https 178
О.Цогтгэрэл: Үндэсний үйлдвэрлэгч, дотоодын бизнесүүдийнхээ бүтээгдэхүүнийг төр төсвийн худалдан авалтаар дэмжих нь зөв
2021.09.07
Эдийн засаг, Худалдаа

О.Цогтгэрэл: Үндэсний үйлдвэрлэгч, дотоодын бизнесүүдийнхээ бүтээгдэхүүнийг төр төсвийн худалдан авалтаар дэмжих нь зөв

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо“-ноос зохион байгуулж буй “Баялаг бүтээгч-өглөөний цай” уулзалт 2 дахь удаагаа амжилттай боллоо.

Энэ удаагийн уулзалтад үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн 80 гаруй төлөөлөл оролцсон бол урилгаар УИХ ын гишүүн О.Цогтгэрэл, Х.Булгантуяа болон ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцсон юм. Тэд “Цар тахал ба эдийн засаг” сэдвийн хүрээнд санал солилцож гарц шийдлээ нэгтгэн ярилцлаа.

Цар тахлын энэ үед төр хувийн хэвшил уялдаа холбоотой хамтарч ажиллах нь хүнд цаг үеийг хамтдаа давах гарц гэж оролцогчид үзэж буй аж.

Монголын хамгийн олон үндэсний үйлдвэрлэгчдийг эгнээндээ нэгтгэсэн “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах зорилгоор баялаг бүтээгч өглөөний цай арга хэмжээг 14 хоног тутам нэг удаа тогтмол зохион байгуулна.

Ингэснээр үндэсний үйлдвэрлэгчдийн дуу хоолойг  төрд хүргэх гүүр болж төр үйл ажиллагаандаа үйлдвэрлэгчдийн санал бодлыг шингээх сайн жишиг тогтоно гэж баялаг бүтээгчид үзэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛ: Төрийн бодлого шийдвэр гэдэг чинь яг энэ салбарын, үйлдвэрлэгчдийн санаа бодол хамгийн чухал шүү дээ. Тэрнээс биш тэнд хэдэн ухаантай мэргэн, цэцэн хүмүүс сууж байгаад асуудлыг шийддэг нь асуудлыг улам томруулдаг. Тиймээс жинхэнэ баялаг бүтээгчдийн дуу хоолойг төрд ингэж хүргэх нь маш чухал.

Тэр тусмаа технологийн боломжийг ашиглаад тал талын төлөөллүүдийг оролцуулах хэрэгтэй. Тиймээс төр болон хувийн хэвшлийг холбох гүүр болсон “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны үүрэг оролцоо асар чухал байна гэж би харлаа.   

Үндэсний үйлдвэрлэгч, дотоодын бизнесүүдийнхээ бүтээгдэхүүнийг төр төсвийн худалдан авалтаар дэмжих нь зөв. Түүнээс гадна хөдөлмөрийн төрөлжилтийг дэмжих үүднээс үйлчилгээг худалдан авах боломжийг бүрдүүлэх цаг болсон.

Нягтлан бодох бүртгэл, цэвэрлэгээ, хамгаалалтын үйлчилгээг дотоодын бизнесүүдээсээ авах ёстой. Үр дүнд хөдөлмөр төрөлжиж, бизнесүүд томорч, тэнд ажиллагсдын дундаж цалин ч нэмэгдэнэ хэмээн өөрийн бодлыг илэрхийллээ. 

ШИНЭ МЭДЭЭ