Алтангэрэл.П 2009.06.29

Дорнодын ураны ордод ЗХУ нууцын зэрэглэлтэй хайгуул хийсэн тул манайхан нөөцөө мэдэхгүй байгаа гэнэ

«УИХ-ын тухай» хуулийн долдугаар зүйлийн 7.1.13-ыг үндэслэн Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Д.Ганхуяг нар асуулга тавьсан билээ. Иймээс өнгөрсөн баасан гарагт УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Засгийн газар энэхүү асуулгад хариулсан юм.


Монголын ураны нөөцийн гурван том орд бол Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт оршдог Мардай, Гурванбулаг, Дорнодын орд юм.

Иймээс ч эдгээр ордуудыг үндэсний аюулгүй байдал, Монгол Улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний чухал орд хэмээн үзэж УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын зургааны өдрийн 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан билээ.

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж үндсэн нөөцийг нь тогтоосон энэ ордыг гадаадын компаниуд хамтран эзэмшдэг гэсэн мэдээлэл бий. Гэтэл энэ ордуудад Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай болон бусад холбогдох хууль, талуудын байгуулсан гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэх дээр Засгийн газар, холбогдох газруудаас тавьж байгаа хяналт, үйл ажиллагааны мэдээлэл тун хомс байдаг.

Харин Дорнод аймгийн Гурванбулагийн орд газрын хайгуулын лицензийг 100 хувь эзэмшдэг Канад Улсын «Вестерн проспектор» ХХК нь өөрийн эзэмшлийн хувьцааны 75 хувийг БНХАУ-ын цөмийн эрчим хүчний корпорацид худалдах хэлэлцээрийг энэ гуравдугаар сарын 24-нөөс эхлэн албан ёсоор хийж эхэлсэн тухай хэвлэлд мэдээлсэн нь ийнхүү хоёр гишүүнийг Ерөнхий сайд С.Баярт хандан долоон зүйлээр асуулга тавихад хүргэсэн ажээ.
Тухайлбал:
-Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-д Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн заалттай хэрхэн нийцэж байгаа. Улс орны стратегийн өндөр ач холбогдол бүхий, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн газар дахин хайгуулын лиценз олгогдсон нь хуулийн ямар заалтаар зохицуулагдаж байгаа

Монгол Улсын эдийн засаг, нийгэм, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний стратегийн түүхий эд болох ураныг бусад ашигт малтмалтай нэгэн адил Ашигт малтмалын хуулиар зохицуулж байгаа нь Үндсэн хууль, аюулгүй байдлын эрх ашигтай зөрчилдөхөд хүргэж байгааг анхааран үзэж, эрх зүйн ямар зохицуулалт хийж, ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар
-Монгол Улсын Засгийн газраас ураны ордуудыг ОХУ, Франц, Япон, Канад зэрэг улстай хамтарч ашиглахаар хийгдэж байгаа гэрээ хэлэлцээрийн явц, Монголын талын санал, цаашид ямар үе шаттай хэрэгжих гэж байгаа, үр ашгийн тооцоо судалгаа, ашиглалт эхлэх хугацаа, түүний үр дүн нь хэзээ гарах талаар
-Ураны тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх асуудал ямар шатанд байгаа
-Хамгийн ил тод, хяналттай байх ёстой ураны орд ялангуяа Дорнод аймгийн нутагт байгаа ураны орд газрууд, түүнтэй холбоотой гэрээ хэлэлцээр, хайгуулын өнөөгийн байдлын тухай мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох боломжтой эсэх талаар
-Монголынхоо компаниудын хүчээр ураны хайгуул, олборлолт хийх, бусад улстай хамтран газар нутаг дээрээ баяжуулалт хийх, цөмийн эрчим хүч ашиглан эрчим хүч экспортлох чиглэлээр ямар бодлого, зорилго баримталж байгаа, үүнийг ойрын үед хэрэгжүүлэх талаар бодитой ямар тооцоо, судалгаа хийж, ямар ажил эхлүүлээд байгаа зэрэг асуудалд хариулт хүссэн байна.
Харин гишүүдийн эл асуулгад Засгийн газар «Хууль эрхзүйн орчин бүрэн дүүрэн бүрдээгүй байгаагаас л ийм ойлгомжгүй байдал үүсээд байна» гэсэн утгатай хариултаар амыг нь таглалаа. УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор дээрх гурван ордыг стратегийн ордод хамруулсан байна. Харин тусгай зөвшөөрлүүдийг нь 1994, 1997 оны «Ашигт малтмалын тухай» хуулийн дагуу олгосон аж. Гэхдээ тухайн үед улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн болон стратегийн орд газрын талаар хуульчлагдаагүй байсан гэнэ. Харин Дорнод аймгийн энэхүү ураны ордуудад тухайн үед Оросын геологичид нууцын зэрэглэлтэй хайгуул хийсэн болохоор ЗХУ-ын нөөцийн комисст бүртгүүлсэн атлаа Монгол Улсад ямар ч бүртгэл хийгдээгүй байдаг юм байна. Иймээс Засгийн газар энэ оны хоёрдугаар сарын 45 дугаар тогтоолоор ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд дангаар болон бусад хуулийн этгээдтэй хамтран оролцох төрийн өмчийн «Мон-Атом» ХХК-ийг байгуулсан бөгөөд тус компани нь цаашдын хэрэгжилтийн үйл ажиллагаанд оролцох юм.

Монгол орны хэмжээнд ашигт малтмал түүний дотор ураны эрэл, хайгуул, ашиглалт явуулах харилцааг олон улсын жишиг түвшинд зохицуулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татан оруулах, ураны чиглэлээр хийх геологийн судалгаа, олборлолт, боловсруулалтын талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлж, улмаар зохицуулах зорилготой Засгийн газрын «Эрдэс баялаг» хөтөлбөрийн хүрээнд «Уран» дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн боловч санхүүжүүлэлтийн асуудлаас шалтгаалан зогсоод байгаа.
2006 онд шинэчлэн батлагдсан «Ашигт малт-малын тухай» хуулиар Монголын ураны баялгийг судлах, ашиглах эрх зүйн зохицуулалтыг тодотгон нарийвчилсан бөгөөд төрөөс стратегийн ач. холбогдол бүхий ашигт малтмалын орд газарт хамааруулах бодлого чиглэлийг баримтлан ажиллаж байна. Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.4-д ураны судалгаа, хайгуул, олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, баталгаажсан нөөцийг нэмэгдүүлэн, олборлолтод хөрөнгө оруулах сонирхол бүхий стратегийн хөрөнгө оруулагчтай хамтран Мардай зэрэг ураны ордуудыг ашиглаж эхэлнэ, 2.2.9-д Цөмийн эрчим хүчийг ашиглах нарийвчилсан судалгаа хийж, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан, Цацрагийн хяналт, аюулгүй байдлыг сайжруулна гэсэн зорилтыг тус тус тавьсан гэсэн хариулт өгсөн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.