https 178
Б.Бат-Эрдэнэ: Эмээлтийн мал нядалгааны Хятад эзэд монгол эмэгтэйчүүдээр дамжуулж бизнесээ явуулдаг
2021.11.16
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Бат-Эрдэнэ: Эмээлтийн мал нядалгааны Хятад эзэд монгол эмэгтэйчүүдээр дамжуулж бизнесээ явуулдаг

  ШӨТХГ-ын дарга Б.Бат-Эрдэнэтэй уулзаж зарим асуудлаар ярилцлаа.

 -Яриагаа цаг үеийн нөхцөл байдлаас эхэлье. Бараа бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өссөөр байна. Импортын бүтээгдэхүүний үнэ өсөхөөр манайхан дагаад барааныхаа үнийг өсгөдөг. Харамсалтай нь, буурвал манайхан өсгөсөн үнээ хадгалаад хоцордог. Үүнд танай зүгээс хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ?

-Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой судалгааг Статистикийн үндэс­ний хороо долоо хоног бүр хийж ирүүлдэг. Шаардлагатай тохиолдолд хяналт шалгалтаас гадуурх үзлэгийг манай байгууллагаас хийж байна. Өнөөдөр Монгол Улсад 798 орчим хууль, 2100 гаруй тогтоол, 2300 гаруй захиргааны хэм хэмжээний акт үйлчилдэг. Гэхдээ энэ  5000 гаруй эрхзүйн баримт бичигт үнэ тогтоох тухай нэг ч байдаггүй. 

Зөвхөн Өрсөлдөөний хуулиар Онц байдал тогтоосон тохиолдолд үнийн дээд хязгаарыг Засгийн газрын хуралдаанаар тогтоох эрхзүйн заалттай. Мөн монополь болон давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдэд үнийг Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлээр хянахаар зохицуулсан. Иргэд ихэвчлэн дотоодын бараа бүтээгдэхүүн яагаад өсөөд байгаа юм бэ гэдэг. Импортын бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөр ажил, үйлчилгээ эрхлэж байгаа иргэд дагаад үнээ нэмдэг. Дотоодын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт ч мөн адил. Тээвэрлэлтийн зардал нь нэмэгдэхээр өснө. Жишээ нь, энэ он гарснаас  хойш литр дизель түлшний үнэ 690 орчим төгрөгөөр нэмэгдлээ.   Эдийн засгийн суурь шалтгаанаа бас бодолцох хэрэгтэй.

-Шатахууны үнэ өсөхөд барааны үнэ нэмэгдэх нь мэдээж.  Гэтэл стратегийн хүнсний үнийг бодит бусаар нэмэх тохиолдол их байдаг. Энэ тохиолдолд хөөрөгдсөн гэдгийг судалж тогтоох аргачлал, авах арга хэмжээ гэж байдаг уу? 

-Яг үүнийг хянадаг, тооцож боддог байгууллага гэж байхгүй. Уг нь Гамшгийн тухай хуулиар гамш­гийн хяналтын улсын байцаагч гэж ажилладаг. Жишээлбэл, 2020 оны долдугаар сард Номин, И-Март дэлгүүрт манайхаас 22 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Гэвч шүүх дээр очоод унасан.  Учир нь, чиг үүргийн бус буюу Онцгой байдлын хяналтын улсын байцаагчийн торгууль биш ШӨХТГ-ын байцаагчийн торгууль учраас хууль бус гэж үзсэн. Ийм л хууль эрхзүйн тогтолцоо манайд байна. Монгол Улс анх удаа 2020 оны арваннэгдүгээр сард  бүх нийтийн бэлэн байдал зарласан. 2020 оны хоёрдугаар сарын 28-ны Засгийн газрын тогтоолоор хөл хорионы үед зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхийг хянах чиг үүргийг мэргэжлийн хяналт болон манай байгууллагад өгсөн. Энэ хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдэд шүүх шийд­вэр гаргаад явж байна. 

Жишээ нь, супермаркетууд үгсэн хуйвал­даж үнэ нэмсэн асуудалд шүүх ШӨХТГ-ын талд шийддэг. Харин томоохон зах худалдааны төвүү­дэд авсан арга хэмжээнд тухайн аж ахуйн нэгжийн талд шийдэж байна. Өөрөөр хэлбэл, үнэ хянах тогтолцоо манай улсад байхгүйтэй холбоотой л доо. Үнийг хянаж, тогтоох чиг үүрэг хуулиараа манай га­зарт байхгүй. Мэргэжлийн хяналт болон манай байцаагч нар ажил­лаад ч эрхзүйн орчин байхгүй. Үүнийг далимдуулж барааныхаа үнийг өсгөдөг аж ахуйн нэгжүүд бий.

-Хэрэглэгчид махны зах зээлийг хятадууд атгаж байна. Маш бохир нөхцөлд мал нядалгааны ажил хийж байгаа тухай мэдээллийг байнга өгдөг. Үнэхээр махны зах зээл хятад ченжүүдийн гарт орчихсон уу?

-ХХААХҮЯ-ны дэргэд Хөдөө аж ахуйн бирж гэж бий. Энэ бол биржийн хийх ажил. ХАА-н биржийг ажиллуулж хэрэглэгч, нийлүүлэгчийг шууд харилцах систем бүрдүүлчихсэн. Гэтэл тухайн байгууллага ажлаа хийгээгүйгээс үүдэж үүссэн асуудал юм.  Үүнийг бид шууд эрх ашгийн зөрчил буюу албан тушаалаа урвуулан ашигласан гэж харж байгаа. Биржийг ажиллуулахгүй байх нь хэнд ашигтай вэ. Тодорхой хэсэг бүлэг хүмүүст ашигтай. Төр нэгэнтээ энэ чиг үүргээ биелүүлж чадахгүй бол бизнесийнхэн зарчмаараа Бараа бүтээгдэхүүний бирж байгуулаад удахгүй ашиглалтад оруулах гэж байна. Энэ биржийг ашиглалтад оруулснаар дундын зуучлагч үгүй болно. Харин хятадуудтай холбоотой асуудлаар удаан хугацаанд манайхаас судалгаа хийж байна. Ялангуяа, Эмээлтийн бой дээр эмэгтэй хүн ажиллуулж байгаа, эмэгтэй захиралтай бойны газрууд хятад эзэнтэй гэж ойлгож болно. Тэд хөгжлийн бэрхшээлтэй эсвэл өрх толгойлсон, олон хүүхэдтэй гэх мэт эмэгтэйчүүдийг авч суусан нэрээр тэднээр дам­жуулж өөрсдийн бизнесээ хийдэг.

Ташрамд хэлэхэд, энэ долоо хоногоос махны үзэсгэлэн худалдааг ХХААХҮЯ, ШӨХТГ болон Мэргэжлийн хяналтын байгууллагууд хамтран зохион байгуулна. Махны хувьд дараагийн асуудал нь чанар, стандарт, эрүүл ахуй. Манай зүгээс Мал эмнэлгийн газарт нэг л зүйл хэлдэг. Хэдий болтол монголчууд хорт хавдар үүсгэгчтэй малын мах идэх вэ гэж.  Вакцины шинжилгээг дотооддоо хангалттай хийж байх шиг байна. Тэгвэл эд, эсийн шинжилгээ хийдэг болъё. Монголчууд хорт хавдраар жилдээ 6-7 мянгаараа өвдөж, нас барж байна. Энэ хавдарт мах хэрхэн нөлөөлж байгааг судлах цаг болсон. 

Тиймээс Улаанбаатар хотын ойролцоох 300 км радиус доторх бүх махны үйлдвэрийг судалж эхэлсэн. Дарханд гэхэд гурван том үйлдвэр бий. Төв аймагт байна. Малаа үйлдвэрийн аргаар төхөөрөөд тэд  Улаанбаатар руу зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх гээд хичээж байна. Энэ нь махны бизнес, нядалгаа, ченжүүдийн ард байгаа хүмүүсийн бизнесийг  хумина. Тэд хумигдахаа мэдэж байгаа учраас дээрх ажлыг саатуулах, хугацааг нь тулгах гэх мэт эс үйлдэхүйг хийж байгааг ч бид харж л байна. Тэр хүмүүсийг шууд АТГ-т шилжүүлж өгнө. АТГ маань эс үйлдэхүй дээр арга хэмжээ авдаг болоосой гэж бас хүсэж байна. 

Долдугаар сард хийгдсэн шалгалтаар нөхөр нь мэргэжлийн хяналтад Эмээлтийг хариуцсан байцаагч, эхнэр нь тэр хавийг хариуцсан мал эмнэлэгт ажилладаг гэр бүл байсан. Яагаад бойны газарт эрүүл ахуйн стандарт мөрдөгдөхгүй байна вэ гэвэл ерөөсөө л үүнээс үүдэлтэй. Албан тушаалаа урвуулан ашигласан гээд манайх АТГ-т шилжүүлсэн ч хэргийг хэрэгсэхгүй болгосон.

-Танай байгууллага ТҮЦ-тэй ноцолдлоо гэж их шүүмжлүүлсэн. Бас төрийн албан тушаалтнуудтай үзэлцэж байна. Эрхзүйн орчин нь бүрэлдээгүй байхад ийм ажил хийх нь хүндрэлтэй санагдлаа...?

-Томоохон ААН-үүдтэй, төрийн албан тушаал, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүстэй ч үзэж байна. Булан тойроход тоосгодуулах нөхцөл байдалд ажиллаж байгаа гэхэд хилсдэхгүй. Жижиг гэлтгүй тухайн зах зээл дээр өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа бүхий л талбарт хүрч ажиллана. Хүмүүс ТҮЦ-тэй ноцолдлоо, жижиг худалдаа эрхлэгчдийг дарамталлаа гэдэг. Тэгвэл хэлье. Улаанбаатар хотын 51 хувийг гэр хороолол эзэлдэг. Хүн амын бас 51 хувь нь энд амьдарч байна.

Хүүхдүүдийн 60  гаруй хувь нь тэнд байна. Нийслэлийн хэмжээнд шаардлага хангасан 3400 гаруй дэлгүүр ажилладаг. Гэтэл шаардлага хангахгүй хяналтаас гадна 10341 жижиг дэлгүүр, ТҮЦ гэр хороолол дунд бий. Гадаа +25 хэм халуун байхад ТҮЦ-ийн шилэн хоргонд байгаа хүнс +40 орчим хэмийн халуунд байдаг. Энэ бол жилдээ 0-19 насны 100 мянган хүүхэд хоол боловсруулах тогтолцооны өвчлөлд нэрвэгдэж байгаатай холбогдох асуудал. Яагаад бид ТҮЦ, жижиг дэлгүүр рүү ороод байна гэвэл жил бүр хавдар залуужиж, хүүхдүүд өвдөх болсон.  Ийм цэгт ажиллах нь бидний үүрэг.

-Шатахуун импортлогч компаниуд нийлж үнээ нэмэн Засгийн газрыг шахаанд оруулж, тохиролцдог үзэгдэл үнэхээр байдаг уу?

-Нэгдүгээрт, төрд ШӨХТГ-аас өөр хяналт тавьдаг газар байдаг гэдгийг хэлмээр байна. Тухайн байгууллагууд ажлаа хийхгүй байгаагаас сүүлийн үед манай газар бүх асуудлыг хариуцдаг юм шиг ойлголт бий болсон байна. Тухайлбал, таны ярьсан шатахууны хувьд Газрын тосны хуулиар шатахууны бүх хяналт АМГТГ-т байдаг. Манай байгууллагын зүгээс шатахуун үнэтэйгээ дүйцэхүйц чанартай байх ёстой гэсэн л шаардлага тавьдаг. Шатахууны үнэ тарифаас илүүтэй тухайн шатахууныг аваад авто машин эвдэрсэн  тухай хохиролтой холбоотой асуудлуудад манай байгууллага чиг үүргээрээ хяналт тавина.

Нөгөө талдаа хэрэглэгчдийг буюу иргэн, аж ахуй нэгжийг хохироохгүй байх нэг зүйл нь шатахуун үйлдвэрлэлд олгогдсон найман зөвшөөрөлд хяналт тавих. Тэгвэл тэр техникийн нөхцөл, шаардлагыг ААН-үүд тодорхойлж өгөх ёстой. Энэ тухай бид Уул уурхайн, хүнд үйлдвэрийн яам, АМГТГ-т албан ёсны шаардлага тавьсан. Гуравдугаар сард шалгалт явуулахад тухайн долоон газраас дөрвийнх нь үйлдвэрийг хайгаад олоогүй. АМГТГ-аас асуухад түрээсийн гэрээгээр байрлаж байсан гэх хариу өгдөг.

 Стандарт шаардлагын хувьд импортоор орж ирж байгаа шатахууны стандарт, дотоодод үйлдвэрлэж байгаа шатахууны стандарт өөр байх ёстой.  Ингэхээр хариуцлагын арга хэмжээ авч чадахгүй болдог. Шатахууны асуудлаас гадна хийн асуудал хөндөгддөг. Авто хий дээр бид хяналт шалгалт хийгээд арга хэмжээ авч байгаа ч 220 мг-ийн баллонд үйлдвэрлэдэг хийн асуудалд шаардлага чадахгүй байгаа. Учир нь энэ хэмжээ, савлагааны стандарт Монголд байхгүй. Ахуйн хэрэглээнд хийн дөл нь муу байна, маш хурдан дуусч байна гэх иргэдийн гомдол их ирдэг ч стандартгүй болохоор хариуцлагын арга хэмжээ авах боломжгүй.

-Бараа бүтээгдэхүүн  савлагаан дээрээ бичигдсэн хэмжээндээ хүрдэггүй асуудал их гардаг. Бүх  төрлийн бараа бүтээгдэхүүний савлагаанд стандарт байхгүй гэж үү?

-Бүх бараанд биш. Нэг кило­грамм гэж зарж байгаа гурилан бүтээгдэхүүн 900 грамм байвал Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн долдугаар зүйлээр 5-9 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авна. Харин гадаадын бараа бүтээгдэхүүн бол импортолсон аж ахуйн нэгжид арга хэмжээ авна. Хоёрдугаарт, тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэгч орны өрсөлдөөний байгууллага, хэрэглэгчийн байгууллага руу ханддаг. Тухайн улс өөрийнхөө газар нутагт үйлдвэрлэж байгаа бүртгэлтэй аж ахуйн нэгжид хуулийнхаа дагуу арга хэмжээ аваад мэдэгддэг. 

Жишээлбэл,  цагаан самарны шошго нь вьетнам хэлээр байсан. Хэрэглэгчийн зүгээс цагаан самрыг мэдэхгүй хүн байхгүй гэдэг ч Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.6 гэдэг заалтаар импортын бараа бүтээгдэхүүны шошго монгол эсвэл англи, орос хэлээр байх ёстой. Манайх импортлогч 33 аж ахуйн нэгжийн 200  гаруй бүтээгдэхүүн дээр энэ асуудлаар арга хэмжээ авлаа.  Хэрэглэгчээс бид хэлний мэдлэг шаардах ёсгүй.

-Бараа бүтээгдэхүүний шошгон дээр хүний эрүүл мэндийн эсрэг заалтуудыг бичих ёстой биз дээ?

-Хувиргасан амьд организм буюу генийн өөрчлөлттэй бараа бүтээгдэхүүнтэй холбоотой ажлыг бид ХХААХҮЯ-тай хамтарч хийж байгаа. Хил гаалиар оруулж ирж байгаа бүтээгдэхүүнийг шууд 100 хувь хориглоход хэцүү. 

Нөгөө талдаа тухайн бараа бүтээгдэхүүнээс илүүтэй үр нь ороод ирсэн байдаг. Ингэхээр яалт ч үгүй Монгол Улсын газар нутаг дээр тариалж байгаа бараа бүтээгдэхүүн буюу үндэсний бараа бүтээгдэхүүн болно. Уг нь үр нь генийн өөрчлөлттэй юм чинь бараа бүтээгдэхүүн нь генийн өөрчлөлттэй л болж байгаа юм. Үүнийг маш сайн бодох хэрэгтэй.-Ачилтын компанийнхан сүүлийн үед иргэдийг маш их бухимдуулж байгаа. Энэ журам, дүрмэнд  ШӨХТГ ямар байр суурьтай байна вэ?

-Хуулиар бол манай чиг үүрэгт хамаарагдахгүй. Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар маш сайхан юмнууд ярьж байна. Гэхдээ Д.Сумьяабазар даргад бид жилийн өмнө бичиг явуулсан. Зөвхөн Д.Сумьяабазар ч биш, төрийн маш олон байгууллагын дарга нар зөндөө гоё зүйл ярьдаг. Хэзээ ч хэрэгждэггүй. Гучин жил явлаа шүү дээ. Бид жилийн өмнө Д.Сумьяабазар даргад нийслэлийн эзэмшлийн 67 зогсоол байна. Үүнийг чөлөөлөөч. Энэ зогсоолууд бол төрийн үйлчилгээний байгууллагын ажилч­дад зориулж гаргасан зогсоол биш. Зориулалт нь ний­тийн эзэмшлийн буюу иргэдэд үйлчлэх зориулалттай гэсэн бичиг явуулсан. Шууд хэлэхэд гоё сайхан юм ярьж болно оо дарга нар аа. Одоо ажлаа хий.

Нөгөө талдаа ачилтын компаниар далимдуулаад иргэд рүүгээ дайрдаг. Мэдээж ухамсартай холбоотой асуудлууд бий. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ зогсоол гаргаж өгөөгүй байж нийслэлийн, төр захиргааны байгууллагуудаас төрөөс үйлчилгээ авах гэж ирж байгаа иргэдийхээ машиныг ачдагт жишээ нь би шүүмжлэлтэй ханддаг. Бусад үйлчилгээ, хувийн бизнесийн үйл ажиллагаатай  холбоотой асуудлыг тухайн аж ахуйн нэгж нь хариуцах биз. 

Олон улсад туршлага судална гээд гадагшаа төрийн мөнгө үрээд явдаг хүмүүс юу хийдэг юм бэ? Гадагшаа явчихаад яагаад ядаж ганц есөн давхар лифттэй граш хийхгүй байгаа юм бэ? Хэрвээ би байсан бол нийслэлээс сонгон шалгаруулалт юм уу зарлаад том аж ахуйн нэгжийг урьж авчраад хотын төвөөр байдаг таван давхруудын газрыг нь өгөөд та нар  энд лифттэй граш хийгээд төлбөр мөнгөө өөрсдөдөө ав гэх байсан. Автомашинтай иргэдээ зогсоолд орох боломжийг нь хангаж өгөөд энд машин тавихгүй, ачна гэдэг системээ явуул гэх хэрэгтэй. Бид иргэдэд энэ боломжийг олгохгүйгээр гэрийнх нь гадаа тавьчихсан машиныг ачиж байна шүү дээ.

Манай байгууллагаас харин сургууль цэцэрлэгийн орчимд 7:00 - 8:30-ын хооронд явган хүний зам дээр тавьсан машиныг ач гэдэг шүү. Том машин урагшаа явах, хойшоо ухрахад хязгаарлагдах орчин гэж байдаг учраас шууд хүүхэд эрсдэлд өртөх магадлалтай.

-Түрүүн таны ярианаас манай улсад хүнсний лаборатори бий билүү гэж эргэлзэхэд хүрлээ?

-Би хэрвээ Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд бай­сан бол Мал эмнэлгийн газарт ажил­лаж байгаа бүх хүнийг  АТГ-т өгнө. 

-Яагаад?

-Тэр хүмүүс огт ажлаа хийдэггүй. Өнөөдөр нэг систем гаргачихаад бид ийм болсон гээд гүйгээд байгаа. Үр дүн нь хаана байна? Нөгөө талаас өрсөлдөөний байгууллага чинь хэрэглэгчдийн буюу иргэдийн эрхийг хамгаалах, ААН-ийн эрхийг хамгаалах талд  зогсчихоор төрийн эсрэг болчихдог юм. Учир нь, хаана эрх зөрчигдөөд байна, хаана төрийн байгууллагууд юу ч хийхгүй байна гэдгийг бид хамгийн тод харж байна. 

Бид аж ахуйн нэгжийг буруутгамааргүй байна. Төрийг буруутгамаар байна. Мал эмнэлгийн ерөнхий газар ажлаа хийх ёстой. Лаборатори байгаа. Байгаа лабораторио дүйцүүлээд ажлаа хийх хэрэгтэй. Яагаад өнөөдрийг хүртэл Эмээлт гэдэг мал нядалгааны газарт гар аргаар үйл ажиллагаа явуулаад байгаа юм. Энэ бол Мал эмнэлгийнхний авлигатай холбоотой асуудал. Над руу дайрсан ч би үнэнийг л хэлнэ.

-Иргэн хүний гомдлыг ганц хүний гомдол жижиг сажиг гэх үзлээр Мэргэжлийн хяналтынхан хэлэлцэхгүй байх нь элбэг. Тэгвэл иргэн хүн гомдлоо хаана хандаж барагдуулах ёстой вэ?

-Нэг хүний эрх ашгийн төлөө яв гэж төрийн энэ байгууллагыг байгуулсан. Төрийн байгууллага бол үйлчилгээний байгууллага. Саяхан “Хүчит шонхор” захаас нэг хүн мах худалдаж автал битүү идээлсэн байсан. Энэ асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандсан ч шийдвэрлэж өгөөгүй. Тэгээд манайх руу хандсан. Бид “Хүчит шонхор” зах дээр хаана худалдаалсан, ямар автомашин байсан гэдгийг тогтоож арга хэмжээ авч, мөнгө төгрөгийг олгох ажлыг хийсэн. Тэгэхээр тухайн хүний хандаж байгаа төрийн байгууллага нь өөрсдөө ажлаа хиймээр байна. Тэгвэл иргэд уур уцааргүй, аз жаргалтай амьдрах гээд л байна.

ШИНЭ МЭДЭЭ