. Өрсөлдөөний зүй тогтлыг хэрхэн барих, ямар бодлого, стратегитай байх ёстой вэ гэдэгт анхаарч байна. Манай өрсөлдөөний тухай хууль нь дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлахаас илүүтэй тэдний үйл ажиллагааг дэлхийн хэмжээнд хүргэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд чиглэдэг. Түүнчлэн гаднын аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсад хөрөнгө оруулах, дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах боломжоор хангахад чиглэсэн бодлогын үйл ажиллагаануудад анхаарлаа хандуулж байна.

Дээр хэлсэнчлэн хилийн чинад дахь монголчуудын эрх ашгийг хамгаалах нь чухал болжээ. Энэ асуудлаар бид Монгол дахь Тайпень худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай албан ёсны уулзалт зохион байгуулсан. Тайваньд Монголын 1600 орчим оюутан суралцаж байна. Японд хөрөнгө оруулалт хийгээд ажиллаж буй Монголын аж ахуйн нэгжийн эрх ашгийг ч бид хамгаална.

-Танай байгууллага иргэдээс хамгийн их гомдол хүлээн авч шийдвэрлэдэг байх. Ер нь тэр бүх гомдол саналыг хүлээн авч шийдвэрлэхэд хэр хүндрэлтэй байна вэ?

-Манайх 24 цагаар ажилладаг цахим системийг ашиглалтад оруулж, иргэдийнхээ санал гомдол мэдээллийг хүлээн авдаг болсон. Мөн 115 гэсэн төлбөргүй дугаарыг тасралтгүй ажиллуулж байна. Үүнтэй уялдан манайд ирэх иргэдийн санал гомдлын тоо эрс нэмэгдсэн.

Хичээлийн шинэ жил эхлэхэд сургууль, цэцэрлэгийн төлбөрийн талаарх гомдол мэдээлэл нэлээд ирснийг тухай бүрд асуудлыг шийдвэрлэж ажилласан. Цаг үеийн шинж чанартай гомдол их ирдэг. Сүүлийн үед дулааны асуудлаарх гомдол тасралтгүй их ирж байна. Бид урьдчилан сэргийлж, “Улаанбаатар цахилгаан дамжуулах сүлжээ” компани, Эрчим хүчний зохицуулах хороотой хамтран цахилгаан, дулааныг таслахгүй байх талаар ярилцаж байна.

-Төлбөрөө төлөөгүй айл өрхийн цахилгааныг таслахгүйгээр өөр арга хэмжээ авах боломж бий юү?

-Бидний хувьд “Улаанбаатар цахилгаан дамжуулах сүлжээ” компанид иргэдийн цахилгаан, дулаан, халуун усыг таслахгүй байх чиглэл өгч байгаа. Хэрэв өр төлбөртэй айл өрх байвал шүүхийн зарчмаар асуудлыг шийдэхийг хүсдэг. Нэг айлын төлбөрийн асуудлаас болж, өөр айлын цахилгааныг тасалж болохгүй. Нөгөөтэйгүүр, “Улаанбаатар төмөр зам”, “Эрчим хүчний зохицуулах хороо” гэх мэт газартай хамтран ажлын хэсэг гарган энэ асуудлаар ажиллаж байгаа ч нэг бэрхшээл бидэнд тулгарч байгаа юм.

Бид хэрэглэгчийг ангилж, өвлийн улиралд шөнийн тарифыг хөнгөлдөг. Тухайлбал, Хан-Уул дүүргийн IV хороо гэх зэргээр ангилдаг. Энэ хорооны хувьд хаус хороолол ихтэй шүү дээ. Тэдний цахилгааныг өвөлдөө заавал тэглэх шаардлага байхгүй. Гэтэл нөгөө талд хөнгөлөлт эдлэх хэрэгтэй гэр хорооллынхон уг хөнгөлөлтөд хамрагдаж чадахгүй байх жишээтэй.

Тиймээс дулааны ялгавартай тарифыг тогтоох тухай асуудлыг шийдэхээр бид хэлэлцэж байна. Тухайлбал, моргейжийн зээл 80 ам метртэй байранд гардаг шүү дээ. Үүн шиг 150 болон түүнээс дээш ам метртэй айл өрхөд цахилгааны тарифыг өөрөөр тогтооно гэсэн үг. Гэр хороолол, хөдөө орон нутагт хөнгөлөлттэй байх зэргээр ялгавартай тогтоох тухай ярилцаж байна. Ингээд ялгавартай тогтоочихвол Улаанбаатар төмөр замынхны яриад байгаа тариф индексжүүлэх буюу нүүрс тээвэрлэж байгаа галт тэргүүд алдагдалгүй ажиллах боломж бүрдэнэ. Төр энэ бүх алдагдлыг хүлээж, цахилгаанаа 100 хувь чөлөөлж чадахгүй болохоор бид ийм системд шилжих хэрэгтэй байна.

-Та ажлаа хүлээн авснаас хойш олон аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт хийж байна. Тэдэнд энэ мэт асуудлыг тавихаар бас л болохгүй, бүтэхгүй байна гэсэн зовлонг эргүүлээд та бүхэнд тавьж байгаа байх. Тухайлбал, иргэн айл өрхийн цахилгааныг битгий таслаарай гэхээр бид алдагдалтай ажиллаж байна гэж эсэргүүцэл илэрхийлдэг байх?

-Тэгэлгүй яах вэ. “Улаанбаатар цахилгаан дамжуулах сүлжээ” компанийг иргэдийн цахилгааныг битгий тасал гэхээс илүүтэй үүнийг шийдэх гарц гаргалгааг төр олох ёстой. Тухайлбал, аккумляторын устгалын дахин боловсруулалтын бүх үйлдвэрийг өнгөрсөн онд хаачихсан. Одоо бүх хаягдал аккумлятороо яахаа мэдэхээ байчихсан байна. “Асуудлыг шийдэх гарч байхгүй, хаа” гэсэн ганц шийдвэрийг төр гаргачихсан.

Төр ийм алдаатай шийдвэр гаргаж болохгүй. Тэгэхээр бид цахилгаан түгээх сүлжээг алдагдалтай ажиллаад иргэдийн цахилгаан, дулааныг битгий тасал гэж хэлж болохгүй шүү дээ. Энэ мэт асуудлын гарц, шийдлийг олж, төр ажиллах учиртай.

-Банкуудын АТМ-аас орлого, зарлага гарахад хураан авдаг шимтгэлийг нэг дүнтэй байх зэрэг асуудлыг та тавьж байгаа. Хэр нааштай байна вэ?

-АТМ-ын асуудал байна. Жишээлбэл, би Голомт банкны хэрэглэгч мөртлөө АТМ-аас бэлэн мөнгө авахаар 100 төгрөгийн шимтгэл төлдөг. Хэрэв ХААН банкны АТМ-аас мөнгө авбал 500 төгрөгийн шимтгэл төлдөг. Би ганцхан АТМ-аас бэлэн мөнгө авахын тулд ийм ялгавартай мөнгө төлнө. Нэгдүгээрт, бид банкуудын АТМ-ыг нэгтгэх асуудлыг тавьж байгаа.

Худалдааны төвүүдээр явахаар том, жижиг, өнгө алагласан олон төрлийн ямар ч стандартгүй АТМ тавьсан харагддаг. Хоёрдугаарт, банкуудын шимтгэл, хураамжтай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Голомтоос өөрийн данс руу мөнгө шилжүүлэхэд 100 төгрөг, өөр банкны данс руу шилжүүлэхэд 300, 500 гээд ялгавартай байна шүү дээ. Магадгүй, энэ бүх асуудлыг Монголбанк шийдэх ёстой. Нөгөөтэйгүүр Монгол банк яагаад банк хоорондын гүйлгээ хийхэд банкуудаас шимтгэл аваад байна вэ гэдэг нь асуудал. Төв банк орлого хөөдөг газар биш. Гэтэл Монголбанк шимтгэл буюу 160 төгрөгийг авдаг.

Энэ оны эхний улирлын байдлаар Монголбанк энэ шимтгэлээсээ 2.1 тэрбумын орлого олсон гэсэн тооцолол бий. Тус банкнаас шимтгэлийн босгыг 160 төгрөг гээд тогтоочихоор тухайн банкууд хоорондын гүйлгээндээ мөнгө нэмэхээс өөр аргагүй байдалд хүрч байгаа юм. Энэ нь эргээд иргэдийн нуруун дээр очиж байна. Төр өөрөө бизнес эрхлэгч биш байгаасай гэж бид хүсэж байгаа юм.

Уг нь Монголбанк бодлого төлөвлөдөг л газар. Гэтэл өөрөө мөнгө олох систем дээр оччихсон байна. Тухайлбал, нэг улиралд хамгийн багаар бодоход хоёр тэрбумыг олоход жилдээ ойролцоогоор найман тэрбумын орлогыг иргэдээс татаж байна. Цахим гүйлгээ ихсэх хэрээр тэр хэмжээний мөнгө нэмэгдэж орох нь байна.Тэгэхээр төр бодлого тодорхойлогч буюу бодлого зохицуулалтын байр сууриндаа ажиллаасай. Тэгэхгүй бол аж ахуйн нэгжүүдтэй өрсөлдөөний систем рүү ороод байна шүү гэдгийг анхааруулахыг хүсэж байна. Арилжааны банкуудтай асуудал ярихаар өөдөөс “Монголбанк чинь биднээс төлбөр аваад байна” гэдэг. Монгол банк төлбөрийн системдээ мөнгө авахаа больчихвол арилжааны банк хоорондын төлбөрийн асуудлаа хоорондоо шийдэх боломж байна гэж ярьдаг. Энэ мэт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан ажлууд олныг зохион байгуулаад эхнээсээ үр дүнгээ өгч байна.

-Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахаас гадна тэднийг мэдлэгжүүлэх шаардлагатай гэж харж байна. Тухайлбал, иргэд зарагдсан барааг буцааж болохгүй гэсэн хэвшмэл ойлголттой байсан шүү дээ?

-Хэрэглэгчид нэг талдаа эрхтэй нөгөө талдаа хариуцлагатай байх ёстой. Бид зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй гэсэн акц явуулахаар нэг сонин зүйл гарч ирээд байгаа юм. “Өмссөн цамцаа буцаана” гэж ярьж байна. Хүний өмссөн цамцыг хэн авах билээ дээ. Бид шинэ бараа бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлыг ярьж байгааг иргэд ойлгох учиртай. Монголчууд ухаантай гэхэд заримдаа бас хэтэрхий их ухаан гаргах юм.

Шинэ жилээр даашинз авч өмсчихөөд шинэ жилийн үдэшлэгээ тараад буцаах юм гэнэ. Хүний хөлс шингэсэн даашинзыг угаагаад зарах уу. Ийм байж боломгүй асуудлыг иргэд их тавьж байна. Худалдан авагч болон худалдаа эрхлэгч хоёрын хоорондын асуудал энд бий. Тухайлбал, “И март” компани гурав хоногийн дотор буцаалт хийх, долоон хоногийн дотор ижил бараа бүтээгдэхүүнээр солихыг зөвшөөрдөг. Иймээс таны худалдан авсан бараа бүтээгдэхүүн анхны чанараасаа дордоогүй байх ёстой.

Бид энэ акцыг эхлүүлснээр нэг зүйлийг ойлгож авсан. Хэрэглэж байгаа мөртлөө буцаах боломжтой нэг зүйл байна. Тэр бол автомашин. Тухайлбал, Дестрибютер компаниас оруулж ирж байгаа автомашинд гурван жилийн баталгаа өгдөг. Гаднаас оруулж ирсэн автомашиныг шинэ, Монголд явж байгаагүй гээд зардаг. Гэтэл тухайн автомашин хилээр орж ирэхдээ автомашинаар биш сэлбэгээр орж ирсэн байх тохиолдол байна.

Монголд орж ирэхдээ дундуураа хоёр хуваагдчихсан автомашиныг сэлбэгээр оруулж ирчихээд машины ченжүүд аль нэг засварын газраар гагнуулж янзлуулчихдаг. Үүнийгээ иргэдэд Японоос дөнгөж шинээр оруулж ирсэн мэтээр худалдаалж байна. Магадгүй зөвхөн ашиг олох зорилготойгоор цунамид өртсөн, цацрагийн бүсээс япон автомашин оруулж ирж, хүний эрүүл мэнд, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хор уршигтай зүйл хийж байгаа хүмүүс бий. Иргэдийг төөрөгдүүлж энэ мэт үйлдлийг хийж буй иргэн, аж ахуйн нэгжид бид хэрэг үүсгэж байгаа.

Энэ бол буцааж болох нөхцөл юм. Үүнийг шийдэхийн тулд бид энэ төрлийн автомашиныг хилээр оруулж ирэхгүй байх ёстой. Бид энэ талаар хоёр ажил зохион байгуулж байна. Сангийн яамны Гааль татвар санхүүгийн мэдээлэл технологийн төвийнхөнтэй уулзаж, Монгол Улсын хилээр оруулж буй автомашиныг иргэдэд нээлттэй хянах боломжийг олгоно.

Тодруулбал, тухайн автомашины арлын дугаараар хөөж, түүхийг нь хардаг системтэй болно. Авто тээврийн төвийн autobox.mn хуудсанд хандаж, улсын дугаараар тухайн машины түүхийг хардаг байсан бол одоо арлын дугаараар хайж мэдээлэл авах боломжтой болно. Түүнчлэн арлын дугаараар тухайн автомашины Япон дахь түүхийг харуулах боломжийн талаар Японы Элчин сайдын яамтай уулзалт хийсэн.

Нөгөөтэйгүүр Монгол Улсын хилээр оруулж ирэхийг хориглосон бараа бүтээгдэхүүний жагсаалтыг Засгийн газар баталдаг. Энэхүү жагсаалтад осолд өртсөн, үерт автсан, цацрагийн бүсээс авчирсан автомашиныг багтааж, хилээр оруулахыг хоригломоор байна. Монгол Улс бол хогийн сав биш. Хэдий мөнгө хэрэгтэй ч үүнээс илүүтэй эх орноо хайрлах нь чухал.

Та төрийн үйлчилгээг иргэд үнэ төлбөргүй хүртэх ёстой гэсэн шүү дээ?

-Эрүүл мэндийн үйлчилгээ авах гэж байгаа иргэн яагаад нэгжгүйгээсээ болоод хохирох ёстой юм. Тухайн хүн нэгжгүй байсан ч төрийн байгууллагаас хүссэн үедээ мэдээлэл авах эрхтэй. Төрийн байгууллагын иргэдэд үйлчилгээ үзүүлдэг 32 тусгай дугаар бий.

Энэ бүх дугаарыг иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг болгох гэж байгаа юм. Төр бол тодорхой хэмжээний зардлыг хариуцах ёстой. Энд тийм ч өндөр зардлын тухай яриагүй. Хоёрдугаарт, төр ашиг хөөх ёсгүй. “Монголын цахилгаан холбоо” компани үүрэн телефоны оператор компаниудтай нийлж, ашиг олоод байна. Жишээлбэл, 1900-тай тусгай дугаар бол нэг минутад 450 төгрөгөөс дээш төлбөртэй байдаг.

Энэ төлбөрийг “Монголын цахилгаан холбоо” болон тухайн оператор компани, төрийн бас нэг байгууллага хувааж авдаг. Тиймээс энэ төлбөртэй дугааруудаа үнэ төлбөргүй болгох ёстой. Эрүүл мэндийн зөвлөгөө авахын тулд ч төлбөр төлдөг. Уг нь тухайн иргэн эрүүл мэндийн даатгалыг яах гэж төлдөг юм бэ. Үүнийг эрүүл мэндийн даатгалын системтэй холбох хэрэгтэй. Энэ бол төрийн хийж чадах, хэрэгжүүлэх ёстой энгийн зүйл юм. Энэ асуудлыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар маш сайн дэмжиж, Засгийн газрын хуралдаанд оруулахаар төлөвлөж байгаа.

-Иргэд ямар салбарын асуудлаар илүү хандаж байна вэ. Ломбардтай холбоотойгоор иргэд хэр их гомдол ирүүлдэг юм бол?

-Ер нь худалдааны салбартай холбоотой гомдол их ирдэг. Ломбардын хувьд бид саяхан хяналт шалгалт явуулсан. Тодруулбал, нийслэлийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй ломбардын 36.8 хувь нь зөвшөөрөлгүй байна. Дурын нэг хүн гаднаа “Ломбард” гэсэн хаяг хадчихаад өөрийнхөө хөрөнгөөр бусад хүний эд материалыг хууль бусаар авах ажил хийж байна. Уг нь Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авах учиртай.

Гэтэл банк бусын 800 сая, 2.5 тэрбум төгрөгөөр 30 ломбард байгуулж байна. Тэгчихээд нэг сая төгрөгийн үнэлгээтэй алтан бөгжийг 100 мянган төгрөгөөр авах боломжийг өөртөө бүрдүүлж байгаа юм. Үүний дараа хугацаа хэтэрсэн гэх шалтгаанаар тухайн бөгжийг 800 мянган төгрөгөөр худалдаалж, дундаас нь 700 мянган төгрөгийн ашиг олж байна. Энэ бол нэг талдаа мөнгө хүүлэлт хууль бус үйл ажиллагаа юм. Ломбардыг бид ерөөсөө хориглоогүй.

Яагаад гэвэл, ломбард болон банк бус бол тухайн иргэн өөрийн хөрөнгөөр явуулдаг бизнес. Жишээлбэл, би 2.5 тэрбум төгрөгтэй байвал бусдад зээл өгч, барьцаанд нь ямар нэг зүйл аваад эргүүлээд тухайн зүйлээсээ хуулиар заасан тодорхой хэмжээний ашиг олохыг хуулиар зөвшөөрсөн байдаг. Мөнгө хүүлэхийг бол зөвшөөрөөгүй. Гэр бүл голомтоор нь гудамжинд гаргаж хаях, айлын байр, байшин, машиныг хүч түрэн авахыг бид зөвшөөрөөгүй. Хуулийн дагуу л ажиллах шаардлагыг ломбардуудад тавьж байгаа. Түүнээс биш банк бус байгууллага болон ломбардыг хорьж цагдаад байгаа зүйл байхгүй.

-Нийтийн тээврийг иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс та бүхэн янз бүрийн санал дэвшүүлэн ажиллаж байна. Түүнийг ажил хэрэг болгох боломж бидэнд байгаа юу?

-Нэгдүгээрт, яагаад автобус явахгүй байна вэ гэдэг асуудал. Хоёрдугаарт, автобусны жолооч яагаад тийм бүрэн эрх дархтай байгаад байдаг юм. Автобусны жолооч болохын тулд 6-8 сая төгрөгийн хахууль өгч байна гэсэн мэдээлэл байна. Гэхдээ үнэн эсэхийг бид мэдэхгүй.

Авлигатай тэмцэх газар үүнийг шалгаж тогтоох ёстой. Яагаад автобусны жолооч авлига авч байна вэ гэхээр бэлэн мөнгөтэй холбогдож байна. Цахим картаар зорчихгүй жолоочид шууд бэлэн мөнгөө өгөөд явчихдаг иргэн олон байна. Орой нэг автобусны жолооч ажлаасаа буухдаа доод тал нь 80-120 мянган төгрөгийн ашигтай харьдаг. Ид ачааллын үеэр 500 мянган төгрөгийг халаасандаа хийж байна.

Уг нь энэ их мөнгө улсад орж, тухайн автобусны засвар үйлчилгээ, худалдан авалт зэрэгт зарцуулагдах учиртай. 2019 оны нийслэлийн ИТХ-аас баталсан 23/14 тогтоолоор нийтийн тээврийг цаг болон рэйсээр хянах болсон. Энэ тогтоолоор хоёулангаар нь хянаж болно гэж заасан байгаа.

Гэтэл Нийтийн тээврийн үйлчилгээний газар нь машин цагаар мөрдөхийг үүрэг болгож ажиллаад байгаа юм. Өнөөдөр нийслэлчүүд “Ю моней” картаар нийтийн тээвэрт үйлчлүүлж байна. “Улаанбаатар смарт карт” компанийн 24 хувийг Улаанбаатар хотын захиргаа эзэмшдэг. Үүнээс 55 хувийг Солонгос буюу Сөүл хотын захиргаа эзэмшдэг.

Бид “Улаанбаатар смарт карт” компани дээр хяналт шалгалт хийхэд машин цагаар хяналтад орохоор 93- 94 хувьтай тооцогддог. Харин рэйсээр тооцохоор 76 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Зарим газар 70 хувь ч хүрэхгүй байдаг. Тэгэхээр тэр автобус рэйсээ дутуу хийж байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, 10 тойрох ёстой байтал долоо тойрчихоод байна. Ийм учраас нийтийн тээвэрт автобусны хүрэлцээ дутаад байгаа юм. Шалтгаан нь ердөө л энэ. Хоёрдугаарт, цагаар хянаж байгаа систем яагаад 90 гаруй хувьтай гараад байна вэ гэвэл цагийн системийг тухайн автобусны мотортой холбосонд учир бий. Тухайн автобус асаалттай л байвал явж байна гэж тооцдог. Жолооч нар автобусны гадна, дотор талын камерыг хайчаар тасдаж, автобусаа унтраахгүй нэг газар зогсоод унтчихдаг. Ийм байдлаар иргэдэд үйлчилгээ үзүүлж болохгүй.

Үүний нэг хөшүүрэг нь цагийн 38900 төгрөг. Тухайн автобус хүссэн, хүсээгүй цагийн 38900 төгрөгийг авна. Нөхөн олговор буюу жилийн 113.2 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын төсвөөс авдаг. Ахмад настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөнгийг нийслэлээс олгож байгаа нь энэ. Өмнө нь тэр хүмүүст үйлчилж, мөнгө олохын тулд хүлээж байгаад авдаг байсан. Одоо автобус компанид шууд олгодог болчихсон.

Тухайн автобус хүссэн хүсээгүй мөнгө авч байгаа учраас рэйсээ дутуу явж, нийтийн тээврийн хүрэлцээ дутагдахад хүргэж байна. Нөгөөтэйгүүр авто замын түгжрэлээс болоод бид явж чадахгүй байна гэдэг. Нийтийн тээврийн цагт авч буй 38900 төгрөг бол мөнгө угаалт гэж бид үзэж байгаа юм. Энэ мэт шийдэх ёстой олон асуудал нийтийн тээврийн салбарт бий.

Үүнд нь төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшил ч оролцож байна. Бид нийтийн тээвэрт хяналтын системийн асуудлыг гаргаж тавина. Шаардлагатай гэж үзвэл Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллана. Яагаад хяналт тавих үүрэгтэй төрийн байгууллага нь нийтийн тээврийн компаниудын эрх мэдэл, ашиг сонирхлын дагуу үйл ажиллагаа явуулдаг болчихсон юм бэ гэдэг нь шийдэх ёстой асуудал.

-Таны төлөвлөсөн дараагийн чухал ажил юу байна вэ?

-Хилийн чинад дахь монголчуудынхаа эрх ашгийг хамгаална. Дээр дурдсанчлан Тайваньд Монголын цөөнгүй оюутан суралцаж байна. Анх маш гоё зүйл ярьж манайхаас оюутан авдаг. 100 хувь төлбөргүй, дотуур байр, ажлын байраар хангана. Хятад, англи хэлтэй, мэдээлэл технологийн өндөр мэдлэгтэй болно гэж ээж, аавд нь хэлж, хураамж авч гэрээ байгуулаад аваад явдаг.

Очсон эхний улирал үүнийгээ мөрддөг. Хоёрдугаар улирлаас нь тухайн суралцагч дотуур байрнаасаа хөөгдөнө, ажлын байраар хангагдахгүй. Үүнээс болоод тухайн суралцагч сурах нь битгий хэл хар ажил хийхээс өөр сонголтгүй болж байна. Энэ мэт гадаад оронд эрх нь зөрчигдөж буй олон тохиолдол байна. Тиймээс бид Монгол Улсын ШӨХТГ, Тайванийн Шударга худалдааны хороотой харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан хамтран ажиллаж эхэлсэн.

Их Британиас бидний саналыг нааштай хүлээж авсан олон улсын яг ийм байгууллага хоорондын хамтын харилцаанд гарч буй гомдлын асуудлыг шийдэх нэгдсэн цахим систем бий болж байгаа юм билээ. Энэ системд биднийг нэгтгэх санал тавьсан. Ийм систем хийх боломж бидэнд байхгүй болохоор нэгдэж ажиллахаа албан ёсоор мэдэгдээд байна.

ШИНЭ МЭДЭЭ