МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ШӨХТГ-т 2021 онд 256 тендерийн гомдол ирүүлжээ
2021.12.09
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

ШӨХТГ-т 2021 онд 256 тендерийн гомдол ирүүлжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-д санал авах тухай аж ахуй эрхлэгчидтэй хийх хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

ШӨХТГ–т 2021 онд 239 тендерийн гомдол ирүүлснээс тендерт оролцох сонирхолтой аж ахуй эрхлэгчийн өрсөлдөөнийг хязгаарласан 106 тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулж, зөрчлийг барагдуулсан байна.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль нь анх 2005 онд батлагдаж 2007-2021 онуудад нэмэлт, өөрчлөлтүүд орсон ба энэ удаад тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Сангийн яамнаас боловсруулж байна. Уг хуульд ШӨХТГ-т сүүлийн 2 жил гаруйн хугацаанд өргөдөл, гомдол гаргасан 50 гаруй аж ахуй нэгжийн төлөөллүүд оролцож, тэдний саналыг тусгахаар өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээс гарсан санал:

  1. ТБОНӨХБАҮХАтХ зөрчиж тендерийн баримт бичиг боловсруулсан үнэлгээний хорооны гишүүд, холбогдох албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлагын тогтолцоог бий болгох /тендерийн баталгааны дүнгээс хамааруулан торгууль оногдуулах, үнэлгээний хороонд ажиллах эрхийг хасах, захиалагч байгууллагын хар жагсаалтын тогтолцоог бүрдүүлэх/;
  2. ТБОНӨХБАҮХАтХ-ийн шинэчилсэн найруулгын төсөлд нээлттэй тендер шалгаруулалтад тендер хүлээн авах эцсийн хугацааг ажлын 15 хоног ба түүнээс дээш байхаар заасан нь аж ахуй эрхлэгчдэд тендер бэлтгэж ирүүлэх хангалттай хугацаа гэж үзэхээргүй байх тул одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ТБОНӨХБАҮХАтХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан “30 буюу түүнээс дээш” гэснийг хэвээр үлдээх;
  3. ТБОНӨХБАҮХАтХ-ийн шинэчилсэн найруулгын төслийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Хэлэлцээ хийж гэрээ шууд байгуулах тендер шалгаруулалтын зарлалыг энэ хуулийн 17.1-т заасны дагуу нийтлэхээс гадна энэ хуулийн 55.8-д зааснаар хангалттай тооны аж ахуй эрхлэгчид хэлэлцээ хийх урилга хүргүүлнэ” гэж заасан. Захиалагчид нь тухайн төрлийн бараа, бүтээгдэхүүний зах зээлд хэдэн аж ахуй эрхлэгч үйл ажиллагаа явуулдаг талаар хангалттай судалгаа, мэдээлэл, үндэслэл бүхий тоо баримт байхгүй учраас “хангалттай тооны” гэж заасныг үзэмжээрээ шийдэх, цөөн тооны аж ахуй эрхлэгчээр хязгаарлах боломжтой байх тул “хангалттай тооны” гэж заасныг нарийвчлан тодорхойлох эсвэл хуулийн төслөөс хасах;
  4. Захиалагч нь тендөр шалгаруулалтын баримт бичиг, техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа тодорхой нэг аж ахуй эрхлэгчид зориулан боловсруулах, зөвхөн нэг үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт хангах боломжтой байдлаар боловсруулах, “эсхүл түүнтэй дүйцэхүйц” гэсэн тодотгол хэрэглэхдээ бодит байдал дээр бусад аж ахуй эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн дүйцэх боломжгүй нөхцөлөөр боловсруулдаг. Иймд захиалагч нь тендер шалгаруулалтын баримт бичиг, техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа бодит судалгаанд үндэслэх талаар захиалагчийн үүрэг болгон хуулийн төсөлд нэмж тусгах, “эсхүл түүнтэй дүйцэхүйц” гэсэн тодотголыг хасах;
  5. ШӨХТГ-аас тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах талаар захиалагчид мэдэгдсэн тохиолдолд захиалагч нь зайлшгүй өөрчлөлт оруулж, өөрчлөлт оруулсан талаараа эргэн мэдэгдсэний үндсэн дээр тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулах талаар захиалагчийн үүрэг болгон хуулийн төсөлд нэмж тусгах;
  6. Захиалагч нь техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа тухайн бараа, ажил, үйлчилгээнд холбогдох мэргэжлийн хүнийг оролцуулдаггүйн улмаас техникийн тодорхойлолт нь өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлдэг. Иймд техникийн тодорхойлолтыг боловсруулахад мэргэжлийн хүнийг зайлшгүй оролцуулахаар хуулийн төсөлд нэмж тусгах;
  7. ТБОНӨХБАҮХАтХ-ийн шинэчилсэн найруулгын төслийн 36 дугаар зүйлийн 36.1.1-т “оюуны өмчийн эрхийг хамгаалах шаардлагаар бараа, ажил, үйлчилгээг зөвхөн оюуны өмчийн эрх эзэмшигчээс, эсхүл түүнээс лицензийн гэрээний дагуу ашиглах эрх авсан албан ёсны зөвхөн нэг этгээд гүйцэтгэх боломжтой бөгөөд тендер шалгаруулалтын бусад аргыг хэрэглэх боломжгүй” гэж зааснаар тухайн төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах эрхтэй бусад албан ёсны эрхтэй аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөнийг хязгаарлах, зөвхөн гадаадын нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгох нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд нэг эх үүсвэрээс худалдан авах тохиолдолд албан ёсны дистрибьютер гэдэг нөхцөлийг бус цор ганц үйлдвэрлэгчтэй бараа бүтээгдэхүүнийг нь харгалздаг байхаар зохицуулалтыг хуулийn төсөлд нэмж тусгах;
  8. Захиалагчаас тендерийн баримт бичгийг боловсруулахдаа үйлдвэрлэгч болон төрийн байгууллагуудаас захиалагчид хаягласан тодорхойлолт, лавлагааг тухай бүр шаардах зэргээр тухайн тендерт оролцоход хүндрэл үүсгэдэг тул илэрхий баримт бичиг шаардахгүй байх талаар зохицуулалтыг хуулийн төсөлд нэмж тусгах;
  9. ТБОНӨХБАҮХАтХ-ийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан Сангийн яамны дэргэд “Зөвлөл” байгуулагдах нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа гомдол, маргаан хянан шийдвэрлэх процессоос илүүтэйгээр хүнд суртал үүсгэхээр байгаа тул тендерийн баримт бичиг нь өрсөлдөөнийг хязгаарласан талаарх гомдлыг ШӨХТГ хянан шийдвэрлэх процессийг хэвээр авч үлдэх; гэх мэт санал хэлж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ