https 178
"ББ парк" хотхоны 2 га газрыг ЗДТГ эзэмшиж байна
2018.11.27
Орон нутгийн хөгжил

"ББ парк" хотхоны 2 га газрыг ЗДТГ эзэмшиж байна

Орхон аймгийн наадмын талбайн хажууд Солонгосын хөрөнгө оруулалттай "ББ парк" орон сууцны хотхон барьж байгаа билээ. Гараашийн давхартайгаа нийлээд таван давхар, зургаан блок, 288 айлын уг орон сууцны хотхон 24 орчим тэрбум төгрөг төсөвт өртөгтэй.

2016 - 2017 онд Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн Тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар БНСУ-ын 100% хувийн өмчит компанийн зүгээс санхүүжүүлж эхэлсэн байна.

Эрдэнэт хот болон Солонгосын Шихэн хотын найрамдалт харилцааны хүрээнд хийгдэж буй энэхүү бүтээн байгуулалтын ажилд зориулж Орхон аймгийн Засаг даргын 2017 оны дөрөвдүгээр сарын 6-ны захирамж гаргасан бөгөөд энэ дагуу Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын нэр дээр наадмын талбай орчмын 2 га газрыг орон сууцны зориулалттай барилга барих зөвшөөрөл гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, Солонгосын хөрөнгө оруулалттай энэхүү хотхоны газар эзэмшигч нь Орхон аймгийн ЗДТГ юм байна.

Наадмын талбай орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсантай холбоотой тус газарт хийгдэх бүтээн байгуулалтын хөрөнгийн асуудлыг аймаг орон нутгийн удирдлагууд болон Засгийн газрын төвшинд хөрөнгө оруулалт татах тал дээр ажиллаж байгаа аж.

"Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн" нь нийтдээ 259.4 га талбайтай. Үүнээс иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад 24.4 га газар, төрийн байгууллагын эзэмшилд 2 га газрыг олгож үлдсэн хэсэг нь нийтийн эзэмшилд байхаар төлөвлөжээ.

Нийт талбайн 12.4 га-д голын сав газрын хамгаалалтын бүс, 18.2 га-д олон нийтийн бүс, 2.4 га-д орон сууцны бүс, 1.3 га-д амралтын бүс, 3 га-д сургуулийн бүс, 72.4 га-д биеийн тамир, спортын бүс, 135.6 га-д ногоон байгууламжийн бүс, 13.6 га-д инженерийн шугам сүлжээний бүс байхаар боловсруулсан байна. Эдгээрийн бүтээн байгуулалтад 111.8 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоог мэргэжлийн байгууллагаас гаргасан байна.

ШИНЭ МЭДЭЭ