МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын 76 гишүүнийг нэг, нэг  санал шийдэж өгөхийг ШӨХТГ-аас уриалж байгаа
2021.03.16
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын 76 гишүүнийг нэг, нэг санал шийдэж өгөхийг ШӨХТГ-аас уриалж байгаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэтэй Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 -Дэлхийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр өнөөдөр /2021.03.15/ тохиож байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаална гэдэг нэлээд өргөн хүрээтэй нүсэр ажил байх даа?

-Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын байгууллагатай хамтарч өнөөдөр цахимаар форум зохион байгуулна. Үүнд НҮБ, Монгол Улсын Шадар сайд, 10 гаруй орон оролцно гэдгээ илэрхийлсэн. Энэ форумаар туршлага солилцно. Ялангуяа “Ковид-19” цар тахал, хатуу хөл хорионы үед хэрэглэгчийн эрх яаж зөрчигдөв, Монгол Улсын төр, засгаас ямар арга хэмжээ авав, хэрэглэгчийн эрхийг хэрхэн дээдлэж байна зэрэг асуудлаар хэлэлцэх юм. Өөрөөр хэлбэл, манайхаас гадна БНХАУ, БНСУ, ОХУ, Итали, Франц зэрэг улсууд  өөрсдийн туршлагаа хуваалцаж, одоо тулгамдаж буй асуудлаа ярилцна. НҮБ-ын өрсөлдөөн болон хэрэглэгчийн асуудал хариуц­сан салбарын албан тушаалтнууд бас оролцно. 

Цар тахлын улмаас дэлхийн улс орнууд  өнгөрсөн хугацаанд  хатуу хөл хорио тогтоож ирсэн. Энэ үеэр  цахим худалдаа маш их дэлгэрсэн. Тэгвэл  Монгол Улсад Цахим худалдааны тухай хууль алга. БНХАУ 2018 оноос Цахим худалдааны тухай хууль хэрэгжүүлж  эхэлсэн. АНУ, Сингапур зэрэг орон худалдааны нэгдсэн хуультай. Тэгэхээр бидний хувьд хоёр хөрш болон гуравдагч хөршүүдээс энэ талын туршлага судлах шаардлага тулгарч байгаа юм. Монгол Улс 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоосон. Энэ үед цахим худалдаанаас хэрэглэгчийн эрх зөрчигдсөн, хохирсон асуудал хамгийн их гарсан. Иймд Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар бид Цахим худалдааны тухай хуулийн төсөл боловсруулан ажиллаж байна. 

-Тэгэхээр Цахим худалдааны тухай хуулийг УИХ-д хэзээ өргөн барих вэ. Энэ худалдаанаас хохирсон өргөдөл, гомдол танайд хэчнээн ирсэн юм бэ?

-Санал гомдол нэлээд ирж байгаа. Цахим худалдаатай холбоотой хууль, эрх зүйн орчин дутмаг учраас хариуцлагын систем алга. Иймд хохирол барагдуулах, хэрэглэгчийн эрхийг зөрчихгүй байх талаар ямар арга хэмжээ авах нь тодорхой бус байгаа юм. Үүнийг цэгцлэхийн тулд  Цахим худалдааны тухай хуулийн төслийг яаралтай боловсруулж УИХ-ын намрын чуулганд амжуулж өргөн барихаар ажиллаж байна. 

-Хэрэглэгчид асуудал гарвал танайхыг “Аврагч” гэж хардаг. Харин асуудал тарьсан нөхдүүд “Хадны мангаа” гэж хардаг. Хэрэглэгчид танай байгууллагад ямар ямар асуудлаар хамгийн их гомдол гаргаж байна вэ? 

-Улирлын шинж чанартай гомдол ер нь давамгайлдаг. Өөрөөр хэлбэл улирал бүрт хамгийн их гомдол ирдэг асуудал олон бий. Жишээ нь есдүгээр сард дулаан, халуун устай холбоотой гомдол ихэвчлэн гарна. Тэгэхээр энэ байдлыг өөрчлөх, уг асуудлыг сууриар нь шийдвэрлэх, хэрэглэгчийн эрхийг ямар ч үед зөрчихгүй байх ёстой гэж харж байгаа. Ингээд ШӨХТГ  хэрэглэгчдэд нэн тэргүүнд тулгамдаж байгаа 76 асуудлыг олон нийтийн санал асуулгаар тодруулсан. Үүнийхээ нарийвчилсан судалгааг МУИС-тай хамтран хийж байна. Тухайлбал, тус сургуулийн магистрын түвшний оюутнууд нь сэдэв бүрт бодлогын судалгаа, хэлэлцүүлэг хийж байгаа юм. Бид болж өгвөл  энэ оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд хэрэглэгчдэд тулгамдаж буй 76 асуудлыг бүрэн шийдэх зорилт тавьсан.

-Тэгвэл эдгээр асуудлыг яаж богино хугацаанд шийдэх юм. Тэр 76-д ямар асуудлууд багтаж байна вэ?

-ШӨХТГ дангаараа  энэ олон асуудлыг өргөс авсан юм шиг богино хугацаанд шийдэж, нийгэмд бугшсан өвчнийг нь намдаана гэвэл хүч хүрэхгүй. Иймд Шадар сайд УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийх үед УИХ-ын 76 гишүүнд хандаж уриалга гаргана. УИХ-ын гишүүн бүр өөрт ойр нэг асуудлыг хүлээж аваад шийдэх боломж бий гэж харж байгаа. Учир нь төрийн эрх барьдаг,  хууль тогтоодог байгууллага нийгэмд тулгамдсан аливаа асуудлыг сууриар нь шийдэхэд гол үүрэг гүйцэтгэнэ шүү дээ. Тухайлбал, улсын хэмээнд 1500 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулж байна.

Үүний цаана хэрэглэгчийн эрхийг зөрчсөн гомдол, санал манай агентлагт тасралтгүй ирдэг. Ийм л байх ёстой юм шиг асуудал олон жил үргэлжилж байгааг бид бүгд мэднэ. Ингэж бугшсан асуудлыг хууль, эрх зүйн зохицуулалтаар шийдэх боломж, гарц нь УИХ, түүний гишүүдэд бий гэж харж байгаа юм. СӨХ-ны  мэдээллийг ил тод шилэн болгох, гомдол мэдээлэх системийг нэгдмэл байдалд оруулах асуудал бий. Нэн тэргүүнд шийдэх ёстой 76 асуудалд хэрэглээгүй хэрэглээний тухай орсон. Сүүлийн үеийн орон сууцны барилгад шугамын радионы суваг байдаггүй. Гэтэл оршин суугчид, хэрэглэгчдээс шугамын радионы төлбөр мөнгө авдаг. Хэрэглэгчид бид хэрэглээгүй зүйлдээ мөнгө төлөх ёсгүй гэсэн гомдол байнга гарч байгаа. Бас эрчим хүчний үндсэн төлбөр, суурь хураамж, сэргээгдэх  эрчим хүч тойрсон асуудлаар хэрэглэгчид гомдол гаргах явдал тасардаггүй.  Энэ мэтчилэн  хууль тогтоогчидтой хамтран ажиллаж байж шийдэх  асуудал олон байгаа учраас УИХ-ын гишүүдэд нэг нэг асуудал шийдэж өгөх уриалга гаргаж байгаа юм. 

-Та яриандаа олон улсын форум зохион байгуулж асуудлуудаа ярилцна гэсэн. Тэгвэл цахим худалдаа болон гадаадад ажиллаж амьдарч буй иргэд, хэрэглэгчдийн  эрхийг хамгаалах талаар  ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Үүнтэй холбоотой сэдвийг бид тусад нь авч үзээд ажиллаж байна. Хамгийн сүүлд энэ сарын 9-ний өдөр Их Британи буюу Англи улстай хил дамнасан худалдааны талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ санамж бичгийн нэгдүгээрт цахим худалдааны асуудал  орж байгаа. Хоёрдугаарт Англид манай улсын олон иргэн ажиллаж,  амьдардаг. Тэгэхээр Англид хэрэглэгчийн эрх нь зөрчигдсөн иргэдийн асуудлыг тус улсын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллага шийдвэрлэж өгнө гэсэн үг. Манай иргэдийн хэрэглэгчийн эрх Англид зөрчигдвөл  бидэнд буюу ШӨХТГ-т хандаж болно.  Бид Английн холбогдох байгууллагад хандаж асуудлыг нь шийдвэрлэх юм. Мөн Монгол Улсад суугаа Английн иргэдийн зөрчигдөж буй эрхийг манай ШӨХТГ хамгаална гэсэн үг.  

-Одоогоор хэчнээн улс оронтой ингэж хамтран ажиллах  харилцаа тогтоогоод байгаа вэ?

-ОХУ, БНХАУ, БНСУ, Казахстан улсын хэрэглэгчийн эрхийг  хамгаалах байгууллагтай хамтран ажиллах харилцаа тогтоосон. Бид олон улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр хамтран ажиллах харилцаа тогтоосон орныхоо  тоог нэмэгдүүлэх зорилготой байгаа. Гэхдээ улс орон бүртэй ийм харилцаа тогтооно гэсэн үг биш. Монгол Улсын иргэд оршин суудаг улсуудтай хамтран ажиллана. Үүнээс гадна цахим буюу хил дамнасан худалдаанд гардаг хүндрэл бэрхшээл нэлээд бий. Тухайлбал,   хэрэглэгч  цахим хуудсаар дамжуулаад бараа бүтээгдэхүүн авдаг. Гэтэл асуудал үүслээ гэж бодоё. Ингээд захиалга авсан тухайн цахим хуудаст хандахад тэр нь АНУ-д байрлалтай байх жишээтэй. Тэр цахим хуудсаар захиалсан бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт өөр улс, тивээс хийгдсэн байдаг. Ийм үед худалдаа хийгээд хохирсон иргэн хаашаа хэнд хандах нь тодорхойгүй болж мухарддаг. Жишээ нь хэрэглэгч  захиалсан бараа бүтээгдэхүүнийхээ  төлбөрийг  Монголоос хийчихсэн. Гэтэл захиалга авсан цахим хуудас нь АНУ-д байршилтай байдаг. Бараа бүтээгдэхүүн нь Энэтхэгээс ачигдсан, тээврийн компани нь БНСУ-ынх. Ийм тохиолдолд хэрэглэгчийн эрхийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал өнөөдөр тулгамдаж байна.  

-Манай улсад одоо мөрдөж байгаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль өнөө цаг үеийн шаардлагад нийцэж чадаж байна уу?

-Бид хэрэглэгч гэдэг томъёог сайн ойлгох хэрэгтэй. Өнөөдөр  бүх зүйлийг хэрэглэгч гэж ойлгох болсон. Жишээ нь Хармагтайн ордын төмрийн хүдрийн чанар шалгагчаар ШӨХТГ оролцох болж байна.  Тэгвэл ШӨХТГ үүнд оролцох үндэслэл юу вэ гэдгийг харъя. Тус ордоос олборлосон хүдрээр хийсэн бүтээгдэхүүнийг ашиглаж буй  барилга байшингийн асуудал эцэстээ хэрэглэгчийнх болж хувирдаг. Өөрөөр хэлбэл, аливаа түүхий эд бүтээгдэхүүн болоод эцсийн хэрэглэгчид очдог учраас эрхийг  нь шат бүрт нь хамгаалах асуудал хөндөгдөж байгаа юм. 

Ийм томъёолол өнөөдөр гарч ирсэн. Энэ үүднээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль чухал. Бид уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. Энэ хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сараас хойш цахимаар санал асуулга, хэлэлцүүлэг явуулж өнгөрсөн 12-нд дууслаа. Хэрэглэгчийн эрхэд  голлон анхаарах хэд хэдэн асуудал шинээр гарч ирсэн.  Тухайлбал, сүүлийн үед крипто валют, цахим худалдаа, хувьцаатай холбоотой асуудлууд бий.  Гэтэл  хэрэглэгчийн байр суурийг хэрхэн авч үзэх, эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн орчин  манайд дутмаг  байгаа юм. Жишээ нь жижиг хувьцаа эзэмшигчийн асуудал хэрэглэгчийнх  мөн үү,  биш үү гэдэг зүйл бий. Хэрэв мөн гэж үзвэл Хэрэглэгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөрөнгө, үнэт цаасны зах зээлтэй холбоотой  асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгана гэсэн үг. Ийм учраас бид 13 салбарын хүрээнд холбогдох байгууллагтай цахим хэлэлцүүлэг хийгээд байна.  

-Тэгэхээр таны сая жишээ татаж ярьсан асуудлууд Хэрэг­лэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орж байгаа гэж ойлголоо?

-Бид уг асуудлыг хуулийн төсөлд тусгахаар ажиллаж байна.  Сүүлийн үед  койнтой холбоотой асуудал нэлээд гарах болсон. Энэ нь нэг талдаа цахим орчинд өрнөж буй арилжаа. Нөгөө талдаа арилжаанд орж буй хүнийг хэрэглэгч гэж үзэх үү,  үгүй юу гэдэг нь  манай хууль тогтоомж, эрх зүйн хүрээнд тусгаагүй байгаа юм. Ийм учраас уг койн тойрсон асуудалд ШӨХТГ оролцож чадахгүй байна. Энэ талаар СЗХ, цагдаагийн байгууллагын  мэргэжилтнүүдтэй  уулзаж ярилцсан. Хууль эрх зүйн орчинд койн, крипто валюттай холбоотой асуудлыг зохицуулах нь хэцүү гэдгийг аль аль талаас  хэлж байгаа. Гэвч энэ талын хууль эрх зүйн орчинг  тодорхой болгох шаардлага бий. Тухайлбал, зарим улс орон крипто валют гаргах систем рүү орж эхэлсэн. Иймд дэлхийг хамраад байгаа зүйлийг бид зогсооно, хаана, хорино  гэх нь утгагүй. Мөн энэ нь зах зээлийнхээ зарчмаар явж буй зүйл. Тэгэхээр төрийн байгууллага оролцоод зөв,  бурууг нь ялгаж салгах хууль эрх зүйн орчиноо боловсронгуй болгох нь чухал юм.  

Үүнээс гадна манай улс өнөө­дөр 30 гаруй жилийн хугацаанд өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбарын асуудлаа шийдвэрлэж чадаагүй л байна. Энэ нь хууль эрх зүйн орчин нь тодорхой бус байгаатай холбоотой.  

-Тэгвэл танай байгууллагад койн, өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбартай гомдол маргаан нэлээд ирдэг байх нь ээ дээ?

-Манайх койнтой холбоотой асуудлыг шийдэхгүй байгаа. Ирсэн хэд хэдэн гомдлыг СЗХ-нд шилжүүлсэн. Өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбартай холбоотой асуудлаар хяналт, шалгалт хийж байна. Тэгэхдээ зөвхөн цэнхэр, ягаан тасалбар гэлгүй СЗХ-той хамтарч үнэт цаасны зах зээлд хяналт шалгалт  хийж эхэлсэн. 

-Энэ хяналт шалгалтын үр дүн хэзээ гарах вэ?

-Одоо нууцын зэрэглэлтэй зарим материалтай танилцах, судлах, үзэх шаардлага гарсан. Ингээд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дагуу тагнуулын байгууллагаас  зөвшөөрөл авах, СЗХ-той зөвшилцөх асуудлууд гараад байгаа. Хяналт шалгалтын ажил дуусахаар тодорхой мэдээллийг олон нийтэд хүргэнэ. 

-Монгол Улсад шударга өрсөлдөөн алга гэдэг асуудал яригддаг. Учир нь эдийн засаг, бизнесийг бүхий л салбрыг гарын хуруунд багтах хэдхэн том компани атгадаг. Монополь тогтсон учраас шинээр бизнес эрхлэх боломж алга гэдэг. Тэгэхээр Өрсөлдөөний тухай хууль амьдралд хэр нийцдэг юм бэ?

-Манай агентлаг өнөөдөр Өрсөлдөөний тухай  хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг  боловсруулаад явж байна. Нэмэлт, өөрчлөлтөөр есөн бүлэг 45 зүйлтэй болно. Одоо мөрдөж байгаа  хууль нь таван бүлэг 27 зүйлтэй. Тэгээд зөвхөн  өрсөлдөөнтэй холбоотой нийтлэг үндэслэлүүдийг  л тусгаж өгсөн байдаг. Ийм учраас хуулийн шинэчилсэн найруулгад    өрсөлдөөний болон монополийн зохицуулалт, өрсөлдөөнийг хязгаарласан хэлцлийг хориглох процессын талаар зүйл заалт оруулж байгаа. Бид өнөөдөр мэдээлэл технологийн эрин зуунд амьдарч байна. Үүнтэй холбоотой маш олон зүйл өөрчлөгдсөн. Ийм үед өрсөлдөөн, зах зээлээ хэрхэн тооцох вэ гэдэг асуудал бий. Тэгэхээр Өрсөлдөөний тухай хуулийн төслийг боловсруулахдаа  өнөөдөр болон ирээдүйд гарах үр дагварыг сайтар тооцоолж 15, 20 жилээр харж хийх ёстой юм. 

-Манай улсад бараа бүтээг­дэхүүний үнэ нэмэгдсэн ч эр­гээд буудаггүй асуудал бий. Үнэ нэмсэн шалтгаанаа олон улсын зах зээлээ дагаад ийм байдалд хүрсэн гэж тайлбарладаг. Гэтэл олон улсын зах зах зээлд үнэ буурсан байхад манайд нэмэгдсэн чигтээ тогтчихдог. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой юм бэ? 

-ШӨХТГ үнэ тогтоодог бай­гууллага биш. Үнийн хөө­рөг­дөл болон, бараа бүтээг­дэ­хүүний хомсдол гарвал хяналт шалгалт хийж тодорхой арга хэмжээ авдаг. Үгсэн хуйвалдсан процесс гарвал хэрэглэгчийн эрхэд халдсан гэж үзнэ. Гэтэл манайд шүдэнз, 00 цаасны үнэ нэмэгдлээ гэсэн гомдол нэлээд ирсэн. 

Энэ асуудлаар ШӨХТГ   хууль эрх зүй, чиг үүргийн хүрээнд орж ажиллах шаардлаггүй. Харин бид Засгийн газар, УОК-ын тогтоолоор хүнсний бараа бүтээгдэхүүний   үнэд хяналт тавин ажиллаж байна. Дээрх асуудлаар нэг жишээ татъя.  Шүдэнз үйлдвэрлэдэг, импортоор оруулж ирдэг 10 компани байлаа гэж бодъё. Тэд хоорондоо ярилцаад үнэ нэмсэн, тогтоосон  бол үгсэн хуйвалдсан гэж үзнэ. Ийм тохиолдолд манайх оролцож тодорхой хязгаарлалт хийдэг  л процесс юм. Өрсөлдөөний тухай хуулиар үнэ өссөн  гэхээс илүүтэй хэр зэрэг буулгаж байна вэ гэдэгт хяналт тавьдаг. Учир нь тухайн бараа бүтээгдэхүүний зардал өртөгт өөрчлөлт ороогүй байхад яагаад үнэ буурав гэдэгт анхаарна. Нэг ёсондоо тухайн бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс хэт доогуур үнээр худалдан борлуулах явдал гардаг. Энэ нь  монполи тогтоох зорилгоор  тухайн зах зээл дээрх өрсөлдөгч компаниудыг шахах үйл явц болж байна уу,  үгүй гэдэгт хяналт шалгалт тавьж байна гэсэн үг. ШӨХТГ ердөө л ийм чиг үүрэг хүлээсэн байгууллага. 

-Тэгвэл үгсэн хуйвалдсан асуудал манай улсад хэр зэрэг гарч байна вэ?

-Хатуу хөл хорио тогтоосон үед өндөг худалдан борлуулдаг компаниуд хоорондоо ярилцаж  үнэ тогтоох гээд тохиролгүй зах зээлийн зарчмаар явна гэсэн асуудал үүсгэсэн. Энэ үед өндөг худалдаж буй томоохон супер маркет, хайпермаркет, мини маркет хоорондоо ярилцаад үнэ тогтоосон асуудал гарсан. Энэ нь үгсэн хуйвалдаж байгаа процес юм. Иймд ШӨХТГ  тэдэнд  торгуулийн арга хэмжээ авсан. Мөн махны худалдаанд бас үүнтэй адил зөрчил гарсан. Тэгээд манай газрыг баахан торгууль тавилаа гэсэн хэл ам гарсан шүү дээ. Бусад худалдааны төв, салбартай харьцуулахад хатуу хөл хорионы үед хүнсний худалдаа эрхлэгчид ажиллаж байсан. Энэ нь давуу тал. Гэтэл үүнийгээ ашиглаж үнэ тогтоож болохгүй. Үгсэн хуйвалдах үйл явц гэдэг нь ердөө л үүнийг хэлээд байгаа юм.

-Таны  ярианаас дүгнэхэд хэрэгжүүлэх хуулиуд нь шинэчлэгдээд бас ШӨХТГ-ын хариуцах ажлын цар хүрээ тэлж байгаа юм байна.  Гэтэл танай байгууллагын ажилтнуудын ажлын ачаалал, боловсон хүчний асуудал ямар хэмжээнд байна вэ?

-Манай ажилтнуудын тоог 2008 онд 36 гэж тогтоож өгсөн байдаг. Сонгуулийн үед Сонгуулийн тухай хуулиар хяналт тавих чиг үүрэгтэй учраас гэрээт албан хаагчид авч ажиллуулдаг. Засгийн газар хэдхэн хоногийн өмнө аймгуудын Засаг дарга нартай үр дүнгийн гэрээгээ байгуулсан. Энэ гэрээд орон нутагт ШӨХТГ-ын нэг байцаагч ажиллах орон тоог оруулж өгсөн.  Иймд дөрөвдүгээр сарын 1 гэхэд аймаг бүрт  ШӨХТГ-ын нэг байцаагч ажиллаж эхэлнэ гэсэн үг. Мөн Улаанбаатар хотод нийслэлийн ШӨХТГ газар байгуулах талаар нийслэлийн Засаг дарга, НИТХ-ын даргатай ярилцсан. Манай байгууллага 13 жилийн өмнө гурван хуулийн хэрэгжилтэд  хяналт тавьдаг байсан. Тэгвэл өнөөдөр найман хуулийн хэрэгжилтэд нь хяналт тавих болсон. 

Эх сурвалж : "Монголын Мэдээ" Сонин

ШИНЭ МЭДЭЭ